2011/06/01

Боксын товч түүх (гуравдугаар хэсэг)

Хүнд жингийн домог Жо Лүис, дайны дараах үеийн боксын хямрал ба хожмын сэргэлт. Боксын нэгдсэн нэг байгууллага болох NBA хэрхэн задарсан, ХХ зууны нэгэн агуу тамирчин бий болсон тухай. Боксын ертөнц дэх энэ удаагийн аяллаараа ХХ зууны 20 - 70 оны үеийн түүхийг авч үзье.




Текс Рикардын ачаар бокс хөгжсөөр байлаа. 1927 онд боксын шударга тэмцээн зохион байгуулах зорилготойгоор NBA (National Boxing Association буюу Үндэсний Боксын Нэгдсэн Холбоо) байгуулагдав.

Бөмбөгдөгч Бор хочоороо алдаршсан, боол гаралтай Жо Лүис 30-аад оны үед боксын спортод өмнө нь хэн ч гаргаж байгаагүй тийм амжилтанд хүрээд байв. МакКэй овогт Брэтт ба Кэйт нар боксын түүхийн бүтээлдээ: "Бөмбөгдөгч Бор өөрийн тулаануудаараа бокс эгэл спортын төрлөөс хальсан соёлын үлэмж их ач холбогдолтой урлаг болохыг харуулсан" гэж бичжээ.

                                        Бөмбөгдөгч бор хочит Жо Лүис

Тэрээр эхний 27 тулаанд ялсныхаа дараа тухай үед арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бэлэг тэмдэг болоод байсан Макс Шмелингд ялагдав. Хоёр жилийн дараа Лүис даага нэхэж, Шмелингийг тэмцээний эхний үед нам цохьжээ. Тийнхүү Лүис Үндэсний биеийн тамирын баатар цолыг хүртсэн анхны афроамерик хүн болсноор, өмнө нь энэ цолоор зөвхөн цагаан арьст америкчуудыг шагнадаг байсан уламжлал алдагджээ. Цагийн байдал өөрчлөгдөөгүй бол Жек Жонсон хэзээ ч нэр алдрын ийм оргилд хүрч чадахгүй байсан болов уу, энэ нь цаг цагийн онцлогтой холбоотой, Лүисийн од гийсэн нь дайны өмнөх үед арьсны үзэл багассантай холбоотой юм.

                                  Жо Лүис - Макс Шмелинг 1938.06.22

Дэлхийн II дайны үед мэргэшсэн тамирчид үгүйлэгдэж бараг бүх спорт уналтад ороод байв. Эрийн цээнд хүрсэн олон эрчүүд, тэдний дунд Жо Лүис ч гэсэн дайнд яваад байсан тэр үед Америкт байсан боксчдоос Роки Грациано, Вилли Пепа, Галзуу Бух хочит Жейк ЛаМотту нарын итали гаралтай боксчдыг онцолж болох юм.

Дайн дуусч, 40-өөд оны хоёрдугаар хагасд Том Брокоугийн "Агуу үеийнхэн" гэж нэрлэсэн эрчүүд эх нутагтаа буцаж ирэв. Гэвч боксыг эргээд хамгийн эхний эгнээнд гаргаж чадах Текс Ричард шиг хүн олдсонгүй, боксд авъяаслаг тамирчид үгүйлэгдсэн хэвээр байв. Энэ бүхний хажуугаар, нийгэм удаан үргэлжилсэн дайны дараа боксыг хүлээн авах нь буураад байлаа. Тэр үед ихэнх америкчууд аливаа тулаанаас залхаад байсан юм.

50-иад оны дунд үед Рокки Марчиано мэтийн агуу италичууд Рэй Робинсон, Флойд Паттерсон нарын авъяаслаг хар арьст боксчдод замыг нь нээж өгснөөр боксын хөгжлийн шинэ давалгаа эхэллээ.

Бокс судлаач Трэйси Кэллис тэр үеийн боксчдын тухайд: "Боксчид тулаанд маш санаачлагатай байсан. Өрсөлдөгч нар бие бие рүүгээ гөлөрч зогсолгүй сайн гээчийн балбалцдаг байв. Одоогийн боксчид ч гэж бэйсболын цохигч бөмбөг шидээчийг ажиглаж харахтай л адил ширтэлцдэг болж дээ" гэж бичсэн нь бий.

