К-1 нь мэргэжлийн кикбоксын тэмцээн зохион байгуулдаг Японы компани юм. Энэ компанийг 1993 онд кёкушинкай каратэчин Казуёши Ишии үндэслэжээ. К-1-ийн рингэнд кикбокс, муай тай, каратэ, тэквондо, сават, бокс гэхчлэн контактат тулааны тамирчид хурд хүчээ сорьдог юм.
К-1-ийн кикбоксын бусад холбоодоос ялгарах гол онцлог бол илүү хялбаршуулсан дүрэмдээ байдаг. Энэ өөрчлөлтийн үр дүнд бүх тэмцээнд хугацаанаасаа өмнө хүнд цохилтоор дуусах туулааны эзлэх хувь өсчээ. Ингсэнээр олон олон үзэгчийг байлдан дагуулж, тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт орж ирсэн гэдэг. К-1-ийн тэмцээн гран при системээр хүнд (+70 кг), хөнгөн (-70 кг) гэсэн хоёр жинд зохиогддог ба хөнгөн жингийн тулаанууд K-1 MAX (Middleweight Artistic Xtreme гэдгийн товчлол) хэмээх тусдаа тэмцээний хүрээнд зохиогддог юм. 2007 оноос үндсэн гран при тэмцээнээс гадна хүнд (70-100 кг), супер хүнд (+100 кг) жингийн аваргын цол бий болгосон юм.
К-1 нь Fighting and Entertainment Group (FEG) хэмээх Японы томоохон концерний охин компани юм. Японы холимог тулааны хамгийн том холбоо болох DREAM нь мөн FEG-ийн мэдэлд байдаг юм.
Дүрэм
- Тулаан бүр гурав, эсвэл таван үетэй байна, үе болгон гурван минут үргэлжилнэ.
- Тулаан дараах шалтгаанаар дуусгавар болно: тамирчин нокаут, эсвэл техникийн нокаутад орсон, шүүгчдийн шийдвэр гарсан, тамирчин тэмцээний дүрмийг ноцтой зөрчсөн, тамирчид тэнцсэн, эсвэл тулааныг болоогүйд тооцсон.
- Дэвжээний шүүгч болон тэмцээний эмч шаардлагатай гэж үзвэл тулааныг зогсоох бүрэн эрхтэй.
- Тулааныг хажуугийн гурван шүүгч 10 онооны системээр шүүнэ. (Үе болгонд илүүрхсэн гэж үзсэн тамирчинд 10, нөгөөд нь 9 буюу түүнээс бага оноо өгнө. Тухайн үед тамирчид эн тэнцүү өрсөлдсөн гэж үзвэл хоюуланд нь 10 оноо өгнө).
- Гурван үе дууссаны дараагаар тамирчдын авсан нийлбэр оноо тэнцвэл уг оноог хүчингүй болгож, нэмэлт нэг, эсвэл хоёр үе тулалдуулна. Нэмэлт үеийн дүнгээр тамирчид дахиад тэнцвэл шүүгчид бүхий л тулааны дүнг нэгтгэж ялагчийг тодруулна. Зөвхөн дараах тохиолдолд тамирчдыг тэнцсэн гэж үзнэ: өрсөлдөгчид нэгэн зэрэг унаж, аль аль нь босох чадваргүй болсон, эсвэл тулааны төгсгөлд аль нэг тамирчин нь бэртэж, тулааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
- Аль нэг тамирчин нь нэг үеийн турш хоёр удаа нокдаунд орвол техникийн нокаутаар ялагдсанд тооцно. Аваргын цолны төлөөх тулаанд нэг үеийн турш гурван удаа нокдаунд орвол нокаутаар ялагдсанд тооцно.
- Тамирчин нокдаунд орсон тохиолдолд дэвжээний шүүгч тулааныг зогсоож, сэргэх боломж олгох үүднээс заавал найм хүртэл тоолно.
Хориотой үйлдэл
Тэмцээнд дараах үйлдэл хийхийг хориглоно:
- Өрсөлдөгч тамирчныг мөргөх, тохойлдох.
- Эмзэг эрхтэн рүү цохих.
- Шидэх, өчих гэхчлэн бөхийн мэх хэрэглэх.
- Өрсөлдөгчөө эрхий хуруугаараа чичих, амьсгалыг нь боогдуулах, хазах.
- Өрсөлдөгчийнхөө төвөнх рүү цохих.
- Өрсөлдөгчөө унасан байхад нь буюу унаад босч байхад нь довтлох.
- Дэвжээний шүүгч тамирчдыг салгах команд өгсөний дараа өрсөлдөгчөө довтлох.
- Дэвжээний хязгаарлагч олсноос барих, зуурах.
- Дэвжээний шүүгчийг хэл амаар давшлах.
- Өрсөлдөгчийнхөө ар дагз руу цохих.
- Өрсөлдөгчөө дэвжээнээс санаатай гаргах.
- Тамирчин өөрөө дэвжээнээс санаатай гарах.
- Тулааны явцад хэт доош тонгойх.
- Тулалдахаас зайлсхийх, өрсөлдөгчөө удаан хугацаагаар зуурч, хөдөлгөөнийг нь хязгаарлах.
- Өрсөлдөгчийнхөө хөлийг барьсан, эсвэл хоёр гараараа шилдэж барьсан тохиолдолд зөвхөн нэг удаа цохих/өшиглөх/өвдөглөх үйлдэл хийнэ.
Дүрэм зөрчсөн тамирчинд дэвжээний шүүгч дараах шийтгэл ногдуулна:
- Анхааруулах - тамирчинд хэлж ойлгуулна.
- Сануулах - тамирчинд шар хуудас үзүүлнэ.
- Оноо хасах - тамирчинд улаан хуудас үзүүлнэ.
Хоёр удаа анхааруулах нь сануулах үндэслэл, хоёр удаа сануулах нь оноо хасах үндэслэл, нэг үеийн турш гурван удаа оноо хасах нь тэмцээний дүрмийг ноцтой зөрчсөнд тооцож, ялалтыг өрсөлдөгч тамирчинд өгөх үндэслэл болно.
No comments:
Post a Comment