2011/08/11

Витор Бэлфорт: Миний замд хөндөлдөж зогссон хэнийг ч дайраад гарна

Өнгөрөгч ням гаригт UFC 133 тэмцээний хоёр дахь гол тулаанд Ёшихиро Акиямаг тэмцээнийг 1-р үед нокаутаар ялсан Бразил улсын 34 настай Феном хочит Витор Бэлфортын TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Та аваргын цол горилох тулаандаа ялагдсныхаа дараа Ёшихиро Акияматай учирч тэмцээний 1-р үед нокаутаар ялж эргэн ирлээ. Өрсөлдөгчийгөө 1-р үед "дуусгадаг" 15 жилийн өмнөх Феном эргэж ирэв үү дээ?

Тэр үеийн Феномыг бодвол илүү ухаалаг, боловсронгуй Феном болсон. Цаг өнгөрөхийн хэрээр хүн ухаан сууж, боловсрохгүй бол цагийг дэмий үрэж байна гэсэн үг. Би бэлтгэлдээ зарим нэг өөрчлөлт оруулсан, дасгалжуулагч Алвиньо (Алваро Романо)-гийнхоо хамт маш үр өгөөжтэй дасгалуудыг боловсруулсан, хуучны арга барилаасаа зарим нэг юмыг авч, шинээр сурсан зүйлүүдтэй хослуулсны үр дүнд хуучин Феном эргэн ирлээ. Би өнгөрсөн бүхий л карьерынхаа турш одоо байгаа шигээ бэлтгэл ханаж байсангүй. 34 настай эрийн ухаан 19 настай хүүхдийн биед орчихсон юм шиг л байна (Витор Бэлфорт 1997 онд 19 насандаа UFC 12 тэмцээний аварга болж Феном гэдэг рингний нэр хүртсэн юм. Орчуулагчийн тодр.).

Өрсөлдөгчийгөө анхнаасаа түргэн "гүйцээж дуусгах" төлөвлөгөөтэй байв уу, эсхүл санаандгүй тийм юм болчихов уу?

Би тулааныг үргэлж ийм маягаар дуусгахыг хичээдэг. Анхнаасаа 1-р үед нокаутаар ялна гэж төлөвлөдөггүй л дээ, гэвч тулааны явцад өрсөлдөгч тамирчинг нам цохих бололцоог ямагт эрэлхийлж байдаг юм.

Акиямаг ялсныхаа дараа Та Андерсон Силва, Юушин Оками нарын ялсантай нь тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Андерсон Силвагаас ялагдал хүлээснээс хойш ганцхан тулаанд ялж дахиад цол горилох нь арай эртдэж байгаа бус уу?

Энэ бол ердөө л миний хүсэл. Тэд (UFC) юу гэж шийдэхийг би мэдэхгүй, ММА сонирхогчид аль тулааныг илүү их үзэхийг хүсч байгааг би мэдэхгүй, UFC-ийн удирдлага сүүлийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, хэнд нь цол горилох эрхийг өгч, хэнийг нь хүлээ гэхийг би мэдэхгүй... Би аваргын бүсний төлөө тулалдах хүсэл зоригоор дүүрэн байгаагаа л сайн мэдэж байна, тиймээс миний замд хөндөлдөж зогссон хэн бүхнийг дайраад гарах болно.

Та Rede TV-ээр UFC Rio тэмцээнийг тайлбарлана. Та UFC-ийн Бразилд зохиосон анхны тэмцээний гол тулаанд оролцож байсан бол энэ удаад тэмцээнийг торны гадна талаас үзнэ, гэсэн хэдий ч түүхэн энэ үйл явдал ойртохын хэрээр Таныг догдлуулж байгаа байх...

Тэгэлгүй яахав, маш их догдолж байна. UFC-ийн надад өгсөн энэ боломжид гүнээ талархаж байна, би Сан Паулод болсон анхны тэмцээнд оролцож байсан юм чинь Бразил дахь хоёр дахь энэ арга хэмжээний гадуур хоцорч болохгүй биз дээ?

Виторын, жиндээ оргил өөд өгсөх дараагийн тулаанаас бид юуг олж харах боло оо?

Миний "А" төлөвлөгөө биелэхийг харах болно. Аваргын цол горилох тэмцээнд минь ойртуулах дараагийн тулаандаа чаддаг бүхнээ хамгийн сайнаар хийж үзүүлнэ гэдгийг амлачихъя.

Манай уншигчдад хүссэн бүхнээ хэлэх боломжийг олгоё.

Twitter-т урмын үг хайрлаж байдагт нь, үргэлж намайг дэмжиж байдаг фэнүүдэдээ талархаж явдгаа хэлье. Миний www.vitorbelfort.com веб хуудаснаа ордог бүх хүнд, миний өнгөрсөн, одоо, ирээдүйг хуваалцаж байдаг хүмүүст баярлалаа! Хуучин Витор эргэн ирнэ ээ!



Витор Бэлфорт - Ёшихиро Акияма UFC 133 2011.08.08

No comments:

Post a Comment