2011/07/03

Дэвид Хэй: Би бэртэлтэй тулалдсан юм

Хэдэн цагийн өмнө WBA холбооны аваргын бүсээ Украйны боксчин Владимир Кличкод алдсан Британий боксчин Дэвид Хэй, тэмцээнд бэртэлтэй оролцсон гэж мэдэгдлээ.

"Би цохилтыг нь гаргаж, сөрж довтлож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан боловч, баруун хөлөөрөө олигтой түлхэлт авч чадахгүй байсан. Гурван 7 хоногийн өмнө миний хөлийн хуруу хугарсан, өвчин намдаах бэлдмэл хэрэглэсээр бэлдэж ирсэн дээ. Тулаанд баруун хөлөөрөө хүчтэйхэн түлхэлт авах боломж байгаагүйд их харамсалтай байна. Өрсөлдөгчийнхөө эрүүг нь харсаар байж, хурдан хөдлөх боломжгүйгээс, түүнд нь хүрж чадахгүй байх шиг хөгийн юм гэж алга аа. Өвчин намдаах бэлдмэлд найдсан л даа. Гэвч өвдөлтөөсөө болж их шаналлаа. Би цохих зайнд орж чадахгүй байлаа. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайлах шуугианд өвчнөө мартчих болов уу гэтэл, баруун хөлөөрөө түлхэлт авах болгонд нэг л болж өгөхгүй байсаар, баруун гараараа түүнд хүрч чадсангүй. Хамаг учир үүнд л байлаа. Би чадах бүхнээ хийсэн, тэрээр намайг хэд хэдэн удаа маш хүчтэй онож цохьсон, үүнээс миний цохилт даах чадвар хэр байгаа нь харагдсан байх. Владимир бол дэлхийн хамгийн хүчтэй цохьдог боксчдын нэг. Тэсвэрийн хувьд би сайн байгаа, ганц болохгүй байгаа зүйл бол энэ хөлийн бэртэл, би ерөөсөө түлхэлт авч чадахгүй байлаа. Энэ байдал намайг их бухимдуулсан. Миний амдьралын хамгийн хэцүү тулаан боллоо."


Дэвид тэмцээний өмнө өрсөлдөгчөө ихэд басамжилж, элдвээр дууддаг байсан бол, тэмцээний дараа Владимирт хандах хандлагаа өөрчилжээ.

"Тэрээр агуу тулаанч юм, үнэхээр сайн байлаа. Гэвч тэр баруун гараараа цохиж чадахгүй байсан бол би ч гэсэн түүнийг дийлэх байсан. Тэр надаас 30 фунтаар илүү хүнд, намайг хэд хэд хүчтэй цохьсон, гэвч би тэсээд гарсан. Би агуу тулаанч гэдгээ баталсан гэж бодож байна. Би бүхий л карьерынхаа турш бэртэж байлаа, бэртэл болгон урам хугалах юм. Түүнийг хол зайнаас цохих боломжгүй байсан болохоор өөр лүүгээ дуудаж, гараа буулгаж өрөхөд хүргэсэн. Гэвч тэрээр ухаалаг хандаж, тэмцээнийг оноогоор яллаа."

No comments:

Post a Comment