2011/05/31

Боксын товч түүх (хоёрдугаар хэсэг)

Боксын ертөнц дэх аялал маань үргэлжилж байна. Энэ хэсэгт та бүхнийг Күйнсберри маркизын дүрэм, домогт Жон Л.Салливан, хар арьст аварга Жек Жонсон болон XX зууны 20-иод онд спортын ертөнцөд хувьсгал хийж боксыг олон түмэнд ойлгомжтой болоод сонирхолтой болгож өгсөн Жорж "Текс" Рикард нартай танилцуулах болно.




Бокс хүрээгээ тэлж байсан ч олны дунд хангалттай түгэн дэлгэрээгүй байлаа. Энэ байдал 1867 онд маркиз Күйнсберри нэмэлт дүрэм зохиосноор эргэлт буцалтгүй өөрчлөгдөв. Тэр үеийг хүртэл Английн бүх боксчид 1838 оны Броутоны дүрмээр тулалддаг байсан бол Күйнсберрийн дүрэм үйлчилж эхэлснээр, тулаан тодорхой тооны гурван минутын раундтай болж, өрсөлдөгчийнхөө нүдийг хатгах, биеэс нь зуурч ноцолдохыг хориглож, тулаанд заавал бээлий өмсдөг болжээ.

Бээлий өмсдөг болсноор боксчид цохье гэсэн газраа илүү хүчтэй цохьдог болов. Урьд нь бээлийгүй тулалддаг байхад тамирчид гараа хугалж гэмтээхээс болгоомжилж хамаг хүчээрээ цохихыг урьтал болгодоггүй байжээ. Үнээс гадна, боксчид цохилтоос бултах, хаах, хөл дээрээ ажиллах зэрэг техникийг түлхүү судалдаг болов. Энэ өөрчлөлтүүд бий болоод 20-иод жил өнгөрч, Жеймс Корбетт хэмээх нэгэн боксчин 1892 онд тухайн үедээ нударган зодооны домог болоод байсан Жон. Л.Салливаныг ялснаар, нүцгэн гарын тулаан зохиохыг бүрмөсөн больсон юм.

                                                   Жон Л.Салливан

Сонирхолтой нь гагцхүү Салливан нь нударган зодоон, бокс хоёрыг холбож өгсөн хүн юм. Америкт анх англи, ирландын цагаачид нударган зодоон зохион байгуулж эхэлснээр Америкд бокс хөгжих суурь тавигдсан гэж үздэг ч, зоригт эр Салливан энэхүү спортын жинхэнэ үндэсний хэмжээний баатар болж, сая сая хүний зүрхэнд бокс хэмээх галыг асаасан юм.

Орчин цагт холимог тулааны хорхойтнууд өөрийн спортыг хүлээн зөвшөөрүүлэх гэж тэмцэж байгаагийн адил бокс ч цагтаа олон хориг, бэрхшээлтэй тулгарч байв. XX зууны эхэн үед бокс хориотой хэвээр байсан тул, цагтаа Согтууруулах ундаа худалдахыг хориглох тухай хуулийн үед архины далд наймаа цэцэглэж байсны адилаар боксын тэмцээн хаа сайгүй нууцаар зохиогддог байв. Яг тэр цагт ид үедээ байсан боксчин Жек Жонсон боксыг эсэргүүцэгчдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэдэг байв.

Жонс тэр үеийнхээ хүнд жингийн шилдэг тамирчин байсан ч амьдрал нь хэцүүхэн байв. Жонс хар арьстан байсан болохоор түүнийг арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, тэр бүү хэл шорон оронд ч хилсээр оруулж байжээ.
1903 - 1915 онд Жонс олон тулаанд ялалт байгуулж байсан юм. Тулааныг нь үзсэн хүмүүс хоорондоо муудалцаж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхэд хүрч байсан бөгөөд үймээний үеэр хүний амь нас нэг бус удаа хохирч байжээ. 1910 онд хуучин аварга Жеймс Жеффризтэй хийсэн тулаан нь АНУ-ын Конгресс тэр тулааны бичлэгийг 30 жилийн хугацаатайгаар нууцлах шийдвэр гаргахад хүрч байв. Хэрэг явдал үүгээр дуусаагүй юм. Хожим нь Жоныг Мэнний Актыг зөрчсөн (эмэгтэй хүнийг муж улсын хилээр садар самууны зорилгоор гаргах) хэрэгт хилсээр шийтгэж хорих ял эдлүүлжээ.

                                                        Жек Жонсон

Жек Жонсоны үед ч мөн адил боксыг харгис хэрцгий гэсэн шүүмжлэл дагалдсаар байлаа. Боксын хүрээлэлд цэцэглээд байсан хуйвалдаан ба авлигалын улмаас хууль тогтоогчид боксын хөгжилд саад учруулсаар байв.

Боксыг хүлээн зөвшөөрүүлж, жинхэнэ спорт гэдэг утгаар нь хөгжүүлэх хүн өгүүлэгдэж байсан яг тэр цаг мөчид Текс хочит Жорж Рикард гэгч эр гарч иржээ.

Дэлхийн I дайн дуусч фронтоос эргэн ирсэн Текс боксыг спортын хууль ёсны төрөл болгох үйл хэрэгт биеэ зориулав. Рикард анхны тулаанаа 1906 онд Небраска мужийн Голфилд хотод зохион байгууллаа.

1920-иод он гэхэд тэрээр алдарт Мэдисон Сквер Гарден ордонд хамгийн дээд зиндааны тулаан зохион байгуулдаг болж, боксыг шинэ түвшинд гаргав. Тэрээр Колорадогоос гаралтай ядуу боксчин Жек Дэмпсийн төлөөлөгчөөр ажиллаж, 1921 - 1927 оны хооронд Дэмпсид таван тулаан зохион байгуулахдаа 5 гаруй сая долларын ашиг олсон юм. Улмаар, Рикардын 1921 онд зохион байгуулсан Дэмпси, Жорж Карпентье хоёрын тулааныг анх удаа радиогоор шууд дамжуулжээ. 1926 онд зохион байгуулсан Дэмпси, Жин Танни хоёрын тулаанд тасалбраас олсон орлого нь түүхэнд анх удаа 1 сая доллар давжээ. Рикард дараа жил нь уг хоёр тамирчны даага нэхэх тулаан зохиож, энэ амжилтаа давтаж чадсан юм.

                                                       Жорж Рикард

Бокс цэцэглэлтийн эрин үедээ ороод байв. "Өрсөлдөгчдөө аль болох оногдохгүйгээр өөрийг нь нам цохь" гэсэн маш энгийн дүрэмтэй энэхүү спорт нийгэм-эдийн засгийн бүх бэрхшээлийг давж, олон нийтэд хүртээлтэй спорт болоод байв.

Рикард, хүн бүр өөрийн давуу ба сул талаа зөв ашиглаж сурвал тулааны өөрийн гэсэн арга барилыг бий болгож чадна гэдгийг үргэлж хэлж, боксыг олон нийтийн спорт гэдэг утгаар нь хөгжүүлсэн юм. Тэрээр, хүүхэд залуучуудад Жек Дэмпси шиг боксчин болох хүсэл мөрөөдөл нь биелэх боломжтой гэдгийг ойлгуулж чадсан юм.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг энд дарж уншина уу.

No comments:

Post a Comment