Америкийн нэрт рэп дуучин 50 Cent (жинхэнэ нэр нь Кёртис Жэймс Жексон) промоутерын лиценз авч, мэргэжлийн боксын тэмцээн зохион байгуулах эрхтэй болсон тухай Businessinsider.com мэдээллээ. 50 Cent-ийн TMT (The Money Team) компани нь Нью Йорк мужид албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд дэлхийн хагас хөнгөн жингийн аварга асан Кубын тамирчин Юриоркис Гамбоа, Америкийн 2-р дунд жингийн тамирчин Андре Диррел нар анхны үйлчлүүлэгч нар нь болжээ. Шинэхэн промоутер 50 Cent одоогоор үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Невада мужид тэмцээн зохион байгуулах хүсэлт гаргаж, хариуг нь хүлээж байгаа юм байна.
Дашрамд дурьдахад, 37 настай рэппер саяхныг хүртэл мэргэжлийн боксчин болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан бөгөөд эцсийн дүнд промоутерын карьерыг илүүд үзсэн бололтой. 50 Cent нь жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчин болоод дэлхийн хамгийн их орлоготой тамирчнаар шалгараад буй Флойд Мэйведертэй дотно нөхөрлөдөг билээ.

No comments:
Post a Comment