Бразил жиү-жицү бөхийн дэлхийн хошой аварга, грэпплинг барилдааны ADCC холбооны хүнд жингийн хошой аварга, Strikeforce холбооны хүнд жингийн Бразил улсын тамирчин 33 настай Фабрисио Вердүмийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Фабрисио Вердүм
Таны Алистар Оверимтэй хийх тулаан хэрхэн өрнөх бол? Бэлтгэл тань ямар байгаа вэ?
Бүх юм сайхан болно гэж бодож байна, энэ тулаанд хүчээ шавхан бэлдэж байгаа. Тэмцээн 4-р сард болох байсан ч 6-р сард болохоор хойшилсон, тамирчид хүнд тэмцээний хугацаа өөрчлөгдөх нь жаахан хэцүү байдаг, гэвч одоо яая гэхэв, иймэхүү юм зөндөө л болдог юм. Болох юм болдгоороо л болж байгаа байлгүй. Би UFC-ээс гарсан ч, хожим нь өөр холбоонд орж Фёдорыг ялсан, ийм юм болох гээд л би UFC-ийг орхисон ч юм билүү. Тэмцээний хугацаа өөрчлөгдсөн бол зүгээр ээ, тэгэх ёстой л юм байлгүй, би хүлээнэ. Тэмцээн хойшилсныг мэдээд би бэлтгэлийн эрчийг хоёр долоо хоногийн хугацаанд сааруулж, ачааллаа багасгасан, харин одоо эргээд бэтгэлээ эрчтэй хийж байгаа. Өмнө нь түүнийг ялж байсан юм чинь энэ удаад ч ялж, дэлхийн шилдэг тулаанчдын нэг гэдгээ батлана.
Фабрисио Вердүм - Алистар Оверим 2006 он
Та бүтэн нэг жил тулаан хийгээгүй, энэ талаар санаа зовж байна уу?
Тийм ээ, удаан хугацаанд хийх юмгүй сууна гэдэг юу нь сайн байхав. Болдогсон бол жилд дөрвөн удаа тулалдаж байх юмсан. Гэвч энэ удаад тэмцээн хойшилчихлоо, тэгээд бас би тохойндоо мэс засал хийлгэж бэлтгэлээс ангид байлаа, гэхдээ одоо бол гар маань бүрэн эдгэсэн. Өвчин ямар хэлж ирэх биш дээ, иймэрхүү юм Минотауро (Родриго Ногейра), Вандерлей (Силва) гээд олон тамирчинд тохиолдож байсан. Тамирчид бид тэмцээн ойртох үед архаг хууч гэмтэл бэртлээ эмчлэх асуудлыг үргэлж хойш тавьдаг. Миний хувьд гэвэл би тохойндоо хагалгаа хийлгэж, хэсэг хугацаанд тулаанаас ангид байсан нь зөв шийдвэр болсон. Тэр хагалгаанд ааль хоёр жилийн өмнө орох ёстой байсан ч хойшлуулан-хойшлуулсаар нэг юм хийлгэсэн дээ. Хагалгаа цагаа олсон, амжилттай ч болсон, гэвч үүнээс болж би бүтэн жил тэмцээнд ороогүй. Би хамгийн сүүлчийн тулааныг нодлин жилийн 6-р сард хийж Фёдорыг ялсан, 6-р сар надад ээлтэй сар, энэ жилийн 6-р сард ч би хийморьтой байх болов уу гэж бодож байна.
Фабрисио Вердүм - Фёдор Емельяненко 2010 он
Та Рафаэл Кордейрогийн удирдлага доор муай тайн бэлтгэлээ хийж байгаа, муай тай бол Оверимийн маш хүчтэй тал. Үүний талаар юу бодож байна?
Би бэлтгэлээ цогц байдлаар хийж байгаа: бөхийн бэлтгэлээ Марк Муньозтой, муай тайг Рафаэлтай, хүч тэсвэрийн бэлтгэлийг Кристоф (Сошински)-тай хийж байгаа. Ингэхдээ муай тайд ихээхэн ач холбогдол өгч байгаа, босоо техникийн хувьд нилээд ахиц гарсан. Саяхан би дөрвөн жилийн өмнө болсон Jungle Fight 2 тэмцээнд Эбэнэзер Фонтестэй хийсэн тулааны бичлэгийг Интернэтэд үзлээ, өөрийнхөө дөрвөн жилийн өмнөх хувилбарыг одоогийнхтой харьцуулахад тэс өөр санагдаж байна, одоо бол би бүх юмаараа илүү болсон. Би бэлтгэлээ сайн хийж байгаа, Оверимийн довтолгооноос өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байна. Оверимийг сүүлийн үед их сайжирсан гэлцэх юм, гэвч би ч гэсэн өмнөхөөсөө илүү болсон шүү. Оверим сүүлийн тулаанууддаа дараалан ялж байгаа бол би ч гэсэн тэгэж байгаа. Би UFC-ээс гарснаасаа хойшхи бүх тулаанд ялсан, тэр сайжраад байгаа бол би ч зүгээр суухгүй байгаа. Би өрсөлдөгчийнхөө тухайд нэг их бодоод байдаггүй л дээ. Мэдээж би тулааныг нь үзэж, юундаа сайн, юундаа тааруу байгааг нь олж харахыг хичээдэг, гэвч миний гол анхаарах зүйл бол миний өөрийн бэлтгэл юм.
