Өнгөрөгч UFC on FUEL TV 2 тэмцээний гол тулаанд Бразилийн тамирчин Тьяго Силваг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авч, хувийн амжилтаа 14-1 болгосон Швед улсын хагас хүнд жингийн 25 настай тамирчин Александр Густафссон, тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр аваргын цол горилоход бэлэн байгаа тухай хэллээ.
"Би тулааны төлөвлөгөөгөө биелүүллээ. Уул нь би тулааныг хугацаанаас нь өмнө дуусгадаг л даа. Энэ бол миний UFC дэх шүүгчдийн шийдвэрт хүрсэн анхны тулаан. Би суралцсаар л байна. Одоо би жингийн ангиллынхаа эхний тавд эрэмблэгддэг залуустай өрсөлдмөөр байна. Хэрэв UFC-ийнхэн надад цол горилох эрх өгөх юм бол би тэрхүү тулаанд дээд зэргээр бэлэн байх болно."
Хагас хүнд жингийн аварга Жон Жонс цолоо хадгалж үлдэх эсэх нь ирэх 21-нд Рашад Эванстай хийх тулаанд тодорхой болох бөгөөд энэ хоёрын ялсантай нь Strikeforce холбооны аварга асан Дэн Хэндерсон тулалдах ээлжээ хүлээж байгаа билээ. Густафссон дараагийн тулаандаа бахдам ялалт байгуулж чадвал аваргын цол горилоход тун дөхөж очих бололтой.
No comments:
Post a Comment