Кикбоксын дэлхийн үнэмлэхүй аварга ОХУ-ын Халимаг улсын 31 настай тамирчин Бату Хасиковын AllBoxing.Ru сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагын нэгдүгээр хэсгийг хүргэж байна.
Бату Сергеевич Хасиков
Төрсөн огноо: 1980.06.28
Иргэншил: ОХУ
Яс үндэс: Халимаг
Рингний нэр: Бат хаан
Цол хэргэм
- 2011 онд W5 холбооны дэлхийн аварга (71,8 кг)
- 2010 онд WKA холбооны дэлхийн аварга (72,5 кг)
- 2009 онд WAKO-Pro холбооны дэлхийн аварга (71,8 кг)
- 2007 онд ISKA холбооны дэлхийн аварга (72,3 кг)
Боловсрол, албан тушаал
- 2003 онд Москвагийн багшийн их сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимд суралцаж төгссөн.
- 2008 онд Бүгд Найрамдах Халимаг улсын Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж байгаа.
Нэгдүүгэр хэсэг
— Бату, миний мэдэхийн, чи тулааны спортыг кикбоксоос эхлээгүй байх аа? Кёкүшингээр хичээллэж байлуу?
— Тийм, кёкүшингээр хичээллэж байсан.
— Хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ?
— Кёкүшин каратэгээр 11 наснаасаа хичээллэж эхэлсэн, өмнө нь хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Эцэг эх маань намайг 6 наснаас хөлбөмбөгийн секцэд бүртгүүлсэн юм. Тал бүрийн авьяасыг хөгжүүлэх гэж тэгсэн нь ухаалаг шийдвэр болсон. Багийн тоглоомын спортод хүний, ялангуяа хүүхдийн гол чадварууд сайн хөгждөг, дээрээс нь хамт олон дунд биеэ авч явж сурна. 11 настай байхад аав маань каратэгийн секцэд дагуулж очлоо. Сонирхолтой нь гэвэл эхэндээ би явах дургүй байлаа, учир нь би нэлээн хөгжил сайтай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Аав намайг багаас минь өглөө болгон дасгал хийлгэж сургаад, бид хоёр дасгал цуг хийдэг болсон. Би бусад хөвгүүдийн л адил гудамжинд зодоон хийчихдэг, тэгэх тэгэхдээ гайгүй сайн зодолдчихдог хүүхэд байсан. Аав намайг каратэгийн секцэд бүртгүүлнэ гэхэд нь би: "Үгүй ээ, аав аа, хэрэггүй. Тэртэй тэргүй би зодолдож чадах юм чинь каратэгээр яах юм?" гэсэн. Гэвч аав ятгаж дөнгөсөн. Бэлтгэл дээр очсон анхны тэр өдрийг би тодхон санадаг. Тулааны ертөнцөд тэр дороо л эзэмдүүлсэн дээ.
— Чи шууд кёкүшингээр хичээллэж эхэлсэн үү?
— Тийм ээ, шууд кёкүшин каратэгээр хичээллэсэн.
— Каратэгээр хичээллэх нь хөлбөмбөгөөс ачааллын хувьд илүү хүнд байсан уу?
— Арай хүнд байсан гэж хэлж болно. Би каратэгээр илүү зорилго чиглэлтэй хичээллэсэн болохлоор түүнийгээ дагаад бэлтгэл ч илүү хүнд болсон. Хөлбөмбөгөөр бол хүүхдийн түвшинд л хичээллэсэн юм шүү дээ.
— Кёкүшин каратэгийн гүн ухаан их сонирхолтой л доо. Ер нь кёкүшин бол бусад урсгалын каратэгээс хамгийн шилдэг, хамгийн хүчтэйд тооцогддог. Энэ байдал чамайг илүү ихээр зоригжуулдаг байв уу, энэ бүхнээр өвчилсөн үү?
— Тийм ээ. Энэ бол их чухал. Би тулааны спортоор хичээллэхдээ каратэгээс эхэлсэндээ баяртай байдаг. Үүний ачаар л би тулааны урлагийг зүгээр нэг спорт бус, харин амьдралын хэв маяг гэдэг утгаар ойлгодог болсон. Энэ бол бүхий л амьдралын гүн ухаан юм: бэлтгэлийн үеэр хийгээд бэлтгэлээс гадуур өөртөө болоод өрөөлд хандах хандлага. Каратэд дэг жаягийг ягштал мөрддөг, ахмадыг хүндлэх хүндлэл гээд л... Энэ бүхэн надад ач тусаа өгсөн. Хожим тулааны өөр урлагаар хичээллэхэд хүртэл би тэр хүмүүжлээ алдаагүй. Тулааны урлаг бол биеэ төгөлдөржүүлэх насан туршийн минь тэр л зүйл гэдгийг ухаарах болсон.
