2012/06/29

Фабрисио Вердүм: Дос Сантост ялагдаагүй бол Фёдортой тулалдахгүй байх байсан

Бразил жиү-жицү бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, ADCC тактикийн барилдааны дэлхийн хошой аварга Бразил улсын 34 настай тамирчин Фабрисио Вердүмийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.





― Өчигдөр Та Майк Руссог гайхалтай яллаа. Гадаадад олон жил тулалдсаны эцэст Бразилдаа тулалдах ямар байна?
― Есөн жилийн дараа энд тулалдах сайхан байна. Бразилд сүүлд 2003 онд Jungle Fight тэмцээнд оролцсон, тэхэд ч сайхан байсан шүү. Миний амьдралын хамгийн гол тулаан бол Фёдортой хийсэн тулаан гэдгийг хүмүүс мэдэх байх, гэвч саяных ч гэсэн мөн л чухал тулаан. Өрсөлдөгчдөө чухал гэж байгаа юм биш, үзэгч олон, миний сонгосон [тулаанд гарах үед дуугарах] дуунд байгаа юм, хүмүүс бүүр бүжиглээд байсан гээч. Гэвч би хэлсэн: Минотауро (Антонио Родриго Ногейра) бид хоёр бүжиглэх авьяасгүй.

― Та өөрийгөө цохих техниктээ ийм сайн байх болно гэдгийг мэдэж байсан уу?
― Хүнд жинд хэнийг ч басаж болохгүй, амархан тулаан гэж байхгүй. Тэр бол миний хийсэн бэлтгэлийн үр дүн. [Дасгалжуулагч] Рафаэл Кордейро надтай ажилласны дүнд миний хэр их сайжирсныг бүгд харлаа, би өөрөө ч мэдэрлээ. Би өсөн дэвжиж, үүнээс илүү сайжирч чадна.  

― Та UFC-д эргэн ороод Рой Нелсон, Майк Руссо нарыг буулгаж авлаа. Дараагийнх нь хэн байх вэ?
― Бараг батлагдчихаад байгаа Цыгано [Дос Сантос], [Кэйн] Веласкез нарын тулаан болох тэр тэмцээнд тулалдах санаа байна. Тэгээд Цыгано бид хоёрын хэн хэн нь өрсөлдөгчөө ялбал Бразилд болох дараагийн The Ultimate Fighter шоу тэмцээнд дасгалжуулагч болж болох юм, эсвэл зүгээр аваргын цолны тулаан байхад ч болно л доо. Тэмцээн Порто Алегре хотын Gremio цэнгэлдэх хүрээлэнд зохиогдвол бүүр л байна. 

― Дана Уайт "Цыгано - Веласкез" тулаан Канадад болох UFC 152 тэмцээний хүрээнд болохгүй гэдгийг хэлсэн. Та дараачийн тулаандаа хэзээ бэлэн болох вэ?
― Аль болох удахгүй л байвал сайн байна. Би нэг юм уу, хоёр долоо хоног амарч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. Байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй, хэн нэг нь бэртээд, UFC-ээс залгавал хүний оронд тулалдахад бэлэн байх хэрэгтэй. Намайг дуудвал би бэлэн байх болно.


― Та хэн нэгэнтэй тусгайлан тулалдахыг хүсдэг үү? Жишээ нь Фрэнк Миртэй юм уу, эсвэл Чейк Конготой ч юм уу..?
― Болох л юм. Би хэзээ ч өрсөлдөгчдөө сонгож байгаагүй. Фрэнк Мир, Чейк Конго хоёрын хэнтэй нь ч уулзаж болно. Ер нь миний өмнө хэнийг ч тавьсан би тулалдана. Дахин нэг ялалт байгуулах гэж тактик боловсруулж, бэлтгэл хийсээр байх болно.

― Таны Цыганотой хийсэн тулааны тухай ярилцъя. Тэр тулаан хэр чухал тулаан байсан бэ, Та алдаагаа олж харж, зассан уу? Тэр үеийг бодвол цохих техник тань илүү сайн болсон биз?
― Би бүх талаараа сайжирсаан: цохих техниктээ болоод мэргэжлийн тамирчныхаа ч хувьд өссөн. Өмнө нь тийм байгаагүй. Тэр тулаан амьдралын минь гэгээлэг зүйл мэдээж биш, гэвч надад том сургамж болсон болохоор сайн талтай. Хэрэв би Цыганод ялагдаагүй бол UFC-д хэвээрээ байх байсан болов уу, тэгээд Фёдортой тулалдахгүй байх байсан. Олон зүйл өөрөөр болж өнгөрөх байлаа. Тиймээс тэр ялагдлыг заавал хүлээх байсан учиртай ч юм бил үү. Бурхан намайг хараад [UFC-ийн аварга болох] арай болоогүй гэж бодсон байх. Би илүү урт, бэрх замыг туулж, олон зүйлд суралцлаа. Тиймээс надад сургааль хайрлаж байгаад нь Түүнд талархаж явна. Хэрэв би ялсан бол өөрийгөө онц сайн байна гэж бодоод өөрийгөө хөгжүүлэхгүй байх байсан ч юм бил үү. Би бэлтгэл хангалтгүй хийдэг байсан, тэгээд ялсан бол одоогийнх шигээ бэлтгэл хийхгүй байх байсан. Тэгэхлээр тэр ялагдал надад сайн юм болсон.

― Вандерлей [Силва] ялагдчихлаа. Та энэ тулааны тухайд юу гэж бодож байна?
― Хөгийн юм болсон. Хоёрдугаар үед Вандерлей тулааныг дуусгах дөхөхөд бүгд тулаан бараг дууслаа гэж бодох тэр үед хүн торны хаалгыг онгойлгосон. Дана Уайт галзуурах шахаад түүн рүү: "Чи яаж байна аа? Солиотой юм уу?!" гэж хашгирсан. Гэвч бидэнд буруу байгаагүй. Хаалга нээгдсэн л бол орж болно гэсэн үг шүү дээ (инээв). Хүн хаалга нээмэгц Рафаэл [Кордейро], Дидо хоёр ухасхийгээд дотогш орох гэсэн. Эвгүй юм болсон. Марио Ямасаки тулааныг зогсоож болох байсан боловч тэгээгүй. Тэгсэн нь зөв болсон гэж бодож байна. Ямартаа ч Вандерлей сайхан тулаан үзүүлсэн, би түүнийг муу хэлэхгүй, тэрээр үндэсний баатар хүн шүү дээ. Тэр тулаанд "шилдэг тулаан"-ы шагнал хүртсэн. Вандерлейд баяр хүргэе! Вандерлей бол миний сайн нөхөр, би түүнийг биширч явдаг. Чанга эр шүү.


― Та дараагийн тулаандаа гарахдаа ямар дуу сонгох вэ?
― Харж л байя. Ер нь бол би хит дуу сонгодог, тэр үед ямар дуу түгээмэл байх нь уу.

― Магадгүй шинэ бүжиг ч юм уу..?
― Магадгүй шүү (инээв). Гэхдээ үгүй л болов уу. Би дахин хэлье: Минотауро бид хоёр бүжиглэх гэж төрөөгүй. Уул нь би оролдож үзсэн л дээ, гэхдээ бүтэхгүй юм билээ.

No comments:

Post a Comment