К-1 дэх хүнд жингийн байдал ямар байгаа вэ? Хэнийг хамгийн хэцүү өрсөлдөгч гэх вэ?
Хүнд жинд байдал хэвээрээ, зарим нь ялж, зарим нь ялагдаж байна. Аваргын бүс хэнд байна - тэр л хамгийн хүчтэй өрсөлдөгч.
Та чухам аль хотод төрсөн юм бэ? Таны тухай баримтат кинонд Амстердам гэж байсан боловч хүмүүс янз бүрээр ярих юм?
Би Амстердамд төрсөн, яс үндсийн хувьд марокко гаралтай.
Таны нуруун дээрх толбо юунаас болж үүссэн юм бэ? Хүмүүс бас л янз бүрээр ярьдаг, зарим нь авто ослын сорив гэх юм...
Оросын шүтэн бишрэгчид ийм юм сонирхож байна гэж үү? Мэнгэ байгаа юм аа.
Сергей Лащенкогийн хувьд ямар бодолтой байна вэ? Хэр сайн тамирчин бэ? Ажилд хандах хандлага, цаашдын ирээдүйнх нь талаар юу гэх вэ?
Серёга (инээмсэглэв). Сайн залуу, бэлтгэлдээ их идэвх чармайлт гаргадаг, ирээдүйд юу хүлээж байгааг цаг хугацаа харуулна. (Мэлвин) Манхуф, хоёр жилийн дараа гэхэд Сергейтэй спарринг хийж чадахгүй байх гэж байсан.
Та Шилтийг буулгаж авснаасаа өөр бахархдаг ялалтаа нэрлэхгүй юу.
Питер Аертсыг буулгаж авсан ялалт.
Нэрд гарч амжаагүй тамирчдаас хэнийг онцлох вэ?
Бүгд мэргэжлийн рингэнд гарахыг хүсдэг ч мэргэжлийн түвшний ачааллыг даадаг нь тун бага. Тийм болохоор ихэнх нь санасандаа хүрч чаддаггүй юм.
Та Майк Пассеньетэй анх бэлтгэл хийхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Майк бол үнэхээр сайн тулаанч шүү, бэлтгэлийнх нь арга барил ер бусын өндөр түвшнийх. Тэрээр тамирчин хүнийг ялалтад хүргэж болох бэлтгэлийн шинэ аргачлалуудыг байнга эрэлхийлж байдаг юм. Үргэлж шинэ бүхнийг туршихад бэлэн байдаг.
Таны дүү ч гэсэн Mike's Gym-д бэлтгэл хийдэг. Тэрээр тэмцээнд оролцох уу?
Энэ талаар өөрөөс нь асуусан нь дээр байх (инээмсгэлэв), тэмцээнд орох байх оо.
Японы К-1-ийг юу хүлээж байгаа бол оо?
Маш их асуудалтай байгааг нь л мэднэ, түүнээс цаашгүй. Тэд бэрхшээлүүдээ даван туулж чадах байлгүй дээ.
Танд өрсөлдөгчөө сонгох боломж байсан бол дараагийн тулаанд хэнийг сонгох вэ?
Өрсөлдөгч хэн байх нь чухал биш, гол нь ялалт.
Танд ММА-д өөрийгөө дахин сорих бодол бий юу? ММА тамирчид К-1-ийн рингэнд хэр хол явах бол?
(Удаан инээв.) Би тэр ММА тулаанд тохиолдлоор орчихсон юм аа, Манхуф бэртээд, түүнийг орлосон юм. Сонирхолтой л юм билээ, дахин нэг үзээд алдахад болохгүй гэх газаргүй (2002.05.12-нд Латви улсын тамирчин Эдмундс Кирсистэй учирч, тэмцээний 1-р үеийн 22 дахь секундад тохойлдож боох мэхээр ялагдсан юм. Орчуулагчийн тодр.). Гэвч үнэнийг хэлэхэд ММА-д би дургүй, эрчүүд тэврэлдээд л... (инээв) миний хийх зүйл биш. ММА ба К-1 бол хоёр ондоо спорт, харьцуулах гэсний хэрэггүй, гэвч ММА-с К-1 рүү, эсхүл К-1-ээс ММА руу ороод амжилт үзүүлэхийг хэн байг гэхэв.
