2011/07/06

Фёдор Емельяненко: Гэр бүлийнхэн маань намайг спортдоо үлдэх ёстойг ойлгож байгаа

Холимог тулааны орос домог Фёдор Емельяненкогийн sport-express.ru сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Дэн Хэндерсонтой хийх тулаан хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдлээ



Та Антонио Силвагаас ялагдал хүлээснийхээ дараа: "Зодог тайлах цаг нь ирлээ" гэхэд, бүх шүтэн бишрэгч Тань сэтгэл нь харууслаар дүүрсэн...

Тэгэж бичсэн болохоос, би бол: "Магадгүй, цаг нь ирсэн шиг байна" л гэж хэлсэн. Хоёр тулаанд өөрийн алдаанаас болж ялагдсан юм чинь, дахин азгүйтэх магадлал байна гэсэн үг. Харин гэртээ хариад, багийнхантайгаа сууж ярилцаад, цааш явах хэрэгтэй гэдэг дээр тогтсон.

Гэр бүлийнхнийнхээ саналыг авч үзсэн үү?

Тэгэлгүй яахав. Ээж, эхнэр хоёрын минь үг миний хувьд маш чухал. Эхнэр маань спортоо орхивол дээр гэж бодож байгаа байх л даа. Ээж маань ч одоо болно гээд байгаа. Ээжид хүмүүс утсаар ярьж гуйдаг гэсэн... Тэд маань намайг зодог тайлахыг хүсч байгаа ч дотроо бол, намайг спортдоо үлдэх ёстойг ойлгож байгаа.


Чикагод 7-р сарын 30-нд тулалдах гэж байгаа Таны өрсөлдөгч Хэндерсон одоо 40 настай. Хорон үгт хүмүүс: "Емельяненкод "мешок" олж өгч дээ!" гэж хэлэхээс имээхгүй байна уу?

Үгүй. Яагаад гэвэл Дэн Хэндерсон бол өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчдын нэг юм. Тэрээр тогтвортой сайн үр дүн үзүүлж байгаагүй ч үргэлж шилдэг 10 тамирчны жагсаалтад багтсаар ирсэн. Түүний хийсэн тулааны жагсаалтыг аваад үзэхэд л бүх юм тодорхой харагдана. Хэндерсон тав билүү зургаан аваргын бүс авч чадсан хүн ш дээ.

Та Оросын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг хуй салхитай жишсэн байна лээ...

Шууд утгаараа бол мэдээж хуй салхи биш, гэвч тэрээр тэсрэлтэт хурдтай. Шидлээ, дайрлаа, цохилоо - ингэж огцом хөдлөж олон тулаандаа ялалт байгуулсан. Хэндерсон тэсвэр сайтай, хөл дээр сайн ажилладаг, барилдахдаа ч сайн.

Хоёр дараалан ялагдаад байгаа энэ үед тулааныхаа өмнө сандрах нь илүү байна уу?

Үгүй.

Тэгвэл, бэлтгэлдээ илүү их анхаарах болсон байх аа.

Би тулаан болгондоо сүүлчийн тулаанд орох гэж байгаа мэт бэлтгэдэг. Өрсөлдөгч бүрийг хүндэтгэх хэрэгтэй.

Ялагдал хүлээсэн хоёр тулаан Тань хоёр өөр түүх үү, эсвэл бүүр хандлага болоод байна уу? Ялагдсан шалтгаанаа олж тодохойлсон уу?

Дүгнэлт хийсээн, гэхдээ энэ тухайд хүмүүс интернэтэд ярьдаг шиг тэгэж дэлгэрүүлж яримааргүй байна. Бид чамлахааргүй шамдаж ажилласан: партерд ч тэр, босоод ч тэр... Яахав, нэг газар алдсан л болж таарч байна.

Тамирчин асан, одоо жүжигчний карьер хөөж байгаа Олег Тактаровыг та мэднэ, тэрээр саяхан: "Емельяненко галт тэрэгтэй мөргөлдөхийн оронд (Антонио Силватай тулалдсаныг хэлж байгаа юм. Орчуулагчийн тодр.) Вердүмтэй даага нэхэх байсан юм" гэж хэлсэн байна лээ. Түүний зөв үү?

