2011/07/03

Нейт Маркуард холбооноос хөөгдөх болсон шалтгааныхаа тухайд

Өнгөрөгч сарын 27-нд болсон UFC on Versus 4 тэмцээний гол тулаанд АНУ-ын тамирчин 32 настай Нейт Макуард оролцох байсан ч, тэмцээний өмнөх өдөр UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт, Нейтийг холбооноос хөөсөн тухай мэдэгдэж, яагаад ингэх болов гэсэн олны асуултад, тэрээр их муу зүйл хийсэн гэхээс өөр тайлбар өгөлгүй, шалтгааныг учир битүүлэг хэвээр үлдээсэн билээ. Энэ нь Нейт жингээ хасч чадаагүй, хар тамхи хэрэглэсэн гэж таамаглахад хүргэж байсан юм.

                                                     Нейт Маркуард

Гэтэл саяхан Нейт энэ асуудлын талаар MMAFighting.com сайтад ярилцлага өгч, хэргийн учир дааврын эмчилгээнд байгаа юм гэж хэллээ. Түүний ярьснаар, нодлингоос Нейтийн биед эр бэлгийн даавар тестостероны хэмжээ багасах болж, ихээр тамирдах болсон байна. Ийм учраас тестостероныг хэвийн хэмжээнд нь оруулахаар дааврын эмчилгээ хийлгэх болсон, ингэхдээ энэ тухай UFC-ийн удирдлагад мэдэгдсэн аж.

Тэмцээн дөхөж ирэх үед дааврын хэмжээ бага хэвээр байсан болохоор эмчийнхээ заавраар эмчилгээгээ үргэлжлүүлжээ. Харин тэмцээний өмнөх өдөр болдог жин хэмжих арга хэмжээний үеэр тестостероны хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их байсан нь илэрч, эмчийн магадлагаагаар тэмцээнээс хасагдсан юм байна.

Спортын ертөнцөд, тамирчны биед байгаа эр бэлгийн даавар болох тестостерон гэдэг бодис хэвийн хэмжээнээсээ их байвал, түүнийг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж үзээд, тухайн муж улсын спорт хорооноос тухайн тамирчны (хэрэв тулаан хийж ялалт байгуулсан бол) тулааны үр дүнг хүчингүй болгож, тэмцээнд тамирчны хувиар оролцох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасдаг ажээ.

Өнгөрөгч 4-р сард UFC-ийн бас нэг өөр тамирчин Чел Соннен яг ийм шалтгаанаар эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан юм. Харин Соннен Спорт хорооны гишүүдэд дааврын эмчилгээ хийлгэж байгаагаа урьдчилж хэлсэн болохоор, хорионы хугацааг нь хагас жилээр хасч зургаан сар болгосон юм.

No comments:

Post a Comment