2011/03/13
UFC компани Strikeforce компанийг худалдаж авлаа
Дэлхийн холимог тулааны №1 байгууллага болох Ultimate Fighting Championship (UFC)-ийг эзэмшдэг Zuffa LLC компани нь UFC-ийн гол өрсөлдөгч Strikeforce компанийг худалдаж авчээ. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтын хэлж байгаагаар, хоёр компаний үйл ажиллагаа урьдынх шигээ адил тус тусдаа явагдаж, Strikeforce-ын ерөнхийлөгч Скотт Кокер албан тушаалдаа хэвээр үлдэх юм байна. Өөрөөр хэлбэл, Strikeforce нь Zuffa-гийн өмч болсон ч, ямар ч байсан хэсэг хугацаанд Strikeforce-ын үйл ажиллагаа бие даасан шинжтэй байх юм байна. Гэвч энэ байдал хэдийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй юм.
2007 онд Zuffa нь тухайн үед UFC-ийн хамгийн гол өрсөлдөгч байсан, Японы Pride FC компанийг, санхүүгийн бэрхшээлийг нь далимдуулж худалдан авч үйл ажиллагааг нь зогсоосноор UFC-ийн холимог тулааны ертөнц дэх ноёрхол эхэлжээ. Ийнхүү дэлхийд №2 байгууллага болох Strikeforce-ыг замаасаа зайлуулснаар UFC холбооны монополь улам батжих нь дамжиггүй юм.
Дашрамд дуулгахад, RINGS холбооны хүнд жингийн дийлдээгүй аварга асан, Pride FC холбооны хүнд жингийн сүүлчийн аварга, WAMMA (World Alliance of Mixed Martial Arts буюу Дэлхийн Холимог Тулааны Урлагийн Эвсэл) холбооны хүнд жингийн аварга, ОХУ-ын домогт тамирчин Фёдор Емельяненко нь Strikeforce холбоонд хэд хэдэн тулаан хийх гэрээтэй байгаа билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment