Strikeforce холбооноос халагдсан Алистар Оверимийн MMA Hour нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Юу болсон, Strikeforce-оос ямар шалтгаанаар халагдсан тухайд.
Болсон юм гэвэл намайг халчихсан, гэвч нэг жижиг түүх бий. Намайг халахаас өмнө, тэмцээн болох огнооны тухай ийм яриа болсон. надад Скотт (Кокер) биечлэн Strikeforce-ын гран при тэмцээний хоёрдугаар шат 10-р сард болно гэж хэлсэн. Гэтэл тэмцээн болохоос 1 сар гурав хүрэхгүй 7 хоногийн өмнө тэр хугацаа наашилсныг мэдэгдсэн. Showtime 9-р сарын 10-нд болгож наашлуулахыг хүүсэн юм билээ. Шалтгаан нь тодорхойгүй. Миний бодлоор бол 10-р сард UFC хэд хэдэн тэмцээн товлочихсон учраас, өрсөлдөөн гаргахгүйн тулд хугацааг наашлуулсан байх.
Миний хувьд гэвэл, би бэртэлтэй байгаа, Вердүмтэй учрахдаа гэмтсэн юм. Эмч нар маань бэлтгэл хийж болохгүй гэсэн. Би Golden Glory клубтаа мэдэгдэж, менежерээрээ дамжуулж 10-р сард оролцох товын талаар асуулгахад, 9-р сарын 10-нд болохоор наашлуулсан тул заавал тэр хугацаанд багтаж оролцохыг шаардсан. Би бэлтгэл хийж болохгүй учраас чадахгүй гэсэн, бэртлээ эдгээхэд хоёр орчим 7 хоног шаардлагатай байсан. Яг үүний дараа Strikeforce-ын зүгээс, заасан хугацаанд бэлэн байхгүй бол гран пригээс хасна гэж сүрдүүлсэн. Би 9-р сарын 10-нд оролцож амжихгүй ээ, та нар тэмцээнээ надгүйгээр үргэлжлүүл гэсэн. Тэр цагаас бидний харилцаа таагүй уур амьсгалтай болж эхэлсэн. Тэд тэмцээнд оролцохгүй бол Strikeforce-оос хална гэсэн. Тэгээд л халчихсан.
Тэгэхлээр нь 9-р сарын 10-нд үнэхээр оролцох боломжгүй байсныг батлан харуулах баримттай болж авахын тулд би эмнэлэг орж биеэ нарийвчилж үзүүлсэн. Миний хавирга одоо болтол хүндүүрлэж байгаа. Рентген зураг авахуулаад үзэхэд, хавирга хугарчихсан байсан. Хугарсан хавирга бороолоход зургаан 7 хоног шаардагддаг юм билээ, гэтэл миний хугарал их хүнд байсан болохоор хамаагүй илүү хугацаа шаардлагатай байгаа. 9-р сарын 10-ны тэмцээнд орох боломжгүйг баталсан эмчийн магадлагаа байгаа. Энэ бол зүгээр миний бодол биш, би үнэхээр бэлэн биш байсан. Миний бие сайнгүй байгаа. Үүнийг батлах албан ёсны баримт бичиг нь бий.
Хамгийн сонирхолтой нь тэд намайг сүрдүүлж байснаа, сүрдүүлгээ биелүүлж холбооноос хассан, гэвч тэд надаас гэмтэлтэй эсэхийг маань шалгах гэж эмнэлгийн ямар ч бичиг баримт нэхээгүй юм. Яагаад гэдгийг бүү мэд. Магадгүй намайг худлаа ярьж байна гэж бодсон байх. Мэдэхгүй.
Оверимийн хэлж байгаагаар, түүний энэ бэртэл нь гэнэт гараад ирсэн зүйл биш, 6-р сарын 18-нд Фабрисио Вердүмтэй тулалдахдаа ч бэртэлтэй байсан гэнэ.
Би Вердүмтэй тулалдахынхаа өмнө хөлийн хуруугаа маш эвгүй хугалсан. Одоо болтол өвчтэй байгаа. Тэр үедээ маш их зовиурлаж байсан, би спарринг ч хийж чадахгүй, гүйж ч чадахгүй, ямарч ч дасгал хийх бололцоогүй байсан. Маш хэцүү байсан юм шүү. Тэгээд усанд сэлэх мэтийн хөнгөн дасгал л хийсэн. Хавирга гэмтэх зэргийн жижиг бэртэл дээд зиндаад өрсөлддөг тамирчны хувьд байдаг л асуудал, гэвч хөлийн хуруу бол үнэхээр хэцүү, энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан мөн.
Гэвч би тулалдахыг хүссэн. Strikeforce-ын гран прид орохыг хүссэн. Орохын тулд надаас шалтгаалах бүхнийг хийсэн. Хуруугаа эдгээж, тулалдахад бэлэн болсон. Мэдээж би 100% эрүүл байгаагүй учраас тулаанд жаахан идэвх муутай оролцсон. Өшиглөж чадахгүй байсан юм. Хөлийн хуруу одоо болтол зовиуртай байгаа. Хамгийн гол нь Скотт Кокер надад тэмцээний дараагийн шат 10-р сард болно гэж ам гарсан юм. Тэр болтол бүх жижиг бэртлээ, хамгийн гол нь хурууны бэртлээ эдгээж амжина гэж бодож байлаа.
Оверим, өөрийнх араас Golden Glory клубынх нь тамирчдыг Zuffa мөн халсан тухай юу бодож байгаагаа бас ярилаа.
Би тэр тухай энэ өглөө мэдлээ. Юу гэхийг ч мэдэхгүй юм. Марлус (Кунен)-ыг халчихсан. Жон Олав (Эйнемо)-ыг халчихсан. Миний ах (Валентайн Оверим)-ыг халчихсан. Хачин юм. Дэндүү хачин. Би ойлгохгүй байна.
Оверим UFC-тэй гэрээ байгуулах хэлэлцээрт бэлэн, нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Сонс. Миний өмнө эрэмблэгдсэн хоёр л хүн бий, хоюулаа UFC-д байна. Мэдээж би UFC-д орохыг хүсч байна. Би шилдэгүүдтэй таарч тулалдмаар байна. Хэргийн учир надад байгаа юм биш, UFC намайг эгнээндээ оруулахыг хүсч байгаа юу үгүй юу гэдэгт л байна. Миний хувьд бол шилдгүүд хаа байна - би тэнд очихыг хүсдэг.
Алистар Оверим эмнэлэгт үзүүлж байгаа бичлэг бүхий The Reem цувралыг энд дарж үзнэ үү.

No comments:
Post a Comment