2011/06/21

Кличко, Хэй нарын нүүр тулсан ярилцлага (Видео)

Ирэх 7-р сарын 2-нд Герман улсын Хамбург хотод болох мэргэжлийн боксын аваргын цол нэгтгэх тулааныг угтаж WBA холбооны супер хүнд жингийн аварга Англи улсын боксчин 30 настай Дэвид Хэй, WBO, IBF, The Ring холбоодын мөн жингийн аварга Украйн улсын боксчин 35 настай Владимир Кличко нарын HBO ТВ-эд өгсөн нүүр тулсан ярилцлагыг бүрэн эхээр нь уншина уу.



Макс Келлерман:

Владимир, Дэвид, та хоёр юуны өмнө гар барихгүй юм уу?

Дэвид Хэй:

Таньтай бол барина аа...(гараа сунгав)

Владимир Кличко:

Надтай барихгүй юу?

Дэвид Хэй:

Барина аа... Чамайг 7-р сарын 2-нд цочролд оруулж, шуугиан тарина аа.

Владимир Кличко:

Макс надтай гар барилаа.

Макс Келлерман:

Дэвид, Та яагаад түүнтэй гар барихгүй байгаа юм бэ?

Дэвид Хэй:

Тулаан эхлэхийн өмнө дэвжээний шүүгч хэлэхэд нь л гар барья.

Макс Келлерман:

Та хоёр бие биедээ үнэн голоосоо дургүй юм шив. Владимир, Таньд яагаад Дэвид Хэй таалаагддаггүй юм бэ?

Владимир Кличко:

Юу гээч, энэ залуу сүүлийн жилүүдэд дэндүү олон юм ярилаа. Түүний биеэ авч яваа байдал, хэлж ярьж байгаа зүйлээс олон зүйлийг олж харж болно. Чихэндээ зүүсэн ээмэг, өмссөн хувцас нь гээд л... Дэвид үнэн хэрэгтээ харагдаж байгаа шиг ээ тийм хүн биш, дүр эсгэж байгаа юм. Чанга эр мэт харагдах гэж хичээдэг боловч, үнэндээ бол лойдсон амьтан. Лойдсон амьтан гээд хочилсон ч болно. Тэр од болохыг мөрөөддөг. Тэгээд юу гээч, тэр хийж байгаа зүйлдээ амжилт гаргаж чадсанд нь хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байх. Тэр хэл ам хийсээр байгаад надтай тулаан хийх болчихоод байна. Ямар аргаар үүнд хүрсэн нь хамаагүй, хамгийн гол нь тэр зорьсондоо хүрлээ. Тэр: "Би ингэнэ! Би тэгнэ!" гэж олон гуагчилаа. Гэвч цаг нь тулахаар, тулаандаа ирэхгүй алга болчихдог. Тэгээд ямар ч эмчийн магадлагаа, юу ч үзүүлдэггүй. Одоо энд суугаад л юм ярьж байх гэж... Тийм болохоор, тэмцээний өдөр Дэвид Хэй рингэнд гарч ирэхээс наана би тулаан болно гэдэгт бүрэн итгэхгүй.



Макс Келлерман:

Дэвид, Та яагаад Владимир Кличког үзэн яддаг юм бэ? Та үзэн яддаг юм шиг байна л даа...

Дэвид Хей:

Яагаад гэвэл наадах чинь жинхэнэ тэнэг мал байхгүй юу. Юу ярихыг нь сая сонссон чинь, юугаа ч ойлгоогүй байгаа юм байна ш дээ. Үнэндээ би чамайг 7-р сарын 2-нд нам цохиж унагаана, чи Кори Сандерс, Лэймон Брүстер нартай яаж арчаагаа алдлаа - яг түүн шигээ газар мөлхөх болно. "А-а-а! Тэр дахиад л над руу дайрах нь, хаашаа зугтаадаг юм билээ?!" гэж дахиад сандрах болно. Чамайг цуцааж байгаад нам цохино оо, гайгүй. Чи тулааны турш "урд гарын шулуун" цохиж, болохоо байхаараа тэвэрч аваад зуураалдаад байна гэж бодож байвал санасны гарз. 7-р сарын 2-нд та бүхэн гойд сайн жижиг боксчин ба зүгээр л сайн үлэмж том боксчны ялгааг харах болно.

