UFC холбооны хагас хүнд жингийн аварга Яс хочит Жон Жонсын MMAFighting.com-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Жон Жонс
- Ярилцлагаа хамгийн чухал асуултаас эхэлье: гар чинь яаж байна?
- Гар эдгэж байгаа, гэвч бүрэн хэмжээний бэлтгэл хийх арай болоогүй. Гар эдгэж байгаа гэдэг л хамгийн чухал.
- Бэлтгэл дээрээ ямар дасгал хийж, ямарыг нь орхиж байгаа вэ?
- Бэлтгэлийн хувьд, хийж чадахгүй байгаа зүйл гэвэл: хэвтээ барилдаанд атгах үйлдэл хийх, мөн босоогоос барилдаж байгаад унахдаа алгаараа газар тулах юм бол маш их өвдөөд байгаа. Иймээс эдгээр зүйлийг би бэлтгэл дээрээ хийхгүй байгаа. Хийж болж байгаа зүйл гэвэл: гүйж байгаа, сүүдэртэй тулалдаж байгаа, мөн, тулааны видео бичлэг үзэж судлаж байна. Би өөрийгөө ирээдүйд учрах өрсөлдөгчтөйгээ хэрхэн тулалдах тухайд стратеги талаас нь нилээд төсөөлөн боддог, ер нь сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол их чухал зүйлийн нэг л дээ, иймэрхүү зүйлүүдийг л хийж байна даа.
- Та дараачийн өрсөлдөгчтэйгээ тулалдахад хэзээ бэлэн болох бол?
- Чухам хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй ээ.
- Энэ жилдээ багтаж тулаан хийх болов уу?
- Энэ жилдээ багтаад хийх бол сайн л байна, гэвч би үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан бүрэн ачаалалтай бэлтгэл хийхэд дахиад нэг сар хэрэгтэй гэдгийг л хэлэх байна, тиймээс энэ ондоо багтаад тулаан хийх бол сайхан л байна.
- Таны дараагийн өрсөлдөгч хэн байх бол оо?
- Би яаж мэдэхэв дээ. Дана Уайт юу гэж шийдэх нь үү, ер нь бол хэн ялж, хэн ялагдахыг харах хэрэгтэй, үүний хажуугаар бэртэл энэ тэр гээд зөндөө асуудал бий шүү дээ. Тийм болохоор би үүнд тодорхой хариулт өгч чадахгүй нь, миний хувьд бол бэлтгэлээ хийгээд хүлээх л үлдэж байна.
- Гараа эдгээхэд шаардлагатай байгаа хугацаа болон энэ оны сүүл хавьд хийж болзошгүй тулаан зэргийг тооцоолж үзвэл, Та The Ultimate Fighter реалити шоуны дасгалжуулагчаар ажиллах хэр боломжтой вэ?
- The Ultimate Fighter шоунд дасгалжуулагчаар оролцох гэдэг - миний зорилго, миний мөрөөдөл. Энэ хүсэл маань биелнэ гэж найдъя, гэвч хэзээ биелэхийг нь би мэдэхгүй.
- Хагас хүнд жингийн тухайд юу гэх вэ? Олны үзэж байгаагаар, UFC-ийн энэ жинд бусад жингээсээ илүү их авъяаслаг тулаанчид цуглаад байгаа, гэвч сүүлийн үед аваргын төлөө тулаан маш цөөн зохиогдож байна шүү дээ. Эхлээд Шогун (Маурисио) Руа Мачида хоёр хоёр удаа тулалдсан, дараа нь Шогун бараг жил тулаан хийлгүй байж-байж байгаад Тантай учирсан, одоо Танд бэртлээ эдгээхэд хугацаа шаардлагатай байна. Танай жингийн ангилалд цол хамгаалах тулаан цөөн болоод байгаа талаар юу гэж бодож байна?
- Манай жинд, аваргын төлөө тулаан байна уу, үгүй юу гэдгээс үл хамаараад маш олон сонирхолтой тулаан болдог. Манай байгууллагад байгаа Топ-10-д багтдаг тулаанч бүхэн аваргын цол горилох тулаан хийх бүрэн боломжтой.
- Танд ММА тулаанчийн хувьд бус, харин ММА хорхойтны хувьд үзэх юмсан гэж хүсэн хүлээдэг тулаан бий юу?
- Жүниор дос Сантос, Шэйн Карвин нарын тулааныг хамгийн ихээр хүлээж байна, яах аргагүй сайхан тулаан болно. Мөн, Рэмпэйж Жексон, Мэтт Хэммилл нарын тулаан хэрхэн өндөрлөхийг тааж хэлэхэд бэрх, тийм болохоор энэ тулааныг ч хүсэн хүлээж байна.
