Мэргэжлийн боксын долоон өөр жингийн аварга асан, WBO холбооны хагас дунд жингийн одоогийн аварга Филиппин улсын 32 настай боксчин Мэнни Пакиао, Филиппиний Inquirer сонинд өгсөн ярилцлагадаа, таван өөр жингийн аварга асан Америк улсын 34 настай боксчин Флойд Мэйвэдертэй дараа жил тулалдах бодолтой байгаагаа дуулгажээ.
Уг хоёр боксчны өмнөх хоёр хэлэлцээр, Мэйвэдерийн талаас Пакиаог сэргээшийн сорилыг олимпийн системээр хийлгэхийг шаардсанаас болж амжилтгүй болж байсан юм. Түнээс хойш Пакиаогийн баг эсрэг талынхаа болзлыг хэдэнтээ зөвшөөрөөд байгаа ч, Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын чансааны 1, 2-рт тус тус эрэмблэгддэг уг хоёр боксчны төлөөлөгчид одоог хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Пакиаогийн промоутер Боб Арумын мэдэгдсэнээр, Флойдын аав - эцэг Флойд Мэйвэдер дахин нэг болзол тулгасан гэнэ. Арум энэ тухайд: "Флойдын солиотой эцэг, Пакиаог Филиппинд бэлтгэл хийхгүй байхыг шаардсан" гэжээ.
Дашрамд сануулахад, эцэг Флойд Мэйведер нь Мэнни Пакиаог Филиппиний Зэвсэгт хүчний нууц технологиор бүтээсэн сэргээш хэрэглэдэг хэмээн зарлаж байсан ч тэрхүү мэдэгдлээ ямар нэг баримтаар батлаагүй юм.
Одоогийн байдлаар, Мэйвэдер ирэх 9-р сарын 17-нд WBC холбооны хагас дунд жингийн аварга Виктор Ортистой, харин Пакиао 11-р сарын 12-нд WBA, WBO, The Ring холбоодын хөнгөн жингийн аварга Хуан Мануэл Маркестай тус тус учирч тулалдахаар бэлтгэлээ хийж байгаа билээ.

No comments:
Post a Comment