2012/01/05

Жадамбын Нарантунгалагийн ярилцлага

2011.10.30-нд K-1, Sengoku холбоодын ахмад тамирчин Жадамбын Нарантунгалаг Хятад улсын тусгай захиргааны бүс Макаод болсон Legend FC 6 тэмцээний гол тулаанд, Австрали улсын тамирчин Адриан Пангийг шүүгчдийн шийдвэрээр буулган авч, Legend FC холбооны хөнгөн жингийн аварга болсон билээ. Нарантунгалагийн LegendFC.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.




Юуны өмнө ялалт байгуулсанд Тань баяр хүргэе! Legend-ийн хөнгөн жингийн шинэ аварга байх ямар байна?

— Маш их баярлалаа. Хэцүү тулаан болсон, ялалт байгуулж, аваргын бүсийг хүртэхэд гайхалтай сайхан байсан. Үүнд миний дасгалжуулагч болон багийн бусад гишүүд маань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Адриан Пангтай хийсэн тулааны тухай ярилцъя. Түүнээс юу хүлээж байв, Таны төлөвлөгөө ямар байв? Тулаан Таны бодож байснаар өрнөв үү?

— Юуны түрүүнд, Адриан Панг бол гайхалтай тулаанч, бас чанга өрсөлдөгч гэдгийг хэлье. Түүнийг юм юмандаа жигд сайн гэдгийг нь мэдэж байсан болохлоор цохих ба барилдах чадваруудаа түлхүү ашиглана гэж хүлээж байлаа. Миний хувьд гэвэл аль болох босоогоос тулалдаж, цохих техникээ голлон ашиглах явдал байсан. Намайг аль болох унагааж, өчих оролдого хийнэ гэж тооцоолоогүй, тийм болохоор бодож санаснаа бүрэн биелүүлж чадаагүй, гэхдээ ерөнхийдөө бол тулаан миний төсөөлж байснаар өрнөсөн.


Тэр тулаан Тэмцээний шилдэг тулаанаар шалгарсан, харин үзэгчид Ази тивд болж байсан шилдэг тулааны нэг гэж үнэлсэн юм билээ. Энэ тухай Таны бодол..?

— Хамгийн гол нь ялах чухал байсан, гэхдээ Тэмцээний шилдэг тулааны шагнал хүртсэндээ давхар баяртай байна. Адриан бид хоёр хэн хэн нь ялна гэж зориг шулуудсан байсан. Тиймэрхүү тулаанууд үргэлж үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж байдаг юм.

Зарим үзэгчид Панг Та хоёрын даага нэхэх тулааныг үзэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна лээ. Та түүнтэй дахин тулалдах тухайд ямар бодолтой байна вэ?

— Адриан бид хоёр нэгэнт тулалдсан хойно бие биенээ сайн мэддэг болсон. Тулааны тактик болон төлөвлөгөөг илүү сайн боловсруулж бэлтгэх бололцоотой ийм тулаан илүү их сонирхолтой болно гэж бодож байна. Эхний тулаан эн тэнцүү болсон, тиймээс даага нэхэх тулаанаас татгалзах зүйл алга.


Legend эгнээндээ хөнгөн жингийн хэд хэдэн сайн тамирчинтай. Таны бодлоор тэдгээрийн хэнд нь өөрийн Тань эзэмшиж байгаа аваргын цолыг горилох эрх олговол зохих вэ?

— Надад энэ тэр гэх юм алга аа, Legend-ийнхэн хэнийг сонгоно — түүнтэй л тулалдана.

Монгол улс цэрэг-дайны урт удаан түүхтэй орон, асар уудам газар нутагтай хэрнээ цөөн хүн амтай. Монголын холимог тулааны хөгжил ямар шатанд байна вэ? Монголын ММА-ыг улс орныхоо хэмжээнд болоод олон улсын тавцанд хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авах бодолтой явдаг вэ?

— Таны түмэн зөв, монголчууд цэрэг-дайны асар их өв уламжлалтай улс, гэвч энд холимог тулааны урлаг дөнгөж хөгжиж эхэлж байна. Бидний тулалдах зүрх зоригийг өөртөө шингээсэн Монгол үндэсний бөх — холимог тулааны урлагийг Монголд хөгжүүлэхэд бат тулга түшиц болно гэж боддог. Батгэрэл, Пүрэв нарын авъяаслаг залуу тамирчид маань улсынхаа нэрийг гаргах болно гэдэгт найдаж байна. Миний хувьд гэвэл холимог тулааныг сурталчилж, Монголын өсөх ирээдүйтэй тамирчдад үлгэр жишээ үзүүлж явах болно. Би Legend-ийн аваргын цолоо амжилттай хамгаалаад байвал Монголын ММА мөн хэмжээгээр өсөн дэвжинэ.


Таны эхнэр, хүүхдүүд тулаанч хүний амьдралыг хэр ойшоодог вэ?

— Эхнэр, хүүхдүүд маань надаар бахархдаг шүү. Эхнэр маань миний дээхэн үеийн К-1-ийн шүтэн бишрэгч байгаа юм. Гэр бүлийнхэн дэмждэг болохоор рингэнд би ялагдашгүй мэт санагддаг.

Удаан хугацааны бэлтгэл, улмаар Legend 6 тэмцээн дэх тун хэцүү тулааны дараа Та хэсэг зуур амарч байгаа байх. Амрах хугацаандаа юу хийж байна даа?

— Хүндхэн тулаан болсон шүү, Улаанбаатарт эргэж ирээд хэдэн долоо хоног амарсан. Саяхнаас хөнгөн бэлтгэл хийгээд эхэлчихсэн, одоо дараагийн өрсөлдөгчийн нэр тодрохыг хүлээж сууна. Би Legend-ийн үзэгчдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, Азийн шилдэг тамирчдын эсрэг тэдний өмнө дахин рингэнд гарахыг догдлон хүлээж байна!

4 comments:

  1. Ялалт Амжилт хүсэе.

    ReplyDelete
  2. Aguu tamirchin, Aguu bagsh tand ulam ih amjilt gargahig husey, Amidrald chin hamgin sain saikhnig husey. Uneher saikhan yariltslaga bn

    ReplyDelete
  3. Adrain Pangtai hiisen tulaanig uziildaa, oldku yumaa, odoo 3.30 bugdiin nudeed og

    ReplyDelete
  4. Видеохостингуудаар хайгаад олдохгүй байна, чи Torrent-оос тэмцээний бичлэгийг бүхлээр нь татаж авсан нь дээр байх аа.

    ReplyDelete