2011/11/17

Хуан Мануэл Маркез: Зодог тайлах эсэхээ сарын дотор зарлана

WBA, WBO, The Ring холбоодын хөнгөн жингийн аварга Хуан Мануэл Маркез карьераа үргэлжлүүлэх эсэхээ шийдээгүй байгаа гэнэ. Тэрээр өнгөрөгч бямба гаригт болсон тулаанд Мэнни Пакиаод шүүгчдийн шийдвэрээр ялагдсан хэдий ч, үнэн хэрэгтээ өөрийгөө ялалт байгуулсан гэж үзэж байгаа юм. Тэмцээн зохион байгуулагч Top Rank компани "Пакиао - Маркез IV" тулааныг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа ч, Маркез энэ тухай хараахан тоймтой хариу өгөөгүй байна. BoxingScene.com сайтын мэдээлж буйгаар, Маркез:


"Зодог тайлах уу, эсхүл Мэнни Пакиаотой дөрөв дэхээ уулзах уу гэдгийг би сарын хугацаанд зарлана. Эхлээд гэр бүлийнхэнтэйгээ, дараа нь багийнхантайгаа зөвлөлдмөөр байна. Би дэлхийн шилдэг боксчин гэдгээ нотолж харууллаа. Дэлхийн шилдэг нь Пакиао биш гэдгийг бүгд нүдээрээ үзсэн. Тэрээр өөрийгөө тулаанд ялсан гэж байгаа, тэгвэл би түүнд тулааны бичлэгийг үз гэж хэлье, хэрэв тэгвэл, Пакиао ялагдсан гэдгээ олж харах болно. Би ч, манай булангийнхан ч, бүгд миний ялалтад итгэл төгс байсан, харин ялагчийг зарлахад, урам маань дэндүү гэмээр хугарсан. Хэрэв би карьераа үргэлжлүүлэхээр шийдвэл, дөрөв дэх тулаан Лас Вегаст болохгүй. Пакиао Мексикт ирж, миний нөхцлөөр тулалдаг" гэжээ.

No comments:

Post a Comment