2011/06/01

Андерсон Силва: Соннен бол азгүй амьтан

UFC холбооны дунд жингийн аварга Бразил улсын тамирчин 37 настай Аалз хочит Андерсон Силва бразилийн O Globo сонинд өгсөн ярилцлагадаа, ирэх 8-р сарын 27-нд өөртэй нь аваргын цолны төлөө тулалдах гэж байгаа Япон улсын тамирчин Юушин Окамиг бэлтгэл хангагчийнхаа нэгээр Чел Сонненыг сонгосоныг нь шүүмжилжээ.

                                                     Андерсон Силва



Уг ярилцлагыг португал хэлнээс орчуулж BlogMMANews блогд нийтлэгдсэн хэсгийг хүргэж байна.

Силва Соннены тухайд: "Бэлтгэл хангагчаар өөрийг чинь чин сэтгэлээсээ дасгалжуулах тийм хүнийг олж сонгох хэрэгтэй байдаг, тэр (Оками) буруу хүнээ сонгож. Би хэзээз ч азгүй хүнээс үлгэр жишээ авдаггүй. Азгүй гэж цоллох олон шалтгаан бий. Тэр (Соннен) тулаанд ялж чадаагүй, сэргээш хэрэглэж баригдсан, хууль зөрчиж шүүхээр орсон, одоо бүүр UFC-д тулалдах эрхээ хасуулчихаад байна. Аварга болмоор байгаа бол хүний сайныг нь олж нөхөрлөх хэрэгтэй.
Түүнээс гадна Соннен миний хувьд тийм ч хэцүү өрсөлдөгч байгаагүй. Тэр тулаанд миний хавирга цуурсан байсан ч би таван үе тулалдсан. Би бэртэлгүй байсан бол тэр тулаан өөрөөр өрнөх байсан юм" гэж хэлжээ.

Андерсон Силва аваргын цолоо хамгаалах тулаанд Чел Соннентой нодлин жилийн 8-р сард учирч таван үе тулалдаж 5-р үеийн 4 дэх минутанд хөл гурвалжилж боох мэхээр Сонненыг буулгаж авах хүртлээ өмнөх бүх үед оноогоор ялагдсан юм. Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг тулаанч маань UFC дэх карьертаа ялагдалд хэзээ ч тийм ойрхон байж үзээгүй юм.

UFC-д Андерсон Силватай илүүрхэн тулалдсан хүн Сонненоос өөр байгаагүй тул Дана Уайт даруй уг хоёр тамирчны дунд даага нэхэх тулаан товлосон ч удалгүй Чел Сонненны шинжилгээнд өгсөн шээсний сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрч, АНУ-ын нутаг дэвсгэрт нэг жилийн хугацаатайгаар аливаа спорт арга хэмжээнд тамирчны хувиар оролцох эрхээ хасуулсан юм.

Соннены бүтэлгүйтэл үүгээр дууссангүй, тэрээр их спортын хажуугаар үл хөдлөх хөрөнгийн худалдагч (риэлтор)-ийн ажил хийж байхдаа бохир мөнгө угаасан үйлдэл нь өнгөрөгч 1-р сарын эхээр илэрч, шүүхээс $10 000 торгуулж, хоёр жилийн тэнсэн авчээ.

                          Силва Сонненыг хөл гурвалжилж боож байгаа нь

No comments:

Post a Comment