2011/05/30

Боксын товч түүх (нэгдүгээр хэсэг)

Та боксын түүхийг сайн мэддэггүй бол энэ нийтлэлийг унш, харин мэддэг бол мэдлэгээ сэргээгээд аваарай. Спортын энэ төрлийг сонирхогчдод зориулж нударгаан зодооны түүхийг хэт нуршихгүйгээр товч хэрнээ, түүхэн цаг үеийн хамгийн сонирхолтой болоод үл итгэм үйл явдлуудыг хүргэхийг зорив.

                                      Эртний нударган зодоочны баримал



Боксын түүх бол эрчүүд бидний түүх билээ. Балар эртнээс аливаа асуудлыг шийдэх арга шавхагдахад, эрчүүд нударга зөрүүлсээр ирсэн. Гэвч байгал эхэд маань бидний гарыг тулааны зэвсэг болгох бодол анхнаасаа байгаагүй бололтой. Хэрэв байсан бол бид бүхний гарын шуу, сарвууны яс төмөр мэт бат бэх, шөрмөс нь илүү уян сунамтгай байх байсан бизээ.

Нэгэнт иймээс хойно, эр хүн тулгарсан аюулыг зайлуулахын тулд гараа атгаад хэн нэгэн этгээдийг цохиод авахад өөрийнх нь зэвсэг болох гар гэмтэж болзошгүй байдаг нь юутай харамсалтай вэ.

Бидний балар эртний өвөг дээдсийн үлдээсэн ул мөрөөс үзэхэд ааль манай эрний өмнөх дөрөвдүгээр мянганд одоогийн Өмнөд Африк болон Месопотамид нударган зодоон болдог байжээ. Нударган зодооны тухай өгүүлдэг анхны бичмэл эх сурвалж нь Хомерын агуу бүтээл "Иллада" хэмээн үздэг. Бокс нь манай эрнээс 800 жилийн тэртээ эртний Олимпийн Наадмын хөтөлбөрт орсон хэдий ч, цохих, өчих, боох гээд бүхий л үйлдлийг зөвшөөрдөг тулааны төрөл болох панкратион луугаа адил олны сонирхлыг татдаг төрөл байгаагүй ажээ. Тэр үеийн бокс гэдэг одоогийнх шиг, тэмцээний үе (раунд), дэвжээ (ринг), жингийн ангилал, завсарлага, онооны систем гээд юу ч үгүй, зүгээр л балбалцах төдий болхи үзвэр байж.

                         Нударган зодооныг дүрсэлсэн эртний шаазан эдлэл

Эртний Ромд нударган зодооны хэд хэдэн төрөл байсан ба тэднийг бокс гэх нь мөн л хэтрүүлсэн хэрэг болох юм. Тамирчид гараа шуу хүртлээ ширээр ороож, зарим үед шир нь төмөр ялтсан оруулгатай байжээ, тамирчдын нэг нь ухаан алдсан ч тулааныг зогсоохгүй, амиа алдтал нь үргэлжилдэг байжээ. Ромын эзэнт гүрэн үгүй болсноос хойш бараг 1 500 жил боксын хөгжил энэ янзаар явжээ.

Харин 1682 онд Альбермарлын Дюк гэгч эр дэлгүүрт нь ажилладаг мах эвдэгч нь ордны ерөнхий зарцтай хэрэлдэж, маргаанаа нударгаар шийдэх гэж байгааг сонсоод боксын дэвжээ засаж өгчээ. 1700 онд өөр нэг британи эр Жеймс Фригг Англи улсад нударган тулааны улалмжлалыг нэг мөр сэргээж, Лондон дахь сургуульдаа бокс зааж эхлэв. Фригг, тулааныг тамирчны нэг нь илт ялах хүртэл үргэлжлүүлдэг байсан бөгөөд энэ нь боксын тэмцээнд үе, завсарлага зэрэг цаг хугацааны хязгаар оруулах шинэчлэлийн өмнөх үе байлаа.

1973 он гэхэд боксын тэмцээнд үзэгчид бооцоо тавих нь элбэгшиж, тамирчид эндэх нь цөөнгүй болоод байв. Энэ байдлыг өөрчлөхөөр Жек Броутон гэгч эр боксын тэмцээн явуулах дүрэм боловсруулж нэвтрүүлэв. Уг дүрэм ёсоор, шүүгч боксчдын үйлдлийг дэвжээн дээр зохицуулдаг, газар унасан тамирчныг цохихыг хорьдог, тамирчдын нэг нь дэвжээний голд зурж тэмдэглэсэн дөрвөлжинд хөл дээрээ бат зогсож чадахаа больсон цагт ялагчийг тодруулдаг, ингэхдээ хүнд цохилтод орсон тамирчинд хөл дээрээ бат зогсоход нь боломж олгож 30 секундын хугацаа өгдөг болов. Түүнчлэн, тулааны үеэр бээлий заавал өмсдөг болсноор боксчид нэг нэгнийхээ шүдийг булга цохих нь багасч, элдэв хөх няцгүй, нүүр бүтэн гэртээ харьдаг болжээ.

1780-аад онд бокс уналтанд ороод байв. Гэсэн хэдий ч Англи-Францын дайны үеэр "жинэхэнэ эрчүүдийн урлаг" маань эргээд сэргэж эхэлжээ. Үүнд боксчин Ричард Хамфри, Дэниэл Мендоза нарын хооронд болсон цуврал тулаан ихээхэн нөлөөлсөн юм. Мендоза өрсөлдөгчөө олон янзын өнцгөөр цохихын тулд хөл дээрээ их ажилладаг арга барилтай тамирчин байв. Гэвч тэр үед "тулаан зөвхөн ойрын зайнд явагдах ёстой" гэдэг үзэл ноёрхдог байсан болохоор үзэгчид Мендозагийн зайлж займчих хөдөлгөөнийг жентлмэн бус хэмээн эрс шүүмжлилж байсан түүхтэй. Хамфри, Мендоза нар тэмцээнийг угтаж нэг нэгнээ сонин хэвлэлээр шоглож даажигнадаг байсан нь хожим хэвшил болж, тэмцээн тулаанд олны анхаарлыг татах гол арга болжээ.

           Ричард Хамфри, Дэниэл Мендоза нарын тулааныг харуулсан түүхэн зураг

Викториа хатан хааны өмнөх үед бокс нь эр хүний хувьд үхлийн халз тулааныг бодвол нэр төрөө хамгаалах харьцангуй аюул багатай арга болоод байв. Хүмүүс Лондонгийн гудамжинд танхай этгээдүүдээс биеэ хамгаалах арга мэхэд суралцхаар боксын танхимд очдог болов. Боксоор хичээллэхэд үнэтэй цайтай өмсгөл хэрэгсэл шаардагдаад байдаггүй, мөн нийгмийн аль ч давхрагын хүн дэвжээн дээр гарч ирэхэд цөм тэгш байдаг нь боксыг нийтээрээ сонирхох болсон бас нэг шалтгаан юм.

Үргэлжлэл бий...

1 comment:

  1. Үнэн сонирхолтой юм байна. Би ч нэлээд олон жил бокс сонирхож үзэж байгаа ч ийм сонирхолтой мэдээлэл уншиж байгаагүй юм байна.

    ReplyDelete