2011/05/23

Мурило Руа зодог тайллаа

UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Шогун хочит Маурисио Руагийн төрсөн ах Elite XC холбооны дунд жингийн аварга асан Бразил улсын тамирчин 31 настай Нинжа хочит Мурило Руа өчигдөр Англи улсын Лондон хотод болсон BAMMA 6: Watson Vs Rua тэмцээнд BAMMA холбооны дунд жингийн аваргын цолны төлөө Англи улсын тамирчин 28 настай Том Ватсонтой учирч, тэмцээний гуравдугаар үед нокаутаар ялагдлаа. Тэмцээний бичлэгийг үзэж сонирхоно уу.

                                          Мурило, Маурисио Руа нар





Мурило Руа ялагдал хүлээснийхээ дараахан зодог тайлах шийдвэр гаргасан юм. Тэрээр Twitter дэх бичил блогдоо: "Өрсөлдөгч тамирчин Том Ватсонд баяр хүргэе! Тэр илүү сайн байсан учраас ялсан. Өнөөдөр би зодог тайлж байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Мэргэжлийн спорт миний амьдралын гайхалтай, эгэл бус хэсэг нь байлаа, харин одоо цаашаа явах цаг нь боллоо. Би ММА-д олж авсан туршлага болон хийж бүтээсэн бүхнээрээ бахархаж байна. Би холимог тулааныг бүрмөсөн орхихгүй, энэхүү хайртай спортынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, семинар, мастер класс үзүүлж, тамирчдыг дасгалжуулах болно. Бусдад туслаж, гэр бүлдээ цаг заваа зориулах үе ирлээ. Намайг дэмжиж ирсэн бүх шүтэн бишрэгчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна" гэж бичжээ.

Мурило Руа нийт 33 тулалдаж, 20 ялж, 12 ялагдаж, 1 тэнцсэн хувийн амжилттайгаар мэргэжлийн ММА тамирчны карьераа өндөрлөлөө.

Баяртай Мурило, дасгалжуулагчийн ажилд Тань өндөр амжилт хүсье!

No comments:

Post a Comment