2011/08/29

Александр Емельяненко: Шилдэгүүдтэй тулалдахад бэлэн байна

PRIDE FC холбооны ахмад тамирчин, Фёдор Емельяненкогийн төрсөн дүү Александр 2011.10.28-нд Польш улсын Варшав хотод болох Strefa Walk: Starcie Polsko-Ruski тэмцээнийг угтаж зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




- Александр, Та өмнө нь Польшд ирж байсан байх аа, Польшд байх ямар байна, сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

- Варшав их сайхан хот, польш хүмүүстэй харилцахаас авахуулаад энд бүрдүүлж өгч байгаа нөхцөл гээд бүх юм таалагдаж байна.

- 10-р сарын 28-нд болох тэмцээнд Таны өрсөлдөгч хэн байх бол оо, юу гэж бодож байна?

- Миний өрсөлдөгч тамирчин хэн байхыг хэлж мэдэхгүй нь, уул нь (Томаш) Новактай учрах ёстой байсан юм, гэвч бэлдэж амжихгүй гэдэг нэрийдлээр татгалзсан байна лээ. Шалтгаан нь зөвхөн энэ ч биш л дээ, KSW холбооныхон түүнд "цэвэр" байгаа рекордоо битгий муухай болго, уг тулаанаас татгалзвал мөнгө өгье гэж ятгасан юм уу даа. Ер нь бол хэнтэй ч нударга зөрүүлэхэд бэлэн байна. Хэнийг ч зодсон яахав.

- Та өнөөдрийн байдлаар бэлтгэл ямар байгаа вэ? Таныг сүүлд Питер Грэхэмтэй хийсэн тулаанд ямар байсантай харьцуулахад нэлээн турсан харагдаж байна...

- Тэхэд бэлтгэл тун муу байсаан, дахиж тэр тулааныг битгий үзээрэй (ичингүйрэв)... Одоо бол бэлтгэл сайн байгаа, формдоо орчихсон.

- Нэгдүгээр раунд санаа зовох зүйлгүй өрнөж дууссан, хоёрдугаар раундад юу болсон юм бэ?

- Хөлөө бэртээчихсэн юм аа, хажуугаар нь бэлтгэл муу байсан юм. Одоо бол тулалдахад бэлэн байна.

- Та Польшийн тулаанчдыг мэдэх хүн, жишээ нь PRIDE-ад (Павел) Настулатай рингэнд учирч байсан... Польшийн ММА-н тухай Таны санал бодол?

- Сайн гэхээр зүйл хэлж чадахгүй нь, Павел Настула нанад ялагдсан шүү дээ. Тухайн үед тэрээр намайг партерт шилжүүлвэл амархан ялна гэж байсан, гэвч би түүнийг хэвтээ тулаанд илүүрхэж, боох мэхээр ялсан. Бараг бүхий л тулааны турш бид хоёр барилдсаар байгаад таарсан юм.

- Та дэлхийн хэмжээний тамирчдаас хэнтэй нь учирч тулалдах хүсэлтэй байна вэ?

- Надад хамаа алга аа, хэнийг ч зодсон яахав, шилдэг л тулаанч байвал хэн байх нь чухал биш.

- Александр, Оросод Расул (Мирзаев)-ын эргэн тойронд маш их шуугиж байна, тэнд юу болсон юм бэ, энэ тухай Таны бодлыг сонсъё. (Оросын залуу ММА тамирчин Расул Мирзаев нь өнгөрөгч 14-ний шөнө Москва хотын "Гараж" шөнийн клубын гадаа бусадтай маргалдаж, Иван Агафонов гэдэг залууг ухаан алдтал нь цохисны улмаас, хохирогч эмнэлэгт ухаан оролгүй байсаар нас барсан юм. Орчуулагчийн тодр.)

- Би сайн мэдэхгүй ээ, Расул Мирзаевыг биечлэн танихгүй, бид өөр өөр цаг үед, өөр өөр жинд өрсөлддөг байсан болохоор өөрийг нь танихгүй. Болсон явдлын тухайд гэвэл тамирчин хүн тийм байдлаар биеэ авч явах ёсгүй гэж хэлэх байна. Мирзаевын түвшний мэргэжлийн тамирчин биеэ зөв авч явах ёстой юм...

- Энэ байдал Оросын ММА болон самбод муугаар нөлөөлөх үү?

- Үгүй дээ, энэ бол зөвхөн Расулд л муугаар нөлөөлнө: түүнд хорих ял өгвөл спорт карьер өнгөрлөө л гэсэн үг. Үүнд самбо, ММА ямар хамаатай юм? Ямар ч хамаагүй.