Та ирэх тулаанд Алистар Оверимийг ялбал дараа нь Алмас (Антонио Силвагийн хоч)-тай таарна, түүнийг давлаа гэхэд цаана нь Жош Барнетт, Брэтт Рожерс, Сергей Харитонов гурвын аль нэгтэй нь учирна. Та энэ гран при тэмцээний талаар ямар бодолтой байна вэ?
Тэмцээн төлөвлөгдсөн ёсоороо болж өнгөрнө гэж найдаж байна, гэвч UFC Strikeforce-ыг худалдаж аваад байгаа энэ үед Strikeforce-оос эхлүүлээд байгаа тэмцээнийг төлөвлөгдсөнийх нь дагуу явуулж дуусгах уу, эсвэл дундаас нь болиулах уу гэдгийг итгэлтэй хэлж чадахгүй. Би өмнө нь энэ гран прид ялбал, дараа нь UFC-ийн аваргыг тулаанд дуудна гэж хэлж байсан. Тухайн үед хоёр өөр байгууллагын тамирчид тулалдах боломжгүй мэт санагдаж байсан байх л даа, гэвч UFC Strikeforce хоёр нэг байгууллагын дээвэр доор орсон хойно энэ бол боломжтой асуудал. Яагаад ийм юм болж болохгүй гэж? Миний хүсч байсан зүйл одоо хэрэгжих боломжтой боллоо. Энэ бол миний зорилго.
UFC Strikeforce-ыг худалдаж авахад Дана Уайт Strikeforce-ын эхлүүлсэн гран при тэмцээнийг хөндлөнгөөс нь зогсоолгүйгээр, төлөвлөсөн ёсоор нь явуулж дуусгана гэж хэлсэн. Та үүнийг сонсоод гайхсан уу?
Тэгэлгүй яахав. Би тийм юм болно гэж бодоочгүй, хэн ч тийм юм болно гэж зүүдлээчгүй байх. UFC Strikeforce-ыг худалдаж авсан тухай мэдээ нэг талаараа сайн, нөгөө талаараа муу мэдээ байсан. Одоо холимог тулааны зах зээлд монополь тогчихлоо: тулаанчид UFC ба Strikeforce-д тулалдахгүй бол өөр газар тулалдах боломжгүй болчихоод байна. Японд гамшиг болсноос хойш тус улсыг зорих зам хаагдчихлаа. Одоо тулаанчдад нэг бол UFC, үгүй бол Strikeforce л гэсэн сонголт үлдээд байгаа нь муу хэрэг. Үүний сайн тал нь гэвэл UFC бол дэлхийн шилдэг байгууллага гэдэгт байгаа юм, Strikeforce ч их дэвшилтэй холбоо, ер нь энэ хоёр бол өнөө үед хамгийн шилдэг байгууллагууд болчихоод байна л даа, миний зорилго бол Оверимийг ялах, дараа нь дараачийнхаа учрааг ялах. Би 2006 онд Pride холбооны гран при тэмцээний нэгдүгээр үед Оверимийг ялж байсан нь надад давуу байдал өгч байгаа юм. Тэгээд 6-р сар миний ээлтэй сар болохоор бүх юм сайхан болж байна. Би энэ гран прид ялаад, дараа нь UFC-ийн тухайн үеийн аваргыг тулаанд дуудах бодолтой байгаа. UFC-ийн аварга тухайн үед Кэйн Веласкез хэвээрээ байх, эсвэл Жүниор дос Сантос болчихсон байх уу, өөр хүн хэн ч бай - хамаагүй. Боксд аваргын бүс нэгтгэдэг шиг ММА-д би хоёр өөр холбооны аваргын цолыг нэгтгэхийг хүсч байна.
Фабрисио Вердүмийн тулааны эгзэгтэй агшны түүвэр
Strikeforce-ын хүнд жингийн тамирчдын эгнээнд топ тулаанчид багтах болсноос хойш UFC-ийн хүнд жингийн эгнээ сул харагдах болсон. Тус хоёр холбоо хоёр жилийн дараа нэгдэх тэр үед бүх цаг үеийн хүнд жингийн шилдэг тамирчид нэгэн дээвэр доор цуглана гэдэгтэй санал нийлэх үү?
Тэгэлгүй яахав. UFC-д ч, Strikeforce-д ч сайн залуучууд байна, тус холбоод нэг байгууллагын мэдэлд ороод байгаа энэ үед хүнд жингийн хамгийн хүчтэй баг энд л төвлөрөөд байна. Ирээдүйд олон сайхан тулаан зохион байгуулагдах байх.
Strikeforce-ын гран при дуусахаас өмнө Жүниор дос Сантос Брок Леснартай тулалдана, дос Сантос дийлвэл тэрээр Кэйн Веласкестай аваргын төлөө тулалдана, гэвч Брок дийлвэл юу болохыг хэн ч мэдэхгүй. Жүниор Веласкес хоёрын тулааны тухайд Та юу гэж бодож байна?
Веласкезыг хэн ч мэддэггүй байсан, тэрээр хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн. Та анзаарсан бол UFC-ийн компьютерийн тоглоомд хүртэл Веласкез анзаарагдаж харагдаад байхаар тамирчин биш. Гэвч тэрээр цагтаа ирж, алхам алхмаар урагш ахисаар, эцэст нь UFC-ийн хүнд жингийн аваргын бүсийн авч, дэлхийн шилдэг нь болсон. Цигано (Жүниор дос Сантосын хоч)-гийн хувьд бол тэр дараалж олон ялалт байгуулж шилдэг тулаанчдын эгнээд орж ирсэн, Цигано хийх ёстой зүйлээ сайн хийдэг. Миний бодлоор тэр Брок Леснартай босоо тулаан хийж чадвал түүнийг дийлнэ. Веласкестай тулалдах бол мөн адил: аль болох босоо тулалдаж, унахаас зайлсхийх хэрэгтэй, яагаад гэвэл Веласкес аль болох доороо оруулахыг бодно, тийм болохоор доор орсон тохиолдолд өөрийгөө хамгаалах техник болон доор орсон байдлаас түргэн гарах дасгал сайн давтах хэрэгтэй. Цигано босоо тулаан хийж чадвал ялна, тэрээр дээрээс цохиж гүйцээхдээ бас сайн. Би бразил хүн болохоор мэдээж Циганог дэмжинэ.
Та гран прид ялж, Цигано Веласкесыг ялбал та хоёр даага нэхэх тулаанд учирах болох нээ?
UFC-д би Циганод ялагдсан, амьдралдаа цорын ганц удаа нокаутаар ялагдсан минь тэр, би тэр үед тэгэж ялагдсандаа маш их гутарсан. Түүнээс өмнө ялагдаж байсан л даа, гэхдээ нокаутаар биш шүүгчдийн саналаар дийлдэж байсан. Би тэгэхэд дийлэгдчихээд, гэр бүлийнхнээсээ хол газар сэтгэлээр их унасан. Би Циганогийн гавьяаг үгүйсгэж байгаа юм биш, Цигано маргаангүй цэвэр ялалт байгуулсан. Тэрээр намайг унатал цохичихоод гүйцээж чадалгүй өөрөө ялагдсан бол харин би гайхах байсан. Цигано тэхэд торонд орж ирээд өөрийнхөө хүч чадлыг харуулсан.
Би өмнө нь хэзээ ч аваргын цолд хүрч байгаагүй болохоор энэ гран прид ялж, дараа нь UFC-ийн аваргатай тулалдмаар байна. Тэр үед аварга нь Цигано байвал миний мөрөөдөл биеллээ л гэсэн үг.
Оверимтэй хийх тулааныг үзэх шүтэн бишрэгчдэдээ хандан юу гэж хэлэх вэ?
Бразилчуудад хандаж надад итгээрэй гэж хэлье, би бэлтгэлээ сайн хийж, ялахын төлөө бүхнээ зориулж байна. Би Америкт байгаа ч сэтгэл зүрхээрээ үргэлж бразил хэвээрээ. Би энд өрсөлдөх гэж, бэлтгэл хийх гэж, амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн. Биднийг энд бөхийн шилдэг дасгалжуулаг нар дасгалжуулж байна, Рафаэл Кордейро ч бидэнтэй цуг байгаа. Та нар Бразилиас энд ирж бэлтгэл хийхийг хүсвэл манай клубын хаалга нээлттэй шүү. Та бүгд цөмөөрөө намайг болон Алмасыг дэмжиж байгаа гэдгийг мэдэж байна. Алмас бид хоёрын хэн нь ч яллаа гэсэн бразил хүн аварга болно гэдэг л чухал. Биднийг дэмжээрэй.
Андерсон (Силва) түрүү долоо хоногт энд ирж бэлтгэл хийсэн, түүнтэй бэлтгэл хийх ямар байна?
Андерсон бол онцгой тамирчин, түүн шиг өөр тийм тулаанч байхгүй. Би түүнтэй муай тай давтсан, Андерсон үнэхээр гайхалтай байна лээ. Тэр надад хэвтээ байдалд хэдэн мэх үзүүлсэн, түүний үзүүлсэн зүйлүүд гарт нь бүүр орчихсон байсан, өвөрмөц, үнэхээр агуу тулаанч, хүний хувьд ч сайн залуу, бас их хөгжилтэй. Интернэт болон ТВ-ээр хүмүүс түүнийг их зантай гэлцдэг, гэвч түүнийг сайн мэдэх хүмүүс огтхон ч тийм биш гэдгийг хэлээд өгнө. Хүмүүс түүний даруу занг хиймэл гэж ярьдаг ч үнэндээ бол тийм биш, тэр маш энгийн, таатай хүн. Би Андерсоныг мэднэ гэж боддог, бид гурав-дөрвөн хоног цуг бэлтгэл хийсэн, тэр эргэж ирнэ гэсэн. Бид бүгд муай тай давтдаг ч Андерсоны түвшин бол шаал өөр. Андерсонтой цуг байхад инээж хөхөрсөөр байгаад таардаг юм, тэр их хөгжилтэй хүн.
Андерсон Сэнт Пьерр нар тулалдвал хэн нь дийлэх вэ?
Сэнт Пьерр бол маргаангүй сайн тамирчин, би тулааныг нь үзэх дуртай, тэр сайн барилддаг, гэхдээ Андерсон бол өөр. Андерсон илүү урт мөчтэй... Сэнт Пьерр унагах гэж оролдвол Андерсон доороос нь өвдөглөнө. Хүмүүс Андерсонтой тулалдаж үзэж байж л түүний ямар хурц гэдгийг ойлгодог, тэрээр гар хөлийнхөө ал ч хэсгээр цохисон - маш их өвддөг... Пьерр Андерсонд арай л жижигдэнэ. Гэвч энэ тулаан болох юм уу?
Хэн мэдэхэв... Дана Уайт (UFC холбооны ерөнхийлөгч) л мэднэ дээ...
Сэнт Пьерр Андерсоныг барахгүй ээ.
Та Рафаэл, Вандерлей, Андерсон гурвуулантай нь бэлтгэл хийж ээ...
Андерсон надтай зөөлөн спарринг хийсэн, харин Рафаэл алах шахсан. Саяхан Рафаэл намайг муай тайн хар бүсээр шагнасны дараах нэгэн бэлтгэл дээр Рафаэл миний элгэнд асар хүчтэй өвдөглөхөд нь би тэрийгээд л хэвтихсэн. Ямар их өвдсөн гэж санана, эхлээд нэг газар өвдөж байснаа хамаг биэр тархаж өвдөөд л, ёстой үхэх шахсан. Chute Boxe Academy-д бэлтгэл хийдэг байхад арай л ингэдэггүй байсан даа гэсэн бодол төрж байсан шүү (Chute Boxe Academy нь муай тайд суурилсан тулааны клуб бөгөөд маш хатуу дэг доор ширүүн бэлтгэл хийлгэдгээрээ алдартай юм). Тэгээд би Рафаэлээс, яагад өмнө нь ингэж хүчтэй цохьдоггүй байсан юм бэ гэж асуухад, өмнө нь чамд хар бүс байгаагүй биз дээ, харин одоо бол чи хар бүстэй ш дээ гэдэг байгаа.
Дараа нь Вандерлей өвдөгөндөө мэс засал хийлгэснийхээ дараа ирэхэд нь бас спарринг хийсэн. Ганц л раунд тоглоно шүү, ганц раунд гээд байхаар нь тоглосон... Спарринг хийж байхад Рафаэл "сүүлчийн 30 секунд үлдлээ!" гэхэд, Вандерлей галзуу юм шиг дайрч, намайг нокаутанд оруулах дөхсөн, яг тэр сүүлчийн хэдэн секундад ажиллаж байхад, хажуунаас хэн нэг нь зогсоогоосой билээ гэж бодогдож байсан. Дараа нь Рафаэл намайг Вандерлейг цохь гэхэд нь цохих гэж оролдоход оногдохгүй байсан. Миний толгой жаахан эргэчихсэн байсан болохоор би бэлэн биш байсан л даа. Тэгээд дахиад тоглож эхлэхэд би Вандерлейг зуурч аваад хөдөлгөөгүй, бид инээлдэж цагийг үр ашигтай өнгөрөөсөн.
Рафаэл Кордейро, Фабрисио Вердүм, Доуг Маршалл, Клэбер Лүсиано
No comments:
Post a Comment