— Яг кёкүшингээр дагнаад хэдэн жил болсон бэ?
— 11 наснаасаа эхлээд, 21 настайдаа сүүлчийнхээ тэмцээнд орсон гэхлээр 10 жил болж таарч байна.
— Кёкүшинд ямар ямар амжилт гаргав?
— Москва хотын аварга, Волгоградын хязгаарын аварга, Холбооны өмнөд тойргийн аварга болсон. Дараа нь дасгалжуулагч маань сэйвакай каратэгийн холбоонд орсон. Бараг л кёкүшин гэсэн үг, ялгаа нь гэвэл тулааныг рингэнд явуулдаг юм. Энэ төрөлд Орос улсын аварга болж, үнэмлэхүй жинд шагналт байр эзэлсэн. Холбоо үргэлж санхүүгийн боломжгүй байдаг байсан болохлоор гадаадад гарч чадаагүй юм.
— Чи каратэгийн ямар бүстэй вэ?
— Кёкүшинкай каратэд бол 1 дүгээр "кю"-тэй, сэйвакайгаар бол хар бүс, 1 дүгээр дантай. Товчхон хэлэхэд, би хар бүстэй юм.
— Кёкүшинд дан (зэрэг) ахих сорил гэж байдаг, тийм сорилд орж байсан уу?
— Тийм ээ, орж байсан.
— Дарааллаад олон тулаан хийдэг үү?
— Тийм ээ, би тэгэж л сорилоо өгсөн.
— Дараа нь шууд кикбоксд орсон уу, эсхүл бас өөр юм оролдож байв уу?
— Шууд биш ээ. Дунд сургуулиа дүүргээд Москвад ирж, Багшийн Их сургуульд элсэн орсон. Олон найз нөхөдтэй боллоо, үерхдэг залуучууд дунд тулааны урлагаар хичээллэдэг хүмүүс байсан. Тэр үеэс би боксоор хичээллэж эхэлсэн, зүгээр л биеийн хөгжлөө бодоод... Түүнээс хойш боксын бэлтгэлийг тусад нь хийж байгаа. Дараагаар нь янз бүрийн төрлүүдийг туршин оролдож үзсэн гэх үү дээ: гардан тулаан, байлдааны самбын тэмцээнд орж үзлээ. 2000 онд кикбоксын анхны тэмцээнд орсон. "Арбат" казиногийн газарт болсон мэргэжлийн тэр тулаанд би өрсөлдөгчөө 3 дугаар үед хүнд цохилтоор ялсан. Эцсийн эцэст би К-1 рүү тэмүүлэх ёстойгоо ойлгосон. Зурагтаар Жером Ле Баннер, Энди Хуг, Питер Аэртс зэргийн домогт тамирчдыг үзээд яг үүгээр л хичээллэх дур сонирхол маань илүү ихээр огших болсон. Би тай боксоор, дараа нь кикбоксоор хичээллэж эхэлсэн. Инээдтэй нь гэвэл карьераа би мэргэжлийн тулаанаар эхэлчихээд, дараа нь сонирхогчийн дүрмээр тулалддаг болсон юм.
— Спортын олон төрлийг дотроос нь харьцуулах сонирхолтой байдаг. Жишээ нь кёкүшингийн бэлтгэл сургуулилтын систем болоод аргачлал нь кикбоксынхоос өөр шүү дээ. Кёкүшингийн гараар цохих техник нь их өвөрмөц. Каратэгийн кихон хийх аргаар сонгодог маягаар давтдаг шүү дээ. Гэтэл боксд бол гараар цохих биомеханик нь шаал ондоо. Өөр хоорондоо ялгаатай энэ хоёр техникийн аль нь чамд илүү ойр вэ?
— Гарын биомеханикийн хувьд бол миний бодлоор боксынхоос илүү техник гэж байхгүй. Өөрөөр хэлбэл боксын техник бол гараар цохиход хамгийн тохиромжтой хувилбар юм.
— Хөлийн хувьд юу гэх үү? Жишээ нь чи кёкүшин болон тай боксын өшиглөх техникийг харьцуул даа. Чамд аль нь илүү ойр вэ, аль нь илүү үр дүнтэй вэ?
— К-1-ийн тухайд ярих юм бол тай боксын өшиглөх техник илүү тохиромжтой. Кёкүшин нь өөрийн гэсэн онцлог дүрэмдээ таарсан мөн л үр дүн бүхий тийм техниктэй. Тай боксынх бол арай өөр. Хоорондоо зарчмын ялгаатай. К-1-д бол би тай боксын техник хэрэглэдэг болоод удаж байна, гэхдээ заримдаа бол каратэгийн юм ч хэрэглэчихдэг.
— Хөлийн чинь өшиглөлтөд хөлбөмбөгөөр хичээллэж байсан нь сайнаар нөлөөлсөн үү? Хөлбөмбөгчид тулааны урлагт орохлоороо их хүчтэй өшиглөдөг болчихдог гэж ярьдаг юм билээ.
— Миний хөл төрөлхийн их хүчтэй гэж би нэг бус удаа сонссон. Мэргэжилтнүүд намайг маш хүчтэй лоукик өшиглөдөг гэж үздэг. Тийм болохлоор ортой л байх. Багадаа гүйж, бөмбөг өшиглөдөг байсны дүнд хөл чангарсан нь дамжиггүй. Түүнээс гадна өсвөр үедээ байхдаа би бүжгээр хичээллэдэг байсан. Хөл дээр ажиллах чадвар, торгон мэдрэмж үүнтэй холбоотой гэж бодож байна. Бүжиг нь хөл дээр илүү хөнгөн, мэдрэмжтэй ажилладаг болоход тустай байдаг юм.
— Хэдтэй байхдаа бүжгээр хичээллэдэг байсан юм бэ? Бүүр бага байхдаа юу?
— Хичээл ном, спорт, уран сайхны дугуйлангийнхаа хажуугаар 9-өөс 11 насныхаа хооронд хичээллэж байсан.
— Тэгэхлээр чи, бүжгээр хичээлэх нь эр хүнд таарч тохирох ажил мөн гэж зоригтой хэлж чадах уу? Бүжиг эр хүнд ач тустай байж болно гэж үү?
— Тэгэлгүй яахав. Тулааны урлагт гаргасан амжилт үүнтэй холбоотой гэж боддог.
— Өөрөөр хэлбэл, бүжиг бүжиглэх нь банди нарт тохирох зүйл биш гэдэг яриа үндэслэлгүй болох нь ээ?
— Хүүхдүүд тал бүрийн авьяасаа хөгжүүлэх нь зөв байх л даа. Өмнө нь аль болох их юмыг нээж өгөх хэрэгтэй. Тэгсэний дараа өөрт нь юу илүү таарч тохирохыг хүүхэд өөрөө шийдэж, өөрийн замаа сонгоход нь дөхөмтэй.
— Бэлтгэлийн арга барилыг харьцуулж үзье. Кёкүшингийнх их сонирхолтой л доо. Каратэгийн бусад урсгалынхтай ижил, маш хатуу дэглэм дор техникийг кихон маягаар давтаж сурдаг. Тэгвэл боксд гэхэд л техникийг шаал өөр арга хэлбэрээр суулгаж өгдөг. Хөлийн суурь ажиллага, цохих, хамгаалах техникт суралцахад чухам аль аргачлал нь илүү дөхөм юм бол оо, юу гэж бодож байна?
— Каратэгийн арга барил каратэд, боксынх бол боксдоо тохирно. Ийм л болж таач байгаа биз дээ?
— Боксд дасгал хийхдээ хэн ч кихон алхдаггүй л гэж хэлэх гээд байна л даа.
— Боксд тэгэх шаардлагагүй. Каратэг бодвол боксд өөрийн гэсэн зорилго байдаг. Каратэд хүн кихон алхаж, ката давтахдаа заавал тэмцээн уралдаанд орох албагүй, тэр байтугай спарринг хийхгүй байж ч болдог. Хүн хүний сонирхол өөр шүү дээ. Ер нь бол энэ асуултад янз бүрээр хариулж болох юм. Каратэгийн арга барил нь каратэгийн зорилгыг хангахад тохирдог, боксынх бол боксын зорилгыг, тай боксынх бол тай боксынхыг гэх мэт. Тулааны урлаг болгон онцлогтоо тохирсон тийм л арга барилтай байдаг.
— Чамд аль нь ойр вэ, каратэгийнх шиг кихон алхаж бэлтгэх үү, эсхүл боксын арга барил нь илүү дөхөм үү?
— Би спарринг хийх дуртай. Аргагүй л дээ, би чинь кикбоксчин болоод удаж байна шүү дээ. Надад энэ л таалагддаг. Ер нь би амьдралдаа дургүй юмаа хийдэггүй. Кикбоксоор хичээллэж байгаа бол би дуртай болоод л тэгэж байгаа. Чи надаар "каратэ бол хог, дэргэд нь кикбокс бол хамаагүй илүү" гэж хэлүүлэх гээд байна аа даа, янз нь..?
