2012/06/21

Мэдээ хоёр өгүүлбэрээр

DREAM холбооны нэн хөнгөн (-61 кг) жингийн аварга Бразил улсын 32 настай тамирчин Бибиано Фернандес UFC-тэй гэрээ байгуулж, UFC 149 тэмцээнд Роланд Делормтой тулалдах гэж байгаа тухай тус блог мэдээлсэн билээ. Гэвч энэ мэдээ батлагдсангүй: Фернандес UFC-тэй аман тохиролцоонд хүрсэн боловч, албан ёсоор гэрээ байгуулаагүй байхад энэ тухай UFC-ээс албан ёсны болсон мэт мэдээлэл тараажээ. Одоогоор Бибиано Фернандестай Сингапурын ONE FC холбоо гэрээ байгуулахаар хөөцөлдөж байгаа юм байна.

Хагас дунд жинд өрсөлддөг Английн 29 настай тамирчин Пол Дэйли тэмцээнд ойр ойрхон оролцож байх үүднээс өөрийн хүсэлтээр Strikeforce-той гэрээгээ цуцалсны дараагаар Bellator FC холбоотой гэрээ байгуулсан байна.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтын хэлснээр, UFC энэ ондоо багтааж Хятадад тэмцээн зохион байгуулж, The Ultimate Fighter China реалити шоуны зураг авалтыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

2012.08.11-нд АНУ-ын Колорадо мужийн Дэнвер хотод болох UFC 150 тэмцээнд Японы тамирчин Юшин Окамитай тулалдах байсан Луис Кэйн бэртсэний улмаас тэмцээндээ оролцох боломжгүй болж, оронд нь хөлд өчих дархан мэхээрээ зартай Бразилийн тамирчин Русимар Пальарес Окамитай нударга зөрүүлэх болжээ.

Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 31 настай тамирчин Рафаэл Кавалканте 2012.05.19-нд Strikeforce: Barnett vs. Cormier тэмцээний хүрээнд Майк Кайлыг 33-хан секундад толгой уургалаж боох мэхээр ялж, холбооныхоо хагас хүнд жингийн аваргын сул цолны төлөө Нидерландын тамирчин Гегард Мусаситай уулзах болоод байсан билээ. Гэвч дээрх тэмцээний дараа өгсөн шинжилгээний сорьцоос нь стоназолол хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Калифорни мужийн спорт хорооноос Майк Пайлтай хийсэн тулааны дүнг цуцалж No Contest (болоогүйд тооцох) болгоод, тэмцээнд тамирчны хувиар оролцох эрхийг нь 12 сарын хугацаагаар хасч, 2500 долларын торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна.

No comments:

Post a Comment