Саяхан UFC холбооны хоёр жингийн аварга асан, Алдрын танхмийн гишүүн АНУ-ын тамирчин 47 настай Рэнди Күтүр Бразилийн тамирчин Лиото Мачидатай энэ сарын 30-нд хийх тулааны дараа зодог тайлна гэдгээ мэдэгдсэн билээ. Рэнди өмнө нь 2006 онд албан ёсоор зодог тайлж байсан ч, төд удалгүй их спортод эргэн ирж аварга болж байсан удаатай, тийм болохоор энэ удаагийн мэдэгдэлд нь олон хүн итгэж өгөхгүй байгаа юм. UFC 129 тэмцээнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Рэнди Күтүртэй телефон утсаар холбогдоод, зодог тайлах тухай асуухад тэрээр дараах хариултыг өгсөн байна.
Би ааль дээрээс хойш зодог тайлах бодолтой байсан. Саяхан нэг хүн энэ асуудлыг гаргаж ирэхээр нь үнэнгээ хэлчихсэн. Сүүлийн үед олон юм бодогдсон доо, гэхдээ би UFC-ийн энэ тэмцээн намайг үдэх арга хэмжээ битгий болж хувираасай гэсэндээ нууцлахыг бодсон юм. Энэ тэмцээнд миний гүйцэтгэх үүрэг бол энэ нүсэр арга хэмжээний дэргэд өчүүхэн зүйл. Гэвч тэр яахав ээ, гол нь Торонтод болох түм бужигнасан уг тэмцээний нэгээхэн хэсэг нь болно гэдэг - миний хувьд нэр төрийн хэрэг юм.
UFC-ийн удирдлагууд надад өөр өрсөлдөгч санал болгоход нь би татгалзсан. Би Лиотог сүүлийн хэдэн жил ажиглаж байна, надад түүний тулааны арга барил нь их таалагддаг. Тэрээр үнэхээр төгс тулалддаг. Тулааны чухам иймэрхүү л хэв маягтай тамирчид миний анхаарал сонирхлыг татдаг. Бэлтгэл сайхан болсон. Би шинэ зүйлд суралцлаа. Түүний арга барил ихээхэн төвөгтэй болохоор, нарийвчлан задлаж, өөрт нь төвөг бэрхшээл учруулахаар тийм сөрөг тактик боловсруулах нь маш сонирхолтой байлаа. Бид боловсруулсан асуултууддаа зөв хариулт олж авсан гэдэгт найдаж байна, гэхдээ чухам тийм эсэх нь 4-р сарын 30-нд л тодорхой болно доо.
Зодог тайлах шийдвэр гаргахад хамгийн хэцүү нь миний бие эрүүл саруул гэдэгт байсан. Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр гаргахад миний биеийн байдал огт хамаагүй. Бие маань үнэхээр залуу хүнийхээс дутахгүй сайн байгаа, хамгийн дээд зиндаад цаашид ч өрсөлдөх бололцоо байна.
Нөгөөтэйгүүр би чадавхи, бололцооныхоо эцэст нь тулж ирчихээд байгааг ойлгож байгаа. Тэр заагийг давбал эрүүл мэндийн асуудлууд гарч ирэх нь дамжиггүй, тэр нь цаашлаад бэлтгэл болон тулааны чанарт сөргөөр нөлөөлнө, би ч үүнийг хүсэхгүй байна. Тиймээс зодог тайлах бол миний өөрийн шийдвэр. Би бэртэл авч, цаашид тулалдах боломжгүй болтлоо удмааргүй байна. Би буянаа эдлэж, тулаанаас гадуур зөндөө олон юм хийе. Би эрүүл саруул чигээрээ буянаа эдлэхийн тулд зодог тайлах асуудлыг хэт их сунжруулахгүй ээ.
No comments:
Post a Comment