2012/06/21

Э.Болормаа: Рингэн дээр би өөрт байгаа сайн чанаруудаа орхиод гардаг

Монголын холимог тулааны анхны эмэгтэй тамирчин Э.Болормаагийн "Үндэсний мэдээ" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.





Тулааны спортыг яагаад сонгон хичээллэх болов оо?
Би анх самбо, жүдогоор хичээллэдэг байсан. Японоос багш маань ирж тулааны спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд шалгаруулж авсан юм л даа. Тэр шалгаруулалтад нь ороод тэнцсэн хэрэг.

Японд хэдэн жилийн гэрээтэй явсан бэ?
Яг гэрээ энэ тэр байгуулж яваагүй л дээ.

Тулааны спортоор, ялангуяа эмэгтэй хүн хичээллэхэд хүндрэлтэй зүйл тохиолддог уу?
Эмэгтэй хүн гэдэг чинь их эмзэг шүү дээ. Хүндрэл, бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Гэхдээ тэрийг тамирчин хүн заавал даван туулах ёстой.

Рингэн дээрх нэр, хувцас тань их содон юм. Хэрхэн сонгосон бэ?
Чингис хааны ухаант хатдын нэг болох Есүй хатны нэрийг манай найз санал болгож байлаа. Тэгээд л рингэн дээр Есүй хатнаараа дуудуулдаг болсон. Харин хувцасны хувьд ямар ч байсан хүний нутагт Эх Орныхоо үндэсний онцлогийг харуулсан өмсгөлтэй гарахыг хүссэн юм. Надад ямар ч ивээн тэтгэгч байхгүй, би өөрийнхөө бор зүрхээр явж байгаа тамирчин хүн. Таньдаг оёдолчин эгч дээрээ очоод хувцасныхаа загварыг ярилцаж байгаад л хийлгэсэн дээ.

Хамгийн их сэтгэлд хоногшсон ялалт тань хэдийд байсан бол?
Хамгийн анхны ялалт гайхалтай байсан. Эх Орныхоо төрийн дууллыг сонсоод үнэхээр бахархмаар байж билээ.


Тулааны спортоор охидыг сонгон шалгаруулж авна гэж байсан. Үнэхээр энэ спортод дурлах хүн хэр олон байх бол?
Харамсалтай нь одоохондоо тулааны спортоор хичээллэдэг Монголын эмэгтэй тамирчин надаас өөр алга. Тийм болохоор дараагийн үеэ гаргахын тулд реалити шоу хийх бодолтой байгаа.

Цалин хангамжийн хувьд ямар байдаг вэ?
Ерөнхийдөө бага байдаг юм. Би өдөр нь бэлтгэлээ хийгээд шөнө нь ажил эрхэлдэг байсан. Зөвхөн өөрийнхөө төлөө бус, Эх Орныхоо нэрийг өндөрт гаргаж, танигдахыг хүсч байсан болохоор тулааны спортоор хичээллэдэг байлаа. Харин хүмүүс биднийг их мөнгө авдаг гэж боддог юм шиг байна лээ. Озэки Харумафүжи ах хэлж байсан л даа. "Хүмүүс биднийг нэг л их мөнгөтэй, баян гэж боддог. Бид нар харин хүний нутагт гар гэсэн газарт нь гарч, ир гэсэн цагт нь ирж байдаг шүү дээ" гэж.

Хүний нутагт таныг монголчууд маань хэр дэмждэг вэ?
Манай монголчууд их сайн дэмждэг шүү. Бүр тэмцээн болоход ажил, сургуулиа тасалж байгаад үзнэ гээч. Төрийн далбаагаа бариад үнэхээр сайхан дэмждэг. Тэднийгээ хараад л би "Энэ тэмцээнд заавал ялах ёстой" гэж өөрийгөө зоригжуулж, урамшуулж боддог байсан. Мөн Озэки Харумафүжи ах бид хоёр Говь-Алтай нутгийнх. Намайг үргэлж дэмжиж, "Нутгийн дүү маань юу болж байна" гээд л байнга асууж лавлана.

Рингэн дээрх тамирчин, амьдрал дээрх эмэгтэйн хооронд ялгаа их байдаг биз?
Ялгаатай байлгүй яахав. Рингэн дээр би хүний сайхан сэтгэл, хүнлэг чанар гээд өөрт байгаа сайн зан чанараа орхиод гардаг. Хамгийн анхны тэмцээн дээр өрсөлдөгчөө хамаагүй цохиж чадахгүй байсан даа. Харин амьдрал дээр бол огт өөр, байдгаараа л байна шүү дээ.

Амьдрал дээр нударга зөрүүлэх үе гардаг уу?
Мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа биднийг рингнээс гадна тулаан хийхийг хориглодог. Хүмүүс чинь тэгээд янз янзаар л үзнэ шүү дээ. Тэр бүгдэд нь тэвчээд л өнгөрөөдөг. Харин зарим хүмүүс бид нарыг рингэн дээр байдаг шигээ гадуур зодоон цохион хийгээд явж байдаг гэж боддог юм шиг байгаа юм.

Та хэр хор шартай вэ?
Би өөрийгөө зөв хор шартай гэж боддог. Харин эд хөрөнгийн хувьд хэн нэгний дор орчихлоо гээд шаралхаад байдаг хүн биш ээ.

Багадаа хэр зодоонч хүүхэд байв?
Сургууль-гэр-дэлгүүр гэсэн гуравхан л зам мэддэг байлаа. Бүрэг ичимхий, томоотой хүүхэд байсан. Манай ангийнхан хүртэл "Чи хэзээ ийм болчихов" гээд л гайхдаг. Ангид байгаа үгүй нь ч мэдэгддэггүй, даруухан хүүхэд байсан даа. Харин ахлах ангид орсноосоо хойш нэлээд нээлттэй болсон байх. Би гэр хороололд өссөн. Гэрийн ажилд тусалж, хар бор ажлыг голохгүй хийдэг байсан маань бэлтгэл сургуулилалт болсон гэдгийг хожим мэдсэн.

Найз залуутай юу?
Одоохондоо энэ талаар нууцалмаар байна.

Япон залуутай үерхдэг юм уу? Манайхан их үндсэрхэг улс шүү дээ.
Энэ талаар би хатуу байр суурьтай байдаг. Бид цөөхүүлээ байж хэдэн тийшээ хүн дагаад яваад байвал юу болох вэ. Тэгэхээр би заавал монгол хүнтэй гэрлэнэ гэж боддог.


Ярилцсан: Б.Доржпагам

1 comment: