Өнөөдөр Канад улсын Монреал хотод болсон мэргэжлийн боксын гол тулаанд АНУ-ын тамирчин 46 настай Бернард Хопкинс Канад улсын тамирчин 28 настай Жан Паскалийг шүүгчдийн нэгдсэн санал (115-113, 116-112, 115-114)-аар ялж WBC, The Ring холбоодын хагас хүнд жингийн аварга боллоо. Ингэснээрээ, Хопкинс нь боксын түүхэнд үндсэн холбоодын нэгнийх нь аварга болж чадсан хамгийн ахмад настай боксчин болжээ. Ийнхүү "аварга болсон ахмад насны дээд амжилт"-ыг шинээр тогтоох хүртэл, домогт Жорж Формэн 1994 онд 45 настай байхдаа 26 настай Майкл Мүрерийг нокаутанд оруулж ялснаар, хамгийн ахмад насандаа гол холбоодын нэгнийх нь аварга болсон боксчин гэж тооцогддог байсан юм.
Жан Паскаль, Бернард Хопкинс
Дашрамд дуулгахад, Бернард Хопкинс WBC, The Ring холбоодын аваргын цолыг горилж Жан Паскальтай өнгөрөгч оны 12-р сард 12 үе тулалдсан боловч, хажуугийн шүүгчдийн олонхийн саналаар тэнцсэн гэсэн шийдвэр гаргасан тул аваргын цол Паскальд үлдэж, тулааныг шинээр зохион байгуулахаар болсон юм.
Жич: Мэргэжлийн боксын үндсэн холбоод гэдэг нь мэргэжлийн боксын дүрмээр тэмцээн зохион байгуулдаг дараах таван байгууллага юм:
1. WBA (World Boxing Association буюу Дэлхийн Боксын Холбоо)
2. WBO (World Boxing Organization буюу Дэлхийн Боксын Байгууллага)
3. IBF (International Boxing Federation буюу Олон Улсын Боксын Холбоо)
4. WBC (World Boxing Council буюу Дэлхийн Боксын Зөвлөл)
5. EBU (European Boxing Union буюу Европын Боксын Холбоо)
Эдгээр холбоодоос EBU буюу Европын Боксын Холбоо нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиодоггүй юм. Эхний дөрвөн дугаарт жагсаасан холбоодын аваргын цолыг нэгтгэж чадсан боксчин Дэлхийн үнэмлэхүй аварга хэмээн тооцогддог юм (Жишээ нь: Константин Дзю).














No comments:
Post a Comment