Үгүй дээ, буруу. Энэ бол спорт, бүх зүйл бодож сансанаар болно гэж байхгүй. Мэдээж Вердүмтэй даага нэхэх бодол байлгүй яахав. Гэвч бид чинь хүмүүсийн өмнө үүрэг хүлээгээд байгаа, жишээ нь Strikeforce-ын эздийн өмнө.


Тэр бразил эртэй дахин тулаанд учрах магадлал бий юу?

Бий гэж бодож байна. Эхлээд Хэндерсонтой учирна, тэгсний дараа цааш юу болох нь тодорхой болно.

Одоо бол Вердүмээс гадна Силвагаас ч даага нэхэх шаардлагатай болоод байна. Та энэ хоёрын алинд нь илүү өсөрхөж байна вэ?

Надад өс санасан юм алга.

Тактаровын хэлсэн бас нэг зүйлийг дурьдъя л даа: "Фёдор боолчлол маягийн юманд орчихоод байгаа. Манай тулаанчид маань хувийн тооцоотой хэн нэгэн бий, тэр хүн түүнд ер тулаан өгөхгүй ч байж болох байсан." Юун тухай ингэж хэлсэн бол оо?

Олег өөрөө л мэдэж байгаа байх.

Гэрээний боолчлолын тухайд хэлсэн байх л даа.

Урьд нь би япончуудтай онцгой гэрээ (байгуулсан гэрээний холбооноос өөр холбоонд тулалдахгүй байх үүрэг хүлээсэн тийм гэрээ) байгуулж байсан. Одоо америкчуудтай тийм гэрээтэй, гэхдээ "япон гэрээ"-г бодвол тийм ч онгой биш, ерөнхийдөө Оросод бол тулаан хийж болохоор байгаа, гэвч... Оросод бол дэмжлэг хангалтгүй байна гэх үү дээ, гэтэл тэмцээн зохиох бол, үнэхээр л өндөр түвшинд зохион байгуулах хэрэгтэй.

               Фёдор Емельяненко, дүү Александртайгаа спарринг хийж байгаа нь

"Денис Лебедев - Рой Жонс" тулаан хэр таалагдав? Таны нөхөд бодсоноо гүйцэлдүүлж чадсан уу?

Нөхөд юу бодсон - түүнээ л гүйцэлдүүлсэн (Инээв)... Миний хувьд гэвэл сэтгэл дундуур үлдсэн. Лебедев бол гайхалтай тулаанч, би түүнийг маш их хүндэлдэг. Өмнөх тулаандаа Денис ялсан гэж боддог, гэвч ялалтыг аваргад өгчихсөн. Харамсалтай нь тэр үед сурталчилгаа ч явуулаагүй, хүмүүс ч тулааны тухайд яриа өрнүүлээгүй. Хэн ч орос омогшил гэж яриагүй, манай боксчны бахархлыг хэн ч дурьдаагүй... Явж явж Денис сүүлийн үед дандаа ялагдал хүлээгээд байгаа хүнийг л ялсан шүү дээ. Тайлбарлагч нарын тайлбар надад ерөөсөө таалагдаагүй. Дэндүү хийрхэж яриад л, Ройн тухайд илүү юм их ярьсан.

"Илүү" гэж чухам юу? Гутаасан зүйл үү?

Үл хүндэтгэсэн зүйлийг.

Жонсыг ашиглаж өөрсдийгөө дөвийлгэх гэсэн хүмүүсийн урьхинд Жонс өөрөө орж, эцэст нь ийм байдал үүсчихээд байна гэж Танд бодогдож байв уу? Тэрээр урт замыг туулсан хүн, уул нь зүгээр л зодог тайлж болох байсан шүү дээ.

Ойлгож байна аа. Гэхдээ хүн урьдын адил рингэнд гарч л байгаа бол түүнд ингэх шаардлага байгаа гэсэн үг.

Санхүүгийн шаардлага уу?

