2011/04/25

Андерсон Силва: Жоржс Сэнт-Пьерртэй хэзээ нэгэн цагт супер тулаан хийх нь гарцаагүй

Жэйк Шилдс, Юушин Оками нар санал нийлэхгүй байх, ямартай ч UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силвагийн үзэж байгаагаар, тэрээр ирээдүйд UFC-ийн хагас дунд жингийн хаан Жоржс Сэнт-Пьерртэй супер тулаанд учрах нь зайлшгүй ажээ.

                                   Андерсон Силва, Жоржс Сэнт-Пьерр



Андерсон Силва HDNet сувгаар гардаг Fighting Words with Mike Straka нэвтрүүлэгт зочилж хөтлөгч Майк Страйктай ярилцаж энэ тулааны тухай бодлоо хуваалцжээ.

"Жоржс Сэнт-Пьерр бол шилдэг тамирчдын нэг, - хэмээн Силва орчуулагчаараа дамжуулав. - Харин би шилдэг тамирчидтай тулалдах гэж өдөр болгон бэлтгэл хийдэг. Бид хоёрын хооронд болох энэ тэмцэлдээн бол супер тулаан, энэ тулаан хэзээ нэгэн цагт заавал болох ёстой."

Энэ тулааныг холимог тулааны хорхойтнууд сүүлийн хэдэн жил хүсэн мөрөөдөж байгаа билээ. Харин жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг тулаанчид болох Силва, Сэнт-Пьерр нар нь өөр өөрсдийн жинд хэдэн жил дараалан давамгайлж байгаа юм. Анхандаа, UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ тулааныг зохион байгуулах хүсэлгүй байсан авч, үзэгчдийн дунд энэ тулааныг хүсэмжлэх эрэлхийлэл ихсэхийн хэрээр бодол нь өөрчлөгджээ.

Одоо бол Уайт энэ тулааны тухайд "мөрөөдлийн тулаан" гэдэг болоод байгаа юм. Гэвч юуны түрүүнд Жоржс Сэнт-Пьерр энэ сарын сүүлд болох UFC 129 тэмцээнд өөрийн учраа Джэйк Шилдсийг дийлэх шаардлагатай байгаа, харин дараа нь дунд жинд өгсөж орохын тулд булчингийн эзлэхүүнийг нэмэх хэрэгтэй болох юм.

Мэдээж Силва ч өөрийн учраагаа давах ёстой. Саяхан зарласнаар, тэрээр 7-р сард болох UFC 134 тэмцээний гол тулаанд, өөрийг нь хамгийн сүүлд ялж байсан хүнтэй буюу Юушин Окамитай тулах болоод байгаа юм.

2006 онд болсон Rumble on the Rock тэмцээнд Силва хориотой цохилт хийсэн гэсэн үндэслэлээр ялалтыг Окамид өгсөн байдаг. Харин Силвагийн үзэж байгаагаар, Оками тухайн үед тулааныг үргэлжлүүлэх боломжтой байсан хэрнээ биеийн амарыг бодож татгалзсан ажээ.

                                  Андерсон Силва - Юушин Оками 2006 он

Тийм боловч Силва өс санадаггүй гэнэ. Тэрээр боссынхоо амыг дагуулахын оронд, тулааныхаа тухайд, энэ бол ердийн л нэг л ажил хэрэг гэжээ.

"Надад үнэхээр Юушин Окамигаас өс хонзон салгах бодол алга, - хэмээв Силва. - Өмнө нь бид тулалдсан, тэр ялагдсан. Тэр нокаутанд орсон. Тэр бол болоод өнгөрсөн зүйл, одоо урагш харъя. Би шилдэгүүдтэй тулалдах гэж л энд байна, түүнд аваргын цол горилох эрх өгсөн бол, тэр эрхийг хөдөлмөрөөрөө олж авсан гэсэн үг, бид тулалдах болно."

                Андерсон Силва Витор Бэлфортыг өшиглөж байгаа нь 2011.02.05

Хоёр тулаанч маань өөрсдийн учраа болох Шилдс, Оками нарыг давбал "Силва - Сэнт-Пьерр" тулааныг зохион байгуулахад бас нэг жижиг асуудал гарч ирнэ. Тэр асуудал нь Сэнт-Пьерр дунд жинд өгсөхөд дурамчхан байгаа, нөгөө талаас саяхнаас толгой дээр цахиур хагалаад байгаа Жон Жонсыг олон хүн Аалз (Силвагийн хоч)-тай зодолдвол зохих хүн гэж ярьж эхлээд байгаатай холбоотой юм.

Гэвч Силвагийн хувьд Аварга найзтайгаа хийж болзошгүй энэ түүхэн тулаан хэдийнээ заавал болох ёстой зүйл мэт болж хувирсан бололтой.

"Энэ бол үнэхээр агуу том тулаан, - гэснээ тэрээр. - Олон хүн энэ тулааныг үзэхийг хүсч байгаад би баяртай байна. Энэ тулаан ММА сонирхогчдод их баяр хөөр авчирна, тэдний хүсэн хүлээж байгаа зүйл, Жоржс Сэнт-Пьерр бол шилдэг тамирчдын нэг шүү дээ. Би шүтэн бишрэгчдэдээ баяр цэнгэлийг бэлэглэвэл надад таатай байх болно" гэлээ.

                        Андерсон Силвагийн тулааны эгзэгтэй агшны түүвэр

1 comment:

  1. Ухрангаа ямар гоё цохиж байна аа.

    ReplyDelete