Владимир Кличко:

Бид хоёр ингэж суугаад зөндөө ярилцаж байсаан. Хэвлэлийн бага хурал дээр гэх мэтчилэн. Гэвч эцсийн эцэст болсон юм юу ч байхгүй дуусдаг. Миний хэлснээр, тэр 2009 оны 6-р сарын 20-нд тулаандаа ирээгүй юм ш дээ.

Дэвид Хэй:

Чи бэртэж байгаагүй юм уу?

Владимир Кличко:

Надад хэн ч, ганц ч эмчийн магадлагаа үзүүлээгүй.

Дэвид Хэй:

Чамд тийм их хэрэгтэй байгаа юм уу? Надад байгаа ш дээ.

Владимир Кличко:

Дэвид Хэй худлаа ярина гэж жигтэйхэн шүү... "Би Chelsea-ийн цэнгэлдэх хүрээлэнг түрээслэж авна!" гээд байсан, хаа байна?

Макс Келлерман:

Таныг Владимир буруутгаж байгаад ямар хариулт өгөх вэ? Таныг худалч, худлаа янгуучилж тулаанаас зайлсхийсэн, ямар ч бичиг баримт үзүүлээгүй гээд байна шүү дээ. Та үүнд юу гэх вэ?

Дэвид Хэй:

Тэгэж бодмоор байгаа бол бодог. Тэгэж бодоод, санаагаа амрааг. Би чамаас айгаад тулаанаас зайлсхийсэн гэж бодох дуртай бол дураараа л бол, намайг гарах гарцгүй болтол шахаанд оруулсан гэж бодохгүй л бол шөнө нойр хулждаг бол наад бодолтойгоо унтсан ч хамаа алга.

Владимир Кличко:

Үгүй дээ, би зүгээр л чамайг надаас айж байгаа гэж бодож байна. Гүй ээ, би чамд боломж өгч байгаа биз дээ...

Дэвид Хэй:

Би ч гэсэн чамд боломж өглөө гэж болох юм шүү!

Владимир Кличко:

Би Дэвид Хэйгүйгээр амьдраад байж чадна аа...

Дэвид Хэй:

Би ч гэсэн чамгүйгээр санаа амар байж чадна!

Владимир Кличко:

Ах бид хоёр өөрсдийнхөө карьерыг үргэлжлүүлж л явна. Тэгтэл жижиг ноход саваагүйтэж саранд их хуцах юм даа. Энэ их хурц гэрэл, видеокамераас боломж байгаа дээр нь ханатлаа сэтгэлийн цэнгэл аваарай. Боломж байгаа дээр нь...

Макс Келлерман:

Мэйвэдер, Пакиао нарын тулааныг эс тооцвол та хоёрын тулаан өнөөдрийн хувьд хамгийн их ашиг орлого олохоор байгаа. Владимир Таныг хэл ам хийсээр байгаад энэ тулаанд хүрсэн гэлээ. Та үүнд юу гэж хариулах вэ?

Дэвид Хэй:

Намайг хэл амтайгаас цаашгүй гэж бодож байгаа бол би түүнд өвдөлт гэж юу байдгийг мэдрүүлээд өгнө өө. Тэр анхаарлаа рингэнд биш, харин миний юу өмссөн, юу зүүсэнд хандуулж байгаа юм биз дээ. Намайг гаднах байдлаар минь дүгнэж байгаа бол тэнэг л байна. Рингэнд орж байж л миний хурд, цохилтын өнцөг, цохилтын хүч зэргийг мэдрэх боломжтой, чи над шиг ийм чадвартай бэлтгэл хангагч олно гэж байхгүй. Хэрэв олж чадсан бол чи хэдийнээ нам цохиулах байсан юм.

