2011/08/11

Мики Уард: Сүүлийн үед боксын хорхойтнууд ММА руу хошуурах болоод байна

Хэрэв Та Марк Уолберг, Кристиан Бэйл нарын тоглосон "Тулаанч" (The Fighter) уран сайхны киног үзсэн бол "Ирланд" хочит Мики Уард гэж хэн болохыг мэдэх байх. Тэрээр зодог тайлаад удаж байгаа бөгөөд магадгүй талийгаач Артуро Гаттийн эсрэг шилдэг тулааныг үзүүлсэн боксчин байж болох юм.



Мики Уард EastSideBoxing.com сайтад өгсөн ярилцлагадаа холимог тулааны сэдвийг хөнджээ.

"Боксын спортыг авраад байх тийм хэмжээнд оччихоогүй байна, гэвч Мэйвэдер Пакиао хоёр учирсан бол энэ спортыг эргээд сонирхох давалгаа бий болно. Бокс алга болно гэдэгт би итгэдэггүй, энэ чинь тулааны урлаг дотроос хамгийн эртнийх нь юм ш дээ. Гэвч сүүлийн үед боксын хорхойтнууд ММА руу хошуурах болоод байна. Бид яах ёстой гээч? Шилдэг боксчдыг хооронд нь тулалдуулж байх хэрэгтэй, хэрэв тэгэх юм бол бокс эргээд 70-аад оны тэр хэмжээнд очино. Та бүхэн Бернард Хопкинсыг хар л даа, тэрээр дэлхийд хэнтэй ч учирч тулалдахад бэлэн байдаг. Хуучин цагийн боксчдоос ганцаараа л шийр зааж байна даа, үнэхээр гайхалтай."

"Өдгөө цагт боксын хорхойтнууд олноороо холимог тулаан руу хошуурцгааж байна. Энэ нь ММА-д олон техник хэрэглэж болдогтой, түүнээс гадна ММА тэмцээн ихээр зохиогдож байгаатай холбоотой. Тийм л учраас ММА-д шилдэг тамирчид байнга хоорондоо учирч байна."


Саяхныг хүртэл ММА-г ширүүхэн шүүмжилдэг байсан боксчин бол Бернард Хопкинс юм. Тэрээр ММА танхимд ММА тамирчидтай бэлтгэл хийж үзсэнээсээ хойш уг спортод хандах хандлагаа өөрчилсөн юм. Хопкинс холимог тулааны тухай хамгийн сүүлд:

"Акулыг уснаас нь гаргаад арслантай зодолдуулж болохгүй биз дээ? Хэрэв тэгэх юм бол мэдээж арслан дийлнэ. Тэгвэл арсланг усанд хийвэл юу болох вэ? Арслан акулын хоол болно. Яг үүний адилаар бокс ММА хоёр бол хоёр ондоо амьтан юм. Үүнийг үргэлж санах хэрэгтэй" гэжээ.

1 comment:

  1. Сүүлийн үед боксын хорхойтнууд ММА руу хошуурах болоод байгаагийн нэг нь би байна аа...

    ReplyDelete