Strikeforce холбооны эмэгтэйчүүдийн - 65 кг-ын аварга, Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг эмэгтэй тулаанч Бразил улсын тамирчин 25 настай Киборг хочит Кристиан Сантосын TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Кристиан Сантос, Андре Галвао нар
- Таныг Япон явах сураг гарсан, тэр үнэн үү?
- Тийм ээ, үнэн, Би 6-р сарын 7-нд Японд очиж телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох гэж байгаа. Миний өмнө шинэ хаалга нээгдэж байгаад баяртай байна. Хэн мэдэхэв, Японд тулаан хийх боломж олдох ч юм билүү.
- Та эмэгтэчүүдийн дунд дэлхийн шилдэг тулаанч гэж тооцогддог мөртлөө бараг жил шахам тулаан хийсэнгүй. Та үүнд сэтгэл дундуур байна уу?
- Тэгэлгүй яахав. Ажилгүй сууна гэдэг юу нь сайн байхав, би гэрээгээ шинэ нөхцөлтэйгээр дахин нэг жилээр сунгъя гэсэн боловч Strikeforce-ын удирдлага зөвшөөрөөгүй, надад өмнө нь төлж байсан хөлсөө төлөх санаатай байгаа юм. Гэвч би байгууллагын аварга хүн шүү дээ, дээрээс нь би Strikeforce-д ялагдаж байгаагүй. Би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлмээр байна.
- Бэлтгэлийн хувьд ямар байгаа вэ? Төлөвлөгдсөн тулаан байхгүй ч урьдын адил эрчимтэй бэлтгэл хийдэг хэвээрээ юу?
- Бэлтгэлээ хийж байгаа. Андре Галваогийн удирдлага дор жиү-жицү их давтсан, мөн тай боксоо сайжруулсан. Ер нь бол ажил л хүлээж сууна даа.
- Таныг Бразилд тулалдах гэж байгаа гэдэг хэр ортой вэ?
- Бүх юм 99% батлагдчихсан. Надад тийм боломж бий, Strikeforce намайг тавьж явуулахыг хүлээх үлдлээ, би аварга болсон, эсвэл аваргын цолоо хамгаалсан бол түүнээс хойш өөр байгууллагад жилийн хугацаанд тулаан хийгүй гэсэн болзолтой юм л даа. Бразилд тулалдах боломж олдсон нь үнэхээр гайхалтай, харин тулаан хийх хүртэл миний Strikeforce-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа дууссан байх ёстой (уг хугацаа нь 6-р сарын 26-нд дуусах юм. Орчуулагчийн тодр.). Би Санта Катаринад болох тэмцээнд оролцоно, чухам аль тэмцээн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа, гэхдээ тулаан хийнэ гэж бодохоор сэтгэл өег байна. Би тулаан хийлгүй ингээд удаад баймааргүй байна, амьдралд юм болгонд мөнгөний тооцоо төлбөр хийх хэрэгтэй болдог, ивээн тэтгэч нар маань хүртэл надад зөвхөн тулааны үеэр л хөлс төлдөг юм ш дээ.
- Та тактикийн барилдааны ADCC холбооны тэмцээнд 2009 онд оролцсон, энэ жил оролцох уу?
- Тэгэлгүй яахав, би тэр тухайд Фабрисио Вердүмтэй ярилцсан, тэр шейхтэй сайн харилцаатай, надад туслаж дэмжинэ гэсэн. Би тэр тэмцээнд дахин оролцож өөрийгөө сорьмоор байна, миний жиү-жицү Андре Галваотой хичээллэж эхэлснээс хойш эрс сайжирсан. Түүнээс гадна би бразил жиү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байгаа. БЖЖ нь миний хувьд цоо шинэ сорил юм. Мэдээж миний хамгийн ихээр хүсдэг зүйл биш ч гэлээ би хөх-ягаан бүстнүүдийн хэсэгт өрсөлдөхөөр шийдчихсэн (Кристина БЖЖ бөхийн хөх-ягаан бүстэй юм. Орчуулагчийн тодр.).
- Та Strikeforce-д хүч түрэн орж ирсэн Аманда Нунсын талаар ямар бодолтой байна?
- Бид хоёр Лас Вегаст болсон Тулаанчдын чуулга уулзалтанд уулзаж байсан, эвлэгхэн даруу бүсгүй байна лээ. Аманда бол Бразилийн тулааны шинэ эмэгтэй од, би түүнд амжилт хүсч байна! Нэг өдөр бид хоёр нударга зөрүүлэх байх, гэхдээ би Амандаг жингийн ангиллаа өөрчилсөн гэж сонссон юм байна, хэрэв тийм бол бид хоёр тулаанд учрахгүй байх аа.
Шайна Бэсзлер vs. Кристиан "Киборг" Сантос

Хэл найруулга, орчуулга дажгүй сайн байна шүү. Үргэлжлүүлээд байгаарай.
ReplyDelete