Владимир Кличко: (Кличко Келлерманд нүд ирэмснээ)

Өөрийгөө агуу гээд бодчихож ээ.

Дэвид Хэй:

Хамгийн гол нь тийм гэдгийг энэ ойлгох юм бол болох нь тэр.

Владимир Кличко:

Энэ өөрийгөө агуу мэтээр гаргаж тавих юм аа. Санаандаа бол аваргыг, Кличког хэдийнээ зодчихож.

Дэвид Хэй:

Би дэлхийн аварга болно оо.

Владимир Кличко:

Санаандаа бол хэдийнээ дэлхийн аварга. Ах дүү Кличко нарын цогцос дээр үсэрч, тасдсан толгойг нь гартаа бариад үзчихэж ээ.

Макс Келлерман:

Та өнөөх цамцыг хэлээд байна уу?

Владимир Кличко:

Тэр цамцыг ч гэсэн, энэ тиймэрхүү юманд их дуртай юм ш дээ...

Макс Келлерман:

Тэр цамцны тухайд ярилцъя. Дэвид Хэй ах дүү Кличко нарын толгойг тасдаж хоёр гартаа бариад, цогцосон дээр нь зогсож байгаа зурагтай цамц өмсөж байсан юм... Владимир, Та үүнд маш ихээр эгдүүцсэн байх аа. Яагаад?

Владимир Кличко:

Тийм ээ, цогцосон дээр зогсож байгаа зураг, түүнээс гадна Men's Health сэтгүүлд гарсан зураг байна. Үнэхээр тэнэг, инээдтэй, бас муухай. Ёстой нэг бүсэлхийгээс доош цохилт болсон. Тулааныг сурталчлах тодорхой аргууд бий л дээ. Гэхдээ тэр бол арай дэндэнэ. Чиний хэн гэдэг, юу хийдэг, хаана байдаг чинь огт хамаагүй, аливаа юманд зах хязгаар гэж байдаг юм.

Макс Келлерман:

Дэвид, Та энэ тухайд ямар бодолтой байна?

Дэвид Хэй:

Би тэгээд хэн нэгний толгойг нь илээд унтуулах гэж бүүвээлж байгаа зурагтай цамц өмсөх байсан юм уу? Товчхон хэлэхэд, би ах дүү Кличко нарын хоюулангийнх нь толгойг авмаар байна. Ямар ч эргэлзээ байхгүй. Чиний, бас ахын чинь толгойг. Би авах л болно. Энэ жил хоюулангийн чинь толгойг авна аа. Би тэгэх гэж л энэ тулалдаанд орсон. Ах дүү Кличко нар бүх бүсийг авбал манай жингийн бүх тамирчдын хувьд том доромжлол болно. Би үүнийг зөвшөөрөхгүй. Боксыг бодож, дэлхий ертөнцийг бодож, орчлон хорвоог бодож би чиний бүснүүдийг тайлж авна, жаал аа.

Макс Келлерман:

Владимир, Таныг хэн нэгэн доромжлоход Та тоодоггүй, гэвч Виталий та хоёрын тасдсан толгойтой зураг гарч ирэхэд болон, одоо Хэй Виталийн тухай муу хэлэхэд Таны хувьд энэ нь доромжилж байгаагүгээр доромжлохтой адил болж байна, тийм уу?

Владимир Кличко толгойгоо савлан дуу гаргалгүй инээв

Дэвид Хэй:

Чи бүүр цочролд ороо шив дээ.

Сайхан тулаан болно доо, энэ ч сайхан тулаан болно. Бүүр мэдрэгдээд байна, энд тогтоод байгаа уур амьсалыг хутгаар зүсч болохоор хөвчирч нягтарсан байна. Минийх бүүр босчихлоо байна! Нээрээ шүү...

Владимир Кличко:

Тулааныг хүлээгээд тэсч ядаж байна шүү...

Дэвид Хэй:

Би галд орсон юм шиг л байна! Үнэнээсээ! Би мэдэрч байна!

Владимир Кличко:

Чи ахиад л яриа тасалчихлаа.

