2011/04/27

Андерсон Силва Рой Жонстой тулалдахыг мөрөөддөг

UFC холбооны аварга, жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг тулаанч №1 хэмээн тооцогддог Бразил улсын тамирчин 36 настай Андерсон Силва 1988 оны Сөүлийн Олимпийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын WBC, WBA, IBF, IBO, NABF, WBF, IBA холбоодын аварга асан, цагтаа мөн жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг боксчинд тооцогддог байсан АНУ-ын тамирчин 42 настай Рой Жонстой боксын дүрмээр тулалдахыг хүсч байгаа тухай өмнө нь нэг бус удаа хэлж байсан билээ.

                                             Рой жонс, Андерсон Силва


Тэрээр саяхан MMA Hour нэвтрүүлэгт зочилж ярилцлага өгөхдөө, Рой Жонстой тулалдах хүслээ дахин илэрхийллээ. Тэрээр: "Миний гэрээ дуусахад, би үүнийг хийх байх. Энэ бол миний карьерын зорилго, миний мөрөөдөл. Би Рой Жонстой бокст учрах ёстой" гэжээ.


Түүнчлэн бразил аварга маань дахиж жин өгсөж хагас хүнд жинд тулаан хийхгүй гэдгээ хэлж (Силва хоёр удаа жин өгсөж тулалдахдаа, хоюуланд нь өрсөлдөгчөө 1-р үед хүнд цохлитоор буулгаж авч байсан юм), Жон Жонсыг дурьдлаа. Жонсын тухайд тэрээр: "Жонс надад өөрийн минь залуу насыг санагдуулдаг. Жон Жонс надад таалагддаг, тэр сайн залуу. Маш их авъяас билигтэй. Тэр удаан хугацааны турш аваргалах байх" гэжээ.

                                     Андерсон Силва лаап цохиж байгаа нь

Дашрамд сонирхуулахад, Рой Жонс Андерсон Силвагийн найман өнцөгтөд гаргаж байгаа амжилтыг магтан шагширдаг бөгөөд, Силваад боксын дүрмээр тулалдахыг санал болгож байжээ. Гэвч UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт Силваг найман өнцөгтөөс өөр газар тулалдуулахгүй гэснээр, олны аазгааг хүргэсэн энэ тулааныг Силвагийн UFC-тэй байгуулсан гэрээний хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон юм.

                                               Рой жонс, Денис Лебедев

Одоогоор Рой Жонс ирэх 5-р сарын 21-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох тэмцээнд Оросын мэргэжлийн боксчин 31 настай Денис Лебедевтэй тулалдахаар бэлтгэлээ базааж байна.

No comments:

Post a Comment