2011/04/25

Рафаэл Кордейро Шогун Руаг буцаж ирсэнд баяртай байна

Саяхан Шогун хочит Маурисио Руаг анхны дасгалжуулагч Рафаэл Кордейро зааланд нь ирж бэлтгэл хийхийг урихад, Маурисио урилгыг хүлээн авч Америк улсад хүрэлцэн ирсэн билээ. UFC 128 тэмцээнд тэрээр аваргын бүсээ Жон Жонсод алдсанаас хойшхи хамгийн эхний учраа нь АНУ-ын тамирчин 31 настай Форрест Гриффин бөгөөд, түүнтэй ирэх 8-р сарын 27-нд Бразил улсын Рио де Жанейро хотод болох UFC Rio тэмцээнд тулах юм. Маурисио өнгөрсөн мягмар гаригаас Kings MMA клубт бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм байна. Рафаэл Кордейрогийн TATAME сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.

                        Фабрисио Вердүм, Рафаэл Кордейро, Маурисио Руа



Форрест Гриффинтэй хийх даага нэхэх тулаанд Та юу хүлээж байна вэ?

Би Шогунаас үргэлж их зүйлийг хүлээж суудаг, тэр маш их авъяастай учраас одоогийн байгаа байр сууриндаа хүрсэн. Тэр эргээд оргилд гарахыг хүсч байгаа болохоор бүх юмыг сайн хийж байгаа... Би болон түүнийг мэдэх бүх хүмүүс, тэрээр гаргасан алдаануудаа (Жон Жонсд ялагдсаныг) дахиж хэзээ ч давтахгүй гэдгийг баттай хэлэх байна. Тэр өөрчлөгдөхийг хүссэн, аваргын бүсээ ч эргүүлэн авах болно. Энэ бүх хүмүүсийн энд хийж байгаа ажил үр дүнгээ өгнө гэдэгт итгэл төгс байна. Тэр Куритибагаас наашаа ирсэн нь сайн хэрэг болсон, удахгүй наашаа Америк руу эхнэр нь охиныг нь дагуулаад ирнэ. Тэр одоо энд амьдрах байр хайж байгаа, хэсэг хугацааны дараа гэр бүл нь ирж цуг байна. Шогун бэлтгэлийн бүхий л хугацаанд энд байж, UFC Rio болохоос өмнөхөн эндээс гарна. Тэр бэлтгэлээ сайн хийгээд, өөртөө итгэл дүүрэн Бразил руу нисэх болно.

Тэмцээн Бразилд болж байгаа нь түүнд ялалт байгуулах гэсэн илүү их эрмэлзэл төрүүлэх болов уу?

Тэгэлгүй яахав, зөвхөн Шогуны хувьд ч биш, манай багийнхан бүгд "ялъя, дийлье" гэсэн эрмэлзэл дүүрэн байгаа. UFC Rio хэмээх бразил үдэшлэгийг хүн бүхэн л сайхан болоосой билээ гэж дотроо хүсэн хүлээж суугаа. Бид бүгд Шогунаар бахархдаг, тэр ч өөрийнхөө болоод биний туслалцаа дэмжлэгт итгэдэг.

                 Маурисио Руа Кэвин Рэндэлманы хөлд өчиж байгаа нь 2006 он

Таны ууган шавь (Адре Дида, Вандерлей Силва, Шогун) нар эргээд ирлээ. Та сэтгэдлээ хуваалцахгүй юу.

Би баяр хөөрөөр дүүрэн, сайхан байна. Бэлтгэл сургууль, нөхөрлөл болон бид бүхний туулж өнгөрүүлсэн замнал... Энэ бүхэн биднийг буцаагаад нэгтгэлээ. Энэ бол маш хүчтэй холбоо. Залуусаа нэгэн дээвэр доор хамт бэлтгэл хийж, "итгэл байхад хүсэл биелнэ" гээд зүтгэж байхыг нь харахад үнэхээр сайхан байна. Энэ бол зүгээр нэг бэлтгэл сургууль биш, үүнээс гадна эрмэлзэл, багийн ажил байгаа. Он удаан жил мэддэг хүнтэйгээ ажиллахад арай хялбар дөхөм байдаг даа...

Яг одоогийн байдлаар бэлтгэлийн явц ямар байна?

Манай багт одоо Вандерлей Силва, Фабрисио Вердүм, (Aндре) Дида, Маурисио Шогун, (Ренато) Бабалу, Марк Муньоз, Жэйк Элленберг, Кристоф Сошински, Фернандо Баттега, Майкл Коата, Витор Виана, Жэйсон Миллер, Бретт Купер гээд олон хүн байна, Тито Ортиз хааяа ирж бэлтгэл хийж байгаа. Андерсон (Силва) өглөөгүүр ирж надтай бэлтгэл хийдэг. Олон жил цуг ажилласан эдгээр залуусыг дасгалжуулах сайхан байна. Өчигдөр (Мягмар) өглөө би Андерсонтой, үдээс хойш Шогунтай бэлтгэл хийсэн. Бидний бэлтгэл их өгөөжтэй байгаа. Миний залуус эргээд цугласанд би их баяртай байна, үүний үр шим нь удахгүй гарна гэж найдаж байна. Бид чухал ажил хийж байгаа шүү, бид бүгд мэргэжлийн хүмүүс, өөрөөр бус чухам ийм л байх болно.

                      Маурисио Руаг Kings MMA зааланд хүлээж авч байгаа нь

No comments:

Post a Comment