2011/12/23

Антонио Родриго Ногейра ялагдлынхаа шалтгааныг тайлбарлав

2011.12.10-нд Канадын Торонто хотод болсон UFC 140 тэмцээний хүрээнд Америкийн тамирчин Фрэнк Миртэй хийсэн тулаанд, карьертаа анх удаа өчих мэхээр ялагдсан Бразилийн тамирчин Антонио Родриго "Минотауро" Ногейра, удтал Канадад хугарсан гараа эмчлүүлж байгаад саяхан нутаг буцсан хойноо ялагдлынхаа шалтгааныг nogueirabrothers.com.br албан ёсны цахим хуудаснаа тайлбарласныг хүргэж байна.


"Тэр бямба гаригт би карьертаа анх удаа өчих мэхээр ялагдсан, түүнээс дор юм гэж юу байхав, гэвч энэ бол спорт шүү дээ. Тулаанд бүх юм маш хурдан болж өнгөрдөг, ингэхдээ тамирчин хүн оюун ухаанаараа бус, харин зөн болоод рефлексээрээ үйлдэл хийдэг. Би зүгээр л нокаутаар ялж болох газар боох мэхний оролдлого хийсэн нь алдаа болсныг ойлгож л байна. Гэвч Фрэнк Мир бараг нокаутанд ороод байсан тэр мөчид дэвжээний шүүгч намайг дагз руу нь битгий цохиод бай гэсэн болохлоор би боох мэхний хувилбарт шилжсэн юм. Мир боох мэхний барьц халж, намайг өчсөн нь түүний гавъяа. Хожим бичлэг үзэхэд, дагзанд нь бус хоёр шанаанд нь цохиж байсан нь илт байгаа, уул нь бүх юм дүрмийн хүрээнд болсон юм.

Унасан бөхөд шалтаг мундахгүй л дээ, би ялагдсан. Би гараа эдгээчихээд карьераа дахин үргэлжлүүлнэ, 2012 онд Риод зохиогдох UFC-ийн хоёр дахь тэмцээнд оролцохыг үгүй гэх газаргүй. Тэр ялагдлын эерэг тал нь гэвэл би хүмүүсээс намайг дэмжсэн маш их захидал авсан. Канадад байхад босс (Дана Уайт) үлэмж их санаа тавьсанд нь талархаж байна, тэрээр: "Ног оо, чамд бол юу ч хайран биш байна, хамгийн сайн эмч нарыг хөлсөлж авна, тийм болохоор чи удахгүй эргэж ирнэ ээ" гэсэн. Би дахиад олон жил тулалдана гэдэгтээ итгэл төгс байна. Би тулаанд дуртай учраас л тулалддаг, энэ цаг бол миний карьерын хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж бодож байна".

No comments:

Post a Comment