Энэ нь тамирчид бэлтгэлийн цоо шинэ дасгал хийдэг болсонтой холбоотой байх л даа.

Кэллис: "Боксчид хөдөлгөөн их шаардсан бэлтгэлийн цоо шинэ дасгал хийдэг болсон: гүйх, мод хагалах, чулуу зөөх, тэр бүү хэл хүчний бэлтгэлийн үеэр бөх барилддаг болсон. Ингсэнээр тамирчид илүү их хөдөлгөөнтэй, тэсвэртэй болж, тулааны явцад идэвхтэй ажиллах чадвар сайжирсан" гэж бичсэн байдаг.

Үүнтэй зэрэгцээд бокс спортынхоо хувьд шинэ шатанд гарав. Мөн тэмцээн зохион байгуулагч гол холбоо болох NBA задарч, суурин дээр нь WBA (World Boxing Association буюу Дэлхийн Боксын Нэгдсэн Холбоо), WBC (World Boxing Council буюу Дэлхийн Боксын Зөвлөл) гэдэг хоёр байгууллага үүсч, тэр даруйдаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж эхэлжээ.

Америкт 60-аад оны эхэнд соёлын хувьсгалын эсрэг залуучуудын өрнүүлээд байсан хөдөлгөөний (хиппи) үед Лүисвилл хотын уугуул, эрвээхэй шиг дүүлэн нисч, зөгий шиг хатгадаг нэгэн залуу гарч ирснээр боксыг хийгээд спортын бусад бүх төрлийг нэг мөр өөрчилж орхисон юм.

1964 онд Касиус Клэй боксын түүхэн дэх шилдэг тамирчдын нэг - Санни Листоныг илт давамгайлан ялж, WBA, WBC холбоодын хүнд жингийн аварга болов. Тухайн үед олон хүн нүдэндээ үл итгэн, тэмцээнд хуйвалдаан орсон, Листон анхнаасаа унаж өгөх төлөвлөгөөтэй байсан гэж үзжээ. Гэсэн хэдий ч дэвжээн дээр оочоод унасан Листоныг дэргэд нь хараад зогсч байгаа Клэйн гэрэл зураг спортын түүхэн дэх шилдэг зургийн нэг болсон юм.

                                  Санни Листон - Касиус Клэй 1965.05.25

Аварга болсныхоо дараахан Клэй нэрээ Мухаммед Али болгон өөрчилж, цааш цаашдын бараг бүх тулаандаа эсрэг дүрийн баатар мэт сагсуурч, олны эгдүүцлийг хүргэдэг болов. Түүний биеэ зүй бусаар авч явах байдал нь хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх мэдэгдэл хийдгээр хязгаарлагддаггүй байлаа. Лалын шашинд орсон тэрээр, Вьетнамын дайны эсрэг байгаагаа илэрхийлж, цэргийн алба хаахаас татгалзав. Үүнд нь олон нийт дургүйцлээ илэрхийлж, зарим нэг нь заналхийлсэн захиа явуулж, тэр бүү хэл Алигийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байжээ.
Биеэ магтах дуртай Алиг олон нийт үзэн яддаг байсан ч Алигийн биеэ авч явах байдал өөрийг нь сурталчлах хамгийн том зар сурталчилгаа болсоор ирсэн юм. Түүний тэмцээнийг шүтэн бишрэгч, үзэн ядагчдын аль аль нь алгасалгүй үздэг байв. Айл болгон зурагттай болоод байсан тэр үед Али, спортын зах зээлийн жишиг үзүүлэлтүүдийг тогтоож, энэ нь хожим боксчин болгоны амжилттай карьерын салшгүй хэсэг болсон юм. 1971 онд "зууны тулаан" гэж өргөмжлөгдсөн тэмцээнд Али Мэдисон Сквер Гарден ордонд Жо Фрэзертэй учрахдаа анхны ялагдлаа хүлээлээ.

Үргэлжлэл бий...

Боксын товч түүх (нэгдүгээр хэсэг)
Боксын товч түүх (хоёрдугаар хэсэг)

No comments:

Post a Comment