Бадр Хари - Эдмундс Кирсис
Алистар Оверим сүүлийн гран при тэмцээнд ялсныг юу гэх вэ, түүний хувьд өрсөлдөгч нарын оноолт эергээр таарав уу? Алистар өнгөрөгч тэмцээний шилдэг тамирчин мөн үү? Түүнийг юу гэж боддог вэ?
Аз дайрсан эсэх нь одоо хэнд ч хамаагүй, тэрээр тулаанд ялсан, үүнтэй хэн ч маргахгүй. Түүнийг юу гэж боддог вэ гэж үү? Хмм... Юу ч гэж бодохов дээ... түүнийг юу ч гэж боддоггүй.
Алистар Та хоёрын харьцаа 1:1 байгаа, хайна хагалах тулаан хийх шаардлагатай юу? Энэ тулаанд Таны ялах боломж хэр байгаа вэ?
Хүмүүс бид хоёрыг нэг нэгэндээ муу гэж боддог шиг байгаа юм, гэвч тийм биш, цагтаа Алистар хэтэрхий олон юм ярьдаг байсан, тэр асуудал одоо ард хоцорч дээ. Би Алистартай тулалдахад үргэлж бэлэн. Боломжийн хувьд хэн хэнд нь адил тэнцүү боломж бий, тулаан гэдэг урьдчилж таахын аргагүй зүйл.
Зодог тайлах болоогүй биз дээ?
Одоогоор тийм бодол алга.
Тамирчныхаа карьерыг дуусахлаар юу хийе гэж бодож байна?
Амарна, зурагт үзнэ, цааш нь амьдарна (инээв).
Bentley, хүүхнүүд, мөнгө, хэрэг төвөг... энэ бүхэн бэлтгэл хийхэд Тань садаа болдоггүй юу?
Би их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ, заримдаа сэтгэлээ барьж чаддаггүй тал бий... миний тухай байсхийгээд л цуурхал тардаг, гэвч энэ бүхэн надад тээр болдоггүй.
Та сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан уу?
Үгүй, хийлгэж байгаагүй.
Тулаанч болохоор шийдсэн тэр цаг мөчид эргэн очвол шийдвэрээ өөрчлөх үү? Тулааны тамирчин биш бол ямар хүн болох байсан бол оо?
Эргэлзэлгүй тулаанч болох байсан. Би 7 наснаасаа хичээллэж эхэлсэн, 11-тэйгээсээ тэмцээнд орж байна, энэ бүхний дараа би тамирчин болохгүй юм бол өөр хэн болох юм?
Бадр, Та хэн нэгнийг шүтдэг үү, шүтээн болсон тийм тамирчнаар хэнийг нэрлэх вэ?
Хэлэхэд хэцүү л юм.
Танд хийх дуртай цохилт, холбоос бий юу?
Гараар цохих дуртай. Анх Майк дээр ирэхэд миний гарын техник сул байсан, өрсөлдөгчөө гараар нам цохидог болтол минь Майк тун ч их ч хөлс урсгасан даа. Бусдаар бол техникийг дуртай, дургүй гэж хуваадаггүй.
Гудамжинд хэр их зодолдож байв?
Зодолдож байсаан (инээв). Бусад хүүхдийн л адил...
Та өөрийгөө К-1-ийн одоо цагийн шилдэг тамирчин гэдэгтэй санал нийлэх үү? Ирээдүйд ямар амжилт гаргаж, юунд хүрэхийг зорьдог вэ?
Би чамлахааргүй амжилтад хүрсэн, үүндээ сэтгэл өөдрөг явдаг, гэвч гарахыг хүссэн өндөрлөгийн тухайд яривал мөн ч хол байна. Гудамжинд гараад эхний арван хүнээс "Хамгийн шилдэг тулаанч хэн бэ?" гэж асуухад миний нэрийг хэлдэг болоосой гэж тулаанч бүр мөрөөддөг, би ч мөн адил үүнийг хүсч байна.
Урлагт хүчээ үзвэл ямар вэ... хөгжимд ч юм уу, эсхүл кинонд?
Би кино үзэх дуртай шүү! Кинонд тоглох ч юм уу, дуу дуулахаас татгалзахгүй. Гэвч сэтгэлийг минь баясгаж чадах болов уу даа... Сонирхолтой л сонсогдож байна, үзээд алдсан ч яахав дээ.


Бас л үнэн гоё зодолддог нөхөр байна аа...
ReplyDelete