Дэвид Хэй:

Би мэдэрсээн! Энэ намайг цохих гэлээ! Би бүүр хамгаалахад бэлэн байлаа шүү!

Макс Келлерман:

Та үнэхээр цохиод авахад бэлэн байв уу?

Дэвид Хэй: (дундаас нь)

Би мэдэрсэн! Энэ үгүй гэнэ л дээ, гэхдээ цохиод авахад бэлэн байсан! Миний нурууны булчин чичигнэлээ шүү!

Владимир Кличко:

Чи дөнгөж сая нокаутанд ороод босч ирлээ ш дээ.

Дэвид Хэй:

Нээрээ юу?


Владимир Кличко:

Юу ч санахгүй байна уу? Чи бүүр юу ч мэдрээгүй байна ш д.

Дэвид Хэй:

Чөтгөр ав, их хүчтэй цохих юм аа. Энэ залуу их хүчтэй цохидог юм гээч.

Владимир Кличко:

Үнэн хэрэгтээ ийм л юм болдог юм ш дээ.

Макс Келлерман:

Таныг ийм байхыг харж байгаагүй юм байна.

Дэвид Хэй:

Тэр цочирчихоод байна, цочролд ороод бачимдааад байна!

Макс Келлерман:

Таныг өрсөлдөгчдөө ийм ууртай байхыг харж байгаагүй юм байна. Яг одоо бол Владимирын нүүрнээс жинхэнэ уур хилэн харагдаж байна. Владимир, энэ аюултай биш биз? Таныг ийм байхыг чинь харж байгаагүй юм байна.

Владимир Кличко:

Би уурласан юм шиг харагдаж байна гэж үү?

Дэвид Хэй:

Тийм ээ! Чи их уурласан харагдаж байна.

Владимир Кличко:

Битгий ай, битгий ай. Зүгээр л ажлаа хий.

Дэвид Хэй:

Уурандаа буцлаж байгааг нь ээ, бүүр хөөсрөөд байна ш дээ!

Владимир Кличко:

Чи мэднэ шүү дээ, чи бол маш их орилж хашгичдаг, маш их юм амладаг хүн. Зүгээр л ажлаа хийх хэрэгтэй.

Макс Келлерман:

Та энэ тулааанд нокаут амлах уу?

Владимир Кличко:

Харамсалтай нь Хэйд цохилт даах чадвар байхгүй. Энэ бол нокаут №50 байх болно.

Макс Келлерман:

Дэвид, Та нокаут амлах уу?

Дэвид Хэй:

Амлаж байна. Энэ надаас илүү боксддог гэж бодоод байх шиг ээ. Тэгвэл би тэгэж бодохгүй байна. Энэ надаас хоёр дахин их тулаан хийсэн. Өөрт нь таалагддаг тэр аргаар тулалдаад сурчихсан. Өрсөлдөгч нар нь санхүүгийн байдлаа өөд нь татах гэж ирж тоглочихоод яваад өгдөг тулаанд сурчихсан юм. Тэгвэл одоо тэр бусдын юу гэж боддогийг тоодоггүй, хэн нэгнийг гомдоохоос айдаггүй тийм хүнтэй учрах гэж байна. Би тулаанд гараад энэ залууг арчиж хаяна. Би үүнээс өөр юунд ч санаа зовохгүй. Тэр над шиг боксчидтой хэзээ ч нударга зөрүүлж байгаагүй, хэзээ ч. Бүдүүн, формоо алдсан хүнтэй биш, формоо алдаагүй, бэлтгэл сайтай тийм хүнтэй. Сүүлийн хэдэн тулаандаа ялагдал хүлээсэн, бэртэл гэмтэлгүй тийм хүнтэй. Тулаанд бэлэн, маш сайн бэлтгэгдсэн тийм хүнтэй тулалдах гэж байна. Гэтэл чи тулаанд бэлэн биш байна. Чи хэзээ ч хамгаалтнаасаа гардаггүй. Хамгаалтаа авах л юм бол нокаутанд орчихдог. Тэгээд л гүйцээ. Би мэднэ ээ, чи энэ тулааныг уйтгартай, чиний бусад бүх тулаан шиг нойрны эм шиг үзвэр болоосой гэж бодож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ удаад бол тулаан сонирхолтой өрнөх болно.

