2012/07/12

Дэн Хэндерсон: Шазруун залуучуудад байрыг нь зааж өгөх гоё байдаг юм

Strikeforce холбооны дэлхийн хагас хүнд жингийн аварга асан Дэн Хэндерсон нас сүүдэр өдгөө 41 хүрээд байгаа ч зодог тайлах бодолгүй байгаагаар барахгүй холимог тулааны дэлхийн хамгийн дээд лиг болох UFC холбооны аваргын цол горилж, Жон Жонстой нударга зөрүүлэхээр бэлтгэл хийж байгаа билээ. Америк улсын ахмад тамирчин Хэндерсоны TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.



― Та Шогун (Маурисио Руагийн хоч) мэтийн агуа олон тамирчинтай тулалдсан хүн. Таны сүүлийн тулаанууд Таныг харих болоогүй гэдгийг харуулж байгаа байх, тийм үү?
― Ялж чадна гэсэн итгэл байгаагүй бол би хэзээ ч тулаан хийхгүй байх байсан. Харин ялна гэсэн итгэл намайг хэзээ ч орхиж байгаагүй. Хамгийн гол нь бие болоод сэтгэлийн хувьд санаа зовох зүйлгүй, амгалан тайван байхад болж байгаа юм. Би үргэлж бэлтгэл хийж, эсвэл эхнэртэйгээ цагийг өнгөрүүлдэг.

― Та UFC-д гуравдахаа орж өрсөлдөж байна. Энэ талаар ямар бодолтой байна?
― Өмнөө байгаа бүхнийг байгаагаар нь л хүлээн авч байна. Өөр өөр газар өрсөлдөж байгаа болохоос биш нэг л спортоор хичээллэж байгаа юм шүү дээ. Тухайн цагт хэнтэй тулалдах гэж байна вэ гэдэг л чухал, түүнээс биш рингэнд үү, торонд уу, эсвэл найман өнцөгтөд үү, зургаан өнцөгтөд үү гэдэг бол хамаагүй.

― Танд Жон Жонстой уулзахад юу хамгийн хэцүү байх бол оо? Тэрээр сүүлийн үед зарим нэг асуудалтай тулгараад байгаа нь бэлтгэлд нь нөлөөлөх бол уу, юу гэж бодож байна? (Жон Жонсын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь хэрэг үүсгэж, шүүх хурал болохоор хүлээгдэж байгаа юм.).
― Мэдэхгүй юм. Тэр асуудал нь түүнийг сатааруулах эсэхийг би мэдэхгүй. Жонс ухаалаг залуу учраас өмнө нь байгаа бүх тулаандаа хамгийн сайнаар бэлтгэж чадах байх. Түүний давуу тал бол өндөр нуруу, урт мөч, тохойлдох цохилт зэрэг юм, түүнээс гадна тэрээр үргэлж өөрийгөө хөгжүүлэн сайжирч байгаа. Харин миний хувьд гэвэл бүх юмаа зөв хийж байгаа эсэхээ нягталж байх нь чухал. 


― Тулаанч хүн өөртөө итгэлтэй байх ёстой гэж Та хэллээ, тэгвэл Жон Жонсын хувьд тэр нь дэндэж, хэт бардам байгаа юм биш үү? Та юу гэж бодож байна?
― Жонс байгаагаараа байгаа нь л тэр. Би шазруун залуучуудтай зодолдох дуртай, тэдэнд байрыг нь зааж өгөх зугаатай байдаг юм (инээв).

― Та Андерсон Силвагаас даага нэхэх талаар боддог уу?
― Би [Андерсонтой уулзахын тулд] жингээ хасч болох л юм, гэхдээ яг одоо бол энэ тухай бодох ч сөхөөгүй байна. Хэрэв Андерсонтой дахиж уулзах хувь тохиохгүй юм бол тэр л биз, тэглээ гээд надад харамсах юм алга. 84 кг-д өрсөлдөгч олдохгүй, тэгээд үзэгчид намайг Андерсонтой тулалдуулахыг хүсвэл би тулааныг хүлээн авч болох юм. Гэвч энэ тухай одоо юм бодмооргүй байна, яг одоо өмнө минь өөр нэг өндөр чөргөр залуу байна шүү дээ (инээв).

― Тито Ортиз саяхан Алдрын танхимийн гишүүн болсон. Энэ нь Таныг туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлж, зодог тайлах бодол төрүүлэв үү?
― Би тэр тухай боддоггүй, тэд намайг хөөж зайлуултал би тулалдсаар байх болно.


No comments:

Post a Comment