— Үгүй ээ, үгүй. Би каратэд ёозгүй ханддаг юм биш, энэ төрөлд эргэлздэг хүний нэг ч биш. Ийм асуулт байна: кёкүшинд цохилтыг маш олон тоогоор давтаж, биеэ хатуужуулдаг, ширүүн гээчийн цохилцоно, биенд нүцгэн гараар цохино гээд л... Ийм бэлтгэл кикбоксд хэрэг болж байна уу? Тийм аргаар биеэ бэхжүүлсэн хүн их биендээ бээлийгээр цохиулахыг хэр амархан тэсдэг вэ?
— Кёкүшингийн бэлтгэл надад их хэрэг болдог. Миний цээжинд юм уу, эсхүл хөлд "ортол" цохино гэдэг бэрх шүү. Би цохилт дааж сурсан. Тулаанд бэлтгэхдээ цохилт даах бэлтгэл хийдэг л дээ. Гэхдээ тулаанд бол аль болох цохиулахгүй байвал сайн.
— Өөрөөр хэлбэл, энэ тэсвэр хатуужлын бэлтгэл нь тулааны бусад төрөлд ч хэрэг болдог гэсэн үг үү?
— Тийм ээ, тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхдээ биеийнхээ аль нэг хэсгийг бэхжүүлж байна гээд толгойгоо цохиод байж болохгүй шүү. Толгойгоо ямагт хамгаалж байх хэрэгтэй! Зарим нэг хүмүүс толгойгоо юмаар цохих нь бий, гэвч ингэснээр толгой бэхжинэ гэж байдаггүй юм.
— Тийм байж. Харин тулааны үед сэтгэлзүйн хувьд ирмэгтээ тулж очоод байсан тийм үе байсан уу?
— "Сэтгэлзүйн хувьд ирмэгтээ тулж очих" гэж юу гэсэн үг вэ?
— "Болье" гээд бууж өгөхөд ойрхон болоод байсан тийм нөхцөл байдалд орж байсан уу?
— Тийм нөхцөл байдалд орж байсан бол одоо би өөр юм хийгээд явж байх байсан байлгүй дээ. Би тулаанд ялагдаж байсаан, гэхдээ шантраад, шалдаа буугаад өгчихсөн, тийм тохиолдол бол үгүй.
— Шалдаа буугаад өгчихөөгүй гэдэг чинь ойлгомжтой. Гэхдээ эцсийн хүчээ дайчилж, арайхийн тэсч байсан тийм тулаан..?
— Байлгүй яахав, зөндөө байсан. Байгаа бүх хүчээ шавхах үе мундахгүй шүү дээ. Ялалт хүнд хүчир байхын тусам илүү амттай байдаг. Чи тулаанчийнхаа хувьд өсөж дэвжиж байна л гэсэн үг.
— Карьер дахь хамгийн гол, хамгийн сонирхолтой, хамаг нөөцөө дайчлан байж санасандаа хүрсэн тэр тулааныг нэрлэхгүй юу..?
— Тийм тулаан зөндөө бий. Би тэмцээн бүртээ ажил хэрэгч ханддаг болоод удаж байна, тиймээс надад тулаан болгон л ач холбогдолтой. Аль ч тулаанд би өөрийгөө ялж, тодорхой бэрхшээлүүдийг давж гарах болдог юм.
— Энэ асуултыг арай өөрөөр тавья: аль тулаандаа хамгийн их сэтгэл хангалуун байдаг вэ? Аль тулаанаа хамгийн их дурсдаг вэ? Бахархдаг тийм тулаан..?
— Каратэгээр хичээллэдэг байх үеэс авахуулаад, тулааны эцсийн мөчид бахдмаар сайхан ялалт байгуулж байсан тийм тулаанууд бий. Хожим нь гардан тулаан, байлдааны самбод, тай боксд ч тийм тулаан хийж байсан. Бүүр сүүлд мэргэжлийн тулаанд ч мөн ялгаагүй, зөндөө байсөөн...
— Эргэн санах хамгийн дуртай ямар тулаан байна вэ?
— Тэгвэл хамгийн сүүлийн хоёр тулаанаа нэрлэе. Алберт Краус, Майк Замбидис нартай хийсэн тулаан. Майктай хийсэн тулаан маш түргэн болоод өнгөрсөн болохлоор зарим хүмүүс амархан тулаан болсон гэж бодож байж магадгүй. Үнэн хэрэгтээ сэтгэлзүйн хөвчрөл хэн хэнийх нь хувьд дээд цэгтээ тулсан байсан. Бид рингэнд уулзах гэж их урт замыг туулсан. Ялалт, ялагдлын аль алиных нь үнэ цэнэ маш өндөр байсан болохлоор түүнийгээ дагаад сэтгэлзүйн төвлөрөл ч аймаар эрчлэгдээд байсан юм.
Үргэлжлэл бий...
Ёстой сайхан ярилцлага байна. Үргэлжлэлийг нь хүлээж байна.
ReplyDeletetimee huleej bna
ReplyDelete