- Та Мэтт Хэмиллтэй хийсэн тулаанд хориотой цохилт хийсэн учраас, ялалтыг өрсөлдөгч тамирчинд өгсөн, Мэттийн өөрийнх нь хэлснээр, тэр тулаанд Та ялсан шүү дээ. Хэмиллтэй дахин нэг учирч, маргаангүй ялалт байгуулах хүсэл байна уу? Мөн, Хэмилл Жексоныг дийлвэл, түүнд өөртэй чинь тулалдах эрх олговол ямар вэ?
- Рэмпэйжийг ялах нь аваргын цол горилох эрх олж авахад хангалтгүй гэж бодож байна. Хэмиллтэй дахин учрааад байх сонирхол алга. Сайхан тулаан болсон, гэхдээ одоо түүх болоод үллээ. Би шинэ өрсөлдөгч, шинэ тулааныг эрэлхийлж байна.
- Таны нэрийг Spike's Guys' Choice Awards-д "Дэлхийн хамгийн дийлдэшгүй тулаанч" (The Baddest Man On The Planet) шагналын номинацид нэр дэвшүүлээд байгаа. Энэ номинацид Мэнни Пакиао Та хоёр өрсөлдөж байгаа. Та өөрийгөө Дэлхийн хамгийн дийлдэшгүй тулаанч гэж үздэг үү?
- Үгүй. Намайг зодож чадах залуучууд бий. Чи өөрийгөө хамгийн үлэмж том нь гэвэл, чамаас том нөхөр гараад л ирнэ, яг үүний адилаар, хэрэв чи өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодоод эхэлвэл, даруй чамаас илүү хүн гараад ирнэ. Тиймээс би өөрийгөө Дэлхийн хамгийн дийлдэшгүй тулаанч гэж бодохгүй байна. Харин Пакиао бид хоёрын тухайд гэвэл, эргэлзээгүй би дийлнэ. Учир нь би хамаагүй том биетэй, түүнээс гадна би холимог арга барилтай бол Пакиао зөвхөн бокс л мэднэ. Ерөнхийдөө бол миний нэрийг энэ номинацид дэвшүүлсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, эцсийн дүнд намайг сонговол сайхан л байна.
- ММА тулаанчдын дунд Та өөрийгөө ямар байрт тавих вэ? Та өрийгөө жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг тулаанч гэж үздэг үү?
- Арай ч үгүй ээ. Би өөрийгөө ямар ч байсан Жорж Сэнт-Пьерр, Андерсон Силва нарын дараа оруулна. Би олон сайн тулаан хийсэн, гэвч надад өөрийгөө тулаанч хүний хувьд төгөлдөржүүлэх, дадал чадвараа сайжруулах олон зүйл бий. Шогун агуу аварга байсан, гэвч түүний арга барилд олон цоорхой байсан. Би онцгой гойд чадвартай бөх болон боксчдыг үргэлжлүүлээд дийлээд байж чадна гэдгээ харуулах ёстой, тулааны урлаг тус бүрээр биеэ хөгжүүлж, төгс тулаанч гэдгээ харуулах хэрэгтэй. Тийм учраас би жингийн ангиллаас үл хамаарах шилдэг нь биш ээ. Гэхдээ би бол шилдгүүдийн нэг, түүнчлэн, энэ спортыг хайрлаж хүндэлдэг, тулаанч байна гэдгийг, торонд орно гэж юу байдгийг мэддэг тийм тулаанчдын нэг яах аргагүй мөн гэж боддог шүү.
- Тантай тулалдаж байгаагүй тулаанчдаас хэн нь Тантай илүү сайн тулалдах бол?
- Хэн нэгнийг онцолж цохох нь хэцүү л юм.
- Шогунтай хийсэн тулаан дуусмагц, Жо Роган (UFC-ийн тайлбарлагч - орчуулагчийн тодр.): "Энэ залуу бидний UFC-д харсан хамгийн авъяслаг залуу байж ч болох юм!" гэж хэлсэн. Та өөрийгөө тэгэж бодож байна уу?
- Гайхалтай шүү. Би чадалынхаа хэрээр төгс тулаанч байхыг хичээж ирсэн, тэгээд эцэст нь үлгэр дууриал боллоо. Намайг холимог тулаанаас гадна хүмүүс мэддэг болсон, энэ бүхэн үнэхээр гайхалтай. Нөр их хөдөлмөр болоод хийж байгаа ажил, агуу болох гэсэн хүсэл тэмүүлэлдээ үнэнч байвал ийм л үр дүн гардаг юм байна.
Жон Жонсын тулааны эгзэгтэй агшны түүвэр



No comments:
Post a Comment