Тийм л бололтой. Тэрээр нээрээ ч нэрийг нь ашиглах гэсэн хүмүүсийн урьхинд орсон байж мэднэ. Гэхдээ манайхан тэмцээнийг арай хэтрүүлээд хөөргөчихсөн. Тэртэй тэргүй Рой Жонс бол Рой Жонс шүү дээ. Тэрээр, магадгүй бүх цаг үеийн шилдэг боксчин байх.

Таны халаасанд өнгийж харах гэсэн юм биш шүү, Фёдор, гэхдээ Та олсон мөнгөөрөө дэлхийн аль ч оронд очоод амар сайхан жаргах бололцоотой биз дээ? Гэтэл Та Оросод байгаад байдаг. Амьдрах орон сууцны хувьд асуудалгүй биз дээ? Та бага байхдаа нийтийн байранд олуулаа байдаг байсан...

Үргэлж Старый Осколд байсан, одоо ч байгаа. Амьдрах сууцны хувьд жин тан, надад гомдоллох юм алга, баярлалаа.

Саяхны нэг ярилцлагадаа Костя Дзю Оросод хүмүүс цаг барьдаггүй, маш бүдүүлэг, аягүй аашладаг болохоор энд байхын аргагүй юм гэж ярьсан байна лээ.

Эх орон гэдэг хүүний ижийтэй адил. Эх орон байгаа л бол түүнийг байгаагийнх нь төлөө хайрлах учиртай. Хүний ээж хүн өвдөж болохтой адил, улс оронд ч саар юм болдог. Би Оросод төрсөндөө Бурханд талархаж явдаг. Харин хүмүүс аягүй аашладаг, цагаасаа хоцордгийн тухайд бол... Хүмүүст сайнаар хандаж, эерэг цэнэг бэлэглэж байвал, тэд ч эргээд өөртэй чинь адилхан харьцана. Алив юманд уурлаж байгаа бол бусдадаа сөрөг цэнэгийг бүү өг. Хүнд юмыг зөвөөр, аятайхан тайлбарлаад ойлгуулж болно оо доо.

Та бол чадалтай хүн. Таны дэргэд шударга бус зүйл болбол Та яадаг вэ? Хутгалдаж ордог уу, эсвэл хөндлөнгөөс хараад үлддэг үү?

Муу зүйлийг даврааж болохгүй. Хажууд чинь тийм юм болоод байгаа бол зүгээр зогсоод байж болохгүй, хутгалдаад орох хэрэгтэй. Ер нь бол би юмны учрыг хэл амаараа олохыг хичээдэг.

Ямагт дээд түвшинд байхын тулд байнга шинэ зүйлд суралцах нь тийм шаардлагатай юм уу? Таныг хараад байх нээ Та бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг шиг ээ.

Би олон чиглэлд өөрийгөө бэлддэг. Энэ тухайд яриад байх хүсэл алга, гэхдээ би хөлөөрөө, гараараа ажилладаг шигээ ажиллаж чаддагүй. Тай бокс нилээд давтаж байгаа, олон зүйлд ч суралцсан, гэвч тэмцээнд сурсан эрдмээ гаргаж чадахгүй л байна. Гарын хувьд бол бүх юм болоод байна, харин хөлөө бол голдуу хамгаалахдаа л ашигладаг.

Сүүлчийн асуулт бол хамт олны асуулт, тулааны урлаг сонирхож, түүгээр хичээллэдэг найз нөхөд минь асуусан юм: Яавал Фёдор Емельяненко шиг болох вэ?

Надад энэ асуултыг тавих бүрт би: "Яах гэж? Юунд хүрэх гэж?" гэж асуудаг юм.

Та хариулах гээд үз л дээ.

Зоримог байх хэрэгтэй. Байнга ажиллаж, ядаргаа, өвдөлтийг тэвчиж, энэ их өвдөлттэй амьдарч чаддаг байх хэрэгтэй. Мөн Эх орноо хайрлаж, амьдрал заяасан Бурханд талархаж байх хэрэгтэй.

                  Александр, Фёдор, Владимир Воронов (Ерөнхий дасгалжуулагч)

Mixfight.ru сайтаас авсан уг фото зургийг Фёдорын баг хүчил төрөгч сийрэг газар болох Кисловодскийн сувиллын газар хийж байгаа бэлтгэлийн үеэр авчээ.

1 comment: