2011/07/07

Болормаа: Тулааны өмнө Монгол улсынхаа Төрийн дууллыг сонсдог

Японы, эмэгтэйчүүдийн холимог тулааны JEWELS холбоонд өрсөлдөж байгаа Монголын анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй ММА тамирчин Эрдэнэбилэгийн Болормагаас, нөгөөдөр оролцох гэж байгаа тэмцээнийх нь өмнө авсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.




Сайн байна уу, Болормаа? Зав гаргаж, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.

Сайн, сайн байна уу? Зүгээр ээ.

Анх холимог тулааны спортод хэрхэн хөл тавьснаас ярилцлагаа эхэлье.

Хожим нь Япон дахь анхны дасгалжуулагч маань болсон Ёшида Марико гуай анх 2007 онд про-реслингийн эмэгтэй тамирчны эрэлд Монголд ирэхэд нь шалгуулж тэнцсэн юм. 14 хоногийн дараа Японд очоод, гурван сар бэлтгэл хийгээд анхны тэмцээндээ орж байлаа. Ийм маягаар гурван жил болсон. 2010 оны эхэнд надад холимог тулааны спортод хүч үзэх санал ирэхэд нь би шууд зөвшөөрсөн, угийн холимог тулаанд сонирхолтой байсан л даа. Тэгээд Акира Шожи багшийн удирдлага доор Smash Alley Gym-д бэлтгэл хийх болсон, холимог тулааны дүрмээр болсон анхны тэмцээндээ яг нэг жилийн өмнө орж байсан. Ингэж л анх холимог тулааны спортод хөл тавьсан даа.


Про-реслингийн дүрмээр хэдэн тулаан хийсэн бэ?

Ө-ө, тэр ч тоогоо алдсаан. Про-реслингийн шоу ойр ойрхон болдог болохоор, гурван жилийн дотор 100 гаран тэмцээнд орсон байх.

Одоогийн бэлтгэл хийж байгаа Smash Alley Gym нь холимог тулааны дагнасан клуб уу, хэдэн тамирчин бэлтгэл хийдэг юм?

Цэвэр холимог тулааны клуб. Одоогоор зургаан тамирчин байгаа, эмэгтэйгээс би ганцаараа.

"Есүй" гэдэг рингний нэрээ хэрхэн яаж сонгсон тухайгаа яриач.

Про-реслингийн шоу тэмцээнд оролцдог байхад япон хүнд хэлэхэд амархан бөгөөд тод нэр хэрэгтэй болсон. Япон хэлэнд "л" үсэг байхгүй болохоор миний нэрийг бүтнээр дуудах нь жаахан бэрхшээлтэй байдаг юм. Тэгээд Их сургуулийнхаа найзтайгаа ярьж байгаад Есүй гэдэг нэрийг сонгосон юм.

Таны бэлтгэлийн нэг өдөр хуваарийн дагуу хэрхэн өнгөрдөг вэ?

Тэмцээн дөхөөд ирсэн үед бэлтгэлээс өөр юу ч хийдэггүй. Өглөө 8 цагт босч өглөөний цай ундаа ууна, 11 цагт өглөөний бэлтгэл эхэлж 14 цагт тарна, бэлтгэлээ тарж ирээд үдийн хоолоо иднэ, тэгэж байтал оройн бэлтгэлийн цаг болчихдог, оройн бэлтгэлдээ явж ирээд л жаахан чөлөөт цаг гарна, тэгэж байтал унтах цаг болно. Маргааш нь бүх юм шинээр давтагдана...
Өглөөний бэлтгэлдээ босоогоос цохих техник давтна, харин оройны бэлтгэлд босоо болон хэвтээ барилдаан, өчих, боох мэх зэргийг давтдаг.

Та бэлтгэлийн үеэр хоолоо сойдог уу? Ямар хоолонд дуртай вэ?

Миний хэвийн жин: 63 - 65 кг, одоо - 65 кг-ын жинд өрсөлдөж байна, нээх жин хасаад байх шаардлага гардаггүй болохоор хоолоо ч сойгоод байдаггүй. Гэхдээ - 60 кг-ын жинд тэмцээнд орох болбол мэдээж зарим нэг хүнснээс татгалзах л болно. Хоолны тухайд бол ногоотой шөлөнд дуртай даа.



Та бэлтгэлийн үеэрээ хөгжим сонсдог уу, сонсдог бол ямар хөгжим сонсдог вэ?

Нийтийн бэлтгэлийн танхимд хөгжим тавиад байдаггүй л дээ. Харин гүйх бэлтгэл хийхдээ чихэвчний хөгжим сонсдог. Янз бүрийн чиглэлийн хөгжим сонсоно оо, гэхдээ голдуу dance чиглэлийн хэмнэлтэй хөгжим... Lady Gaga г.м. Тулааныхаа өмнө бол Монгол улсынхаа Төрийн дууллыг сонсож зоригшдог.

Нэрд гарсан ММА тамирчдаас хэнийг онцлох вэ? Шүтдэг тамирчин бий юу?

Рэнди Күтүрийг хэлнэ... Үнэхээр гайхалтай тамирчин.

Рэнди Күтүр гэснээс, Танд Рэндигийн салсан эхнэр Ким Күтүртэй тулалдах санал ирж байсан гэж сонссон юм байна...

Тийм, нодлин жилийн 10-р сард тэмцээн зохион байгуулагчдаас нь санал ирэхэд зөвшөөрч, жингээ эрчимтэй хасч байтал, Ким бэлтгэл дээрээ бэртээд оролцох боломжгүй болсон. Макаод болох байсан тэр тэмцээн санхүүгийн бэрхшээлээс болж болоогүй л дээ.

Танд холимог тулааны спортоос гадна сонирхдог зүйл бий юу, хобби ч юм уу?

Бэлтгэлийн ачаалал бага байх үед сагсан бөмбөг тоглох дуртай. Кино үзэх дуртай. Хобби гэхээр юм байхгүй ээ. Энэ спортдоо л бүхнээ зориулаад явж байна.

Та өмнө нь самбо, жүдогоор хичээллэж байсан байх аа?

Тийм, Шийрэв багшийн удирдлага доор дөрвөн жил самбо, жүдогоор хичээллэсэн.

Таны тулааныг үзэж байхад тулааны арга барил Тань бөх биш цохих техник нь давамгайлсан юм шиг санагдсан...

Японд ирээд цохих техникт нилээд сайн суралцсан, босоо тулаандаа итгэлтэй байдаг шүү.

Ирэх бямба гаригт болох тэмцээнд өрсөлдөх Хироко Яманака өөрөөс Тань 8 см өндөр, босоогоос цохих арга барилтай, гэхдээ барилдахдаа тааруу тамирчин байна лээ. Та энэ тулаанд ямар тактик барих гэж байгаа вэ? Хироко мөч илүү урт болохоор Танд босоогоос тулалдах нь ашиггүй байх, давуу талаа ашиглаж унагаахыг оролдох уу?


Би босоо техниктээ итгэлтэй байгаа гэж түрүүн хэлсэн, зууралдаад л авахгүй бол босоогоос л тулааныг дуусгах бодолтой байгаа. Багш маань ч энэ тактикийг барих нь зөв гэсэн.

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Ирэх бямба гаригт болох тэмцээнд Тань амжилт хүсье! Танд монголчуудадаа хандаж хэлэх зүйл байна уу?

Намайг үргэлж дэмжиж, өлзийтэй сайхан үгээр тэтгэж, байнга урам хайрлаж байдаг элэг нэгт ахан дүүсдээ маш их баярлалаа гэж хэлье. Итгэлийг нь алдахгүй, ялалт байгуулахын төлөө сайн хичээнэ ээ.

4 comments:

  1. Сайхан ярилцлага байна. Амжилт хүсье. Ялна гэдэгт чинь итгэж байна.

    ReplyDelete
  2. Амжилт Болормаа :)) Very cool indeed

    ReplyDelete
  3. Amjilt husyee Bolormaa...

    ReplyDelete
  4. Bolormaag mash ih demjij bn shoooo! Uragshaa!

    ReplyDelete