- Сергей Харитонов Та хоёрын харьцаа муудаад байгаа, тэрээр Таны сайн мэдэх Жош Барнеттай тулалдах гэж байгаа, Та энэ тулаанд Жош Барнеттыг дэмжих үү?

- Хэнийг нь ч дэмжихгүй, тулааныг нь ч үзэхгүй. Надад Барнетт, Харитонов нарын хэн хэн нь сонин биш, карьерыг нь ажиж сонирхоод байх тулаанчид биш юм. Харитоновтой үүссэн маргааны тухайд гэвэл, тэрээр KSW холбооныхонтой адил өөдгүй хүн юм. Хаанаас ч юм, хэнээс ч юм нэг юм сонсохлоороо цуурхал тараадаг... Фёдор бид хоёр түүнийг тулааны ертөнцөд хөл тавиулж, PRIDE-ын түвшинд гаргаж өгсөн, хожим мань эрийн тар нь танигдаж эхэлсэн л дээ. Фёдорыг халз тулаанд дуудаад л, өөрийгөө ирээдүйн PRIDE-ын аварга энэ тэр гээд л... ер нь нэг тиймэрхүү хүн ш дээ, цаадах чинь, муу хүн... Федя бид хоёр ярилцаж байгаад, эхлээд би тулалдах шийд гаргаж байж билээ.

- Магадгүй тэмцээн зохион байгуулагчид тулаан зохион байгуулах зорилгоор зориуд Та хоёрын дунд яс хаяад байгаа юм болов уу?

- Тэмцээн зохион байгуулагид үүнд ямар ч хамаагүй ээ. Би түүнийг нэг удаа ялсан шүү дээ, болгож тавьсан, түүнээс болж надад юм санаж явдаг шиг байгаа юм.

- Фёдортой холбоотой асуулт тавья: Фёдор дасгалжуулагч нараа сольж АНУ-ад очиж бэлтгэл хийх нь хэр зөв бэ?

- АНУ-ад очиж яах юм? Бразилд ч очоод байх шаардлагагүй. Юу хэрэгтэй вэ гэвэл, өнгөрснөө эргэн нэг харж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй.

- (Фабрисио) Вердүмээс хүлээсэн ялагдлынхаа дараа, эсхүл дараачийн ялагдлынхаа дараа ч юм уу дасгалжуулагч нараа солих шаардлага байгаагүй гэж үү?

- Би Федягийн араар болоод дасгалжуулагч нарынх нь араар олон юм яримаргүй байна. Дасгалжуулагч нар нь одоог хүртэл Федятай цуг байгааг бодвол Федя хийж байгаа ажилд нь сэтгэл хангалуун байна гэсэн үг. Харин зааж өгөх юмны хувьд тэд Федяд шинэ юм зааж өгөхөөсөө өнгөрсөн. Бэлтгэлийн дэгийг нь л хангаж өгнө үү гэхээс... Тиймэрхүү ажилд л тэнцэнэ. Ер нь бол Фёдор өөрийгөө хэнээр хүрээлүүлэх вэ гэдгийг үргэлж өөрөө шийддэг юм ш дээ.

- Эхнэрийх нь бие ямар байгаа вэ?

- Бүх юм хэвийн болсон, зүгээр байгаа.

- 28-нд хийх тулааныхаа дараа яах бодолтой байгаа вэ? Ялах эсэхийг Тань мэдэхгүй юм...

- Ялна аа. Дараа нь гэвэл, цааш нь тулалдана даа.

- Санал ирж байгаа юу?

- Тэгэлгүй яахав, олон холбоодоос санал ирж байгаа, гэвч одоо үүнийг ярих нь хэт яртэдсэн хэрэг болно. Хэлэлцээр амжилттай болооч уу, үгүй ч үү... дараа нь худлаа ярьсан хэрэгт орно. Миний сайтад орж тухайн үеийн шинэ мэдээллийг авна биз, би мэдээг нь тухай бүр шинэчилж байх болно.

- Александр, Та өнгөрөгч 2-нд 30 нас хүрсэн, баяр хүргэе! ММА тамирчин нэг жилд хэдэн тулаан хийвэл зохилтой вэ?

- Баярлалаа. Тав юм уу зургаа, за, зургаа ч арай ихдэх байх, тав бол сайхан таарсан тоо. Гэхдээ тамирчин маань тэмцээн болгондоо бэлтгэл сайтай орж байх ёстой, хүн бүр адилгүй шүү дээ.

- Та Польшийн ММА хорхойтнуудад хандаж үг хэлнэ үү.

- Ирж тэмцээн үзээрэй, спортоор хичээллэж, эрүүл чийрэг байгаарай. Өвдөж болохгүй шүү, сайн сайхан бүхнийг хүсье! Александ Емельяненко.

No comments:

Post a Comment