Владимир Кличко:

Чи яагаад ингэтлээ сандраад байгаа юм бэ?

Дэвид Хэй:

Юу яриад байна аа?

Владимир Кличко:

Чи өөрийгөө магтаж өгөх юм аа. Чамайг ажиглаж харахад зугаатай юм. Ингэтлээ сандрах хэрэг юу байгаа юм, чи үргэлж намайг сохор азаар аварга болсон гэж ярьдаг биз дээ. Миний арга брил бол ердөө л "жеб-жеб-клинч"(урд гарын шулуун цохилт-урд гарын шулуун цохилт-өрсөлдөгчөө тэврээд авах), ямар ч хурдгүй, чанга цохиж чаддаггүй гээ биз дээ. Чиний оронд би дуугүй болж, явж бэлтгэл хийх байсан. Чи байгуулаагүй ялалтаа битгтй тэмдэглээд бай. За за, ер нь бол Дэвид Хэйг харахад зугаатай байлаа.

Дэвид Хэй:

Тэгээд бас биеэ арай хийж барилаа гээч!

Владимир Кличко:

... Царайг нь харахад, гэхдээ түүнд харьцааны соёл гэж юу байдгийг зааж өгөх хэрэгтэй юм байна. Би нэг сайн сургаад өгнө өө.

Дэвид Хэй:

За тийм ээ, хичээл заахыг чинь тэсэн ядан хүлээе. Надад урд гарын шулуун цохилтоо зааж өгөөрэй.

Владимир Кличко:

Эр хүн чам шиг биеэ магтдаггүй юм. 7-р сарын 2-нд чамтай рингэнд учирна гэж найдъя.

Дэвид Хэй:

Би түүний дэргэд зогсоод, харин дэвжээний шүүгч тоо тоолохыг та бүхэн харна аа. Удаан тоолох байх даа.

Владимир Кличко:

Ингэхэд, болгооно уу (гараа өгөв).

Дэвид Хэй:

Надаах аа тулааны дараа бол!

Владимир Кличко:

Харав уу, түүнийг сургаж өгөхгүй бол болохгүй байгаа биз? Тэр амархаан.


P.S. Уг ярилцлагыг орчуулахад зарим нэг хараалын үг хээлэгийг зөөллөөж хөрвүүлсэн болно.

3 comments:

  1. Хэхэ, сонирхолтой ярилцлага байна. Хэй: "Урд гарын шулуун" цохиж, болохоо байхаараа тэвэрч аваад зууралдаад байна" гэж үнэн хэллээ л дээ. Бас уурлахаараа алдаа гаргадгийг нь ч мэдэж байна. Кличког сайн мэдэх нь аргагүй байх л даа. Гэхдээ Кличко одоо хий бараг гаргахгүй байгаа болохоор ялагдахгүй байх аа даа. Гэхдээ юу болохыг 7-р сарын 2-нд харъя даа.

    ReplyDelete
  2. Ах дүү Кличко нарыг мэргэжлийн хүнд жингийн боксыг маш уйтгартай үзвэр болгосон, үүнээс болж маш олон үзэгчээ сүүлийн үед хүчээ авч эхлэж байгаа ММА-д алдахад хүрээд байна гэж шүүмжлэх хүн их байдаг юм билээ. Гэхдээ амжилтынх нь статистикийг үзвэл Кличко нар яах аргагүй өнөө үеийн шилдэг боксчид л доо.

    ReplyDelete
  3. Уйтгартай болгосон гэдэгт санал 100 хувь нийлж байна. Миний хувьд мэргэжлийн боксод хамгийн үзүүштэй сайхан тоглодог хүн бол Мэнни Пакьяо байна дөө. Үнэхээр урамтай шүү. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн таалагддаг.

    ReplyDelete