2011/04/19
Дэн Сэверн Ройс Грэйсиг халз тулаанд дуудлаа
Ирэх зун Бразил улсад зохиогдох UFC Rio тэмцээнд UFC холбооны Алдрын танхмийн гишүүн, домогт Ройс Грэйси оролцохоор болоод байгаа ч өрсөлдөгч нь хэн болох нь хараахан шийдэгдээгүй байгаа билээ. Энэ байдлыг далимдуулж, UFC холбооны Алдрын танхмийн бас нэгэн гишүүн болох Дэн Сэверн, Ройсыг халз тулаанд дууджээ. Сэверн, Ройс нар нь ааль 1994 онд болсон UFC 4 тэмцээнд тулалдаж байсан бөгөөд, тэхэд Ройс Грэйси хөл гурвалжилж боох мэхээр ялж байсан юм. Холимог тулааны уг хоёр үлэг гүрвэл маань даага нэхэх тулаанд тулалдахаар болбол үнэхээр их шуугиан болж олны анхаарлыг татах нь гарцаагүй боловч, хоёр тамирчны жингийн ялгаанаас болж бүтэхгүй бололтой. Учир нь орчин үед жингийн ялгаа үл харгалзан тамирчдыг тулалдуудаг байсан 90-ээд оны "балмад үе" нэгэнт түүх болон үлджээ.
Дэн Сэверн
The Beast хочит Дэниэл ДиВэйн Сэверн нь 1958.06.08-нд төрсөн, 52 настай. Карьерынхаа туршид 122 тулаан хийж 99 ялж, 16 ялагдаж, 7 тэнцсэн. Хамгийн сүүлд 2011.04.16-нд Аарон Гарсиатай тулалдаж толгой уургалаж боох мэхээр ялжээ.
Ройс саяхан өгсөн ярилцлагадаа: "Рио де Жанеро бол карьераа дуусгах сайхан газар байна, би хэзээ ч тэнд тулалдаж байгаагүй. Одоогоор хэлэлцээр арай дуусаагүй байна, хоёр 7 хоногийн дараа бүх юм эцэслэн шийдэгдэж, өрсөлдөгчийн нэр тодорхой болох байх. Жингийн тухайд бол хэвээрээ, 20 жилийн өмнө шигээ л (80кг) байгаа. Би хэзээ ч үдэшлэг хэсч, архи ууж яваагүй, үргэлж хоолны дэглэм сахидаг, би зодолдоход бэлэн байна" гэжээ.
Ройс Грэйси
Ройс Грэйси нь 1966.12.12-нд төрсөн, 44 настай. Карьертаа 19 тулалдаж, 14 ялж, 2 ялагдаж, 3 тэнцсэн. Хамгийн сүүлд 2007.06.02-нд Японы домогт тамирчин Казуши Сакурабаг шүүгчдийн нэгдмэл саналаар ялжээ.
Дэн сэверн - Ройс Грэйси 1994 он
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment