Холимог тулааны спортын домог Фёдор Емельяненко Spotbox.ru сайтын хэвлэлийн видео бага хурал дээр, өнгөрөгч бямба гаригт болсон ОХУ-ын боксчин Денис Лебедев болон дөрвөн жингийн аварга асан АНУ-ын боксчин Рой Жонс нарын тулааны талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Фёдор Емельяненко
Тэрээр "Жонс-Лебедев" тулааны тухайд ямар бодолтой байгааг нь сонирхсон сурвалжлагч нарын асуултад: "Үнэнийг хэлэхэд, тулааныг үзээд таагүй сэтгэгдэл төрсөн, учиргүй баярлах шалтгаан байгаагүй. Рингэнд өрнөсөн тулаанаас болсон юм биш л дээ, харин тэмцээнийг хэрхэн зарлаж, сурталчилсан нь онцгүй санагдсан. Жонс, бидний мэдэх өмнөх Жонс биш болсон нь илт байсан, тийм болохоор сэтгэл гонсгор үлдсэн. Олон хэвлэлийн бага хурал болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, хоёр гүрний тэмцэлдээн, орос хүч, орос омогшил гээд л дэндүү их юм яригдсан. Эх оронч үзлийн тухай яриа ихдэхээр худлаа хийрхэж байгаагийн шинж шүү дээ. Денис ялсан нь сайн хэрэг, би түүнийг дэмжсэн, гэхдээ баяр хөөр гэхээр юм байгаагүй. Хэрэв Жонс манайд 10 жилийн өмнө ирсэн бол өөр хэрэг, их гүрний өрсөлдөөн, орос омогшлын тухай ярьж болох, гэвч Жонс рингэнд хөдлөхгүй, бултаж займчихгүй, ямар ч хурдгүй байсан ш дээ. тэгвэл, Пелег 70-аад оны шигшээ багтай нь урьж авчираад хожчихъё л доо, тэгээд улс даяараа баярлаж хөөрье. Энэ бол дэмий хэрэг шүү дээ, Рой карьераа өндөрлөж байгаа хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Денис түүнийг дийлсэн нь сайн хэрэг, гэхдээ угаасаа унтарч явсан ч гэлээ, од уналаа гээд улс даяараа баярлах нь буруу" гэж хариулжээ.
"Жонс-Лебедев" тулааныг энд дарж үзээрэй.
Дашрамд дурьдахад, Nakanune.ru сайтын мэдээлснээр, Фёдор Емельяненко дараагийнхаа тулааны тухайд: "Тэгэлгүй яахав, та бүхэн намайг торонд орохыг дахин харах болно. Миний дараагийн тулаан 7-р сарын 30-нд АНУ-ад болно. Өрсөлдөгч маань - америкийн Дэн Хэндерсон" гэжээ.
Емельяненко, Хэндерсон
Фёдор Емельяненко, Дэн Хэндерсон нар нь хоорондоо тулалдахыг хэдийнээ зөвшөөрөөд байгаа юм, харин тулааныг эцэслэн батлах нь эдгээр тамирчдын менежерүүд гэрээний нөхцлийн талаарх хэлэлцээрээ дуусгаж, талууд гарын үсэг зурахаас шалтгаалаад байгаа юм.


Яг үнэн. 100 хувь санал нийлж байна. Рой залуу яг 32 насандаа Денистэй (Денис бас 32-той байсан бол) үзсэн бол үнэндээ Денисээр тоглох байсан доо.
ReplyDelete