2011/08/05

Дана Уайт Фёдорыг Strikeforce-оос халсан гэсэн боловч Фёдорын төлөөлөгчид үүнийг няцаалаа

PRIDE FC холбооны хүнд жингийн хаан Фёдор Емельяненко Strikeforce-д хүлээсэн гурав дахь ялагдлынхаа дараа байгууллагаас хөөгдөх болсон тухай олны дам яриаг, UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт UFC 133 тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр баталлаа. Тэрээр: "Та бүгд түүнийг (Фёдорыг) байнга жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг нь гэх дуртай байсан, харин би санал зөрж, түүнийг бүү хэтрүүлж үнэл гэдэг байсан. Тийм шүү, түүнийг Strikeforce-оос халсан. Та нар юу гэж бодсон юм? Түүнийг үлдээх байсан юм уу?" гэлээ.


"Сүүлчийн Эзэн Хаан" 28 тулаанд дараалан ялж, гайхам амжилт гаргасныхаа дараа Strikeforce-д орж дөрвөн тулаан хийснээс, нэг ялж, дараалан гурав ялагдсан юм.

Гэвч энэ мэдээллийг Фёдор Емельяненкогийн төлөөлөгчид няцаалаа.

MMAJunkie.com сайтынхан Фёдорын хувь эзэмшдэг Оросын М-1 Global холбооны гүйцэтгэх захирал Евгений Когантай телефон утсаар холбогдож лавлахад, Коган: "Юу гэнэ ээ? (Дана Уайт) Фёдортой гэрээ цуцалсан гэнэ ээ? Сонирхолтой л юм, тийм байх ёсгүй. Учир нь Фёдор Strikeforce-той шууд бус, харин Showtime телевизтэй гэрээтэй юм" (Showtime ТВ нь Strikeforce-ын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг худалдаж авсан юм. - Орчуулагчийн тодр.) гэжээ.

No comments:

Post a Comment