Куинтон "Рампэйж" Жексон Yahoo! Sports-д өгсөн ярилцлагадаа, Жон Жонс өөрийнх нь клубт туршуул оруулж, Рампэйжийн бэлтгэлийг тагнаж байгаа гэнэ. Дашрамд сануулахад, UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Америк улсын 33 настай тамирчин "Рампэйж" Жексон 2011.09.24-нд болох UFC 135 тэмцээний гол тулаанд UFC холбооны хагас хүнд жингийн аваргын цолны төлөө одоогийн аварга Америк улсын 24 настай тамирчин Жон Жонстой учирч тулалдахаар ид бэлтгэл хийж байгаа билээ. Яагаад ингэж хардах болов гэж асуухад, Рампэйж, нэгэн шүтэгч нь Twitter-ээр дамжуулж, клубт нь мэдээлэгч шургалан орсныг анхааруулсан гэнэ. Энэ мэдээллийг шалгах зорилгоор Рампэйж гараа бэртээсэн тухай худал мэдээ тараахад, хэдхэн цагийн дараа UFC холбооны оноолт тааруулагч Жо Силва Рампэйжийн багийнхантай утсаар холбогдож, бэртлийн тухай яриа үнэн эсэхийг асуусан гэжээ.
Рампэйж Жексоны менежер Энтони МакГэнн Жо Силваг тайвшруулж, хэнээс тийм мэдээ сонссоныг нь асуухад, Жон Жонсын менежер Малки Кавагаас сонслоо гэжээ.
Уг мэдээллийг Малки Кава даруй няцааж:
"Бурхнаар андгаалъя, би түүний багт мэдээлэгч оруулаагүй. Энэ бүхэн ташаа мэдээлэл. Ямар ч тийм юм байхгүй. Рампэйж тэгэж хэлсэн нь инээдтэй юм, магадгүй өмнө нь Жон Жонстой хамт бэлтгэл хийж байсан зарим нэг тамирчид одоо түүнтэй нэг багт бэлтгэл хийж байгаа болохоор хардаж байгаа байх. Бидэнд тэгэх шаардлага байхгүй, Рампэйж ингэж ярьж байгаа нь үнэхээр инээдтэй юм. Энэ бүхнээс миний Жо Силвад хэлсэн зүйлээс бусад нь цөм худлаа шүү. Twitter-т Рампэйж бэртэл авч, ирэх тэмцээнд орох боломжгүй болоод байгаа тухай мэдээ гарсан байсан учраас, үнэн эсэхийг Жо Силвагаас асууж тодруулах гэсэн юм. Өөр юм байхгүй" гэж мэдэгдлээ.


No comments:
Post a Comment