Холимог тулааны урлаг гэдэг нь бокс, каратэ, жүдо, самбо гэхчлэн тулааны маш олон чиглэл, техник, тактик зэргийг багтаасан бүтэн контактат тулааны онцгой төрөл юм. "Mixed Martial Arts" (ММА) буюу "Холимог тулааны урлаг" гэдэг нэр томъёог анх 1995 онд холимог тулааны Battlecade холбооны тэргүүн асан Рик Блүм санал болгосноор эдүгээ энэ спортын тогтмол нэр болж хэвшжээ. Манай улсад одоог хүртэл энэ спортыг "мэргэжлийн бөх", "чөлөөт тулаан", "файтинг", тэр бүү хэл "нохой зодоон" гэж нэрлэдэг нь туйлын буруу бөгөөд нийтээрээ "холимог тулаан" гэж хэлж занших хэрэгтэй байгаа юм.
Түүхийн хуудсыг сөхвөл, холимог тулааны тэмцээнийг хамгийн анх манай эрний өмнөх 648 оны Олимпийн наадмаас зохиож эхэлсэн бөгөөд, тэрхүү уралдаан тэмцээний төрлийг "панкратион" хэмээдэг байжээ. Гэвч сонгодог утгаараа холимог тулаан нь 1990-ээд онд л «Ultimate Fighting Championship», «Pride Fighting Championships» зэрэг холбоод үүсч хөгжсөнөөр энэ сайхан спортын хөгжлийн эх үүсвэр тавигджээ.
Панкратиончдын тулааныг харуулсан Эртний Грекийн баримал
1990-ээд оны эхэн үеийн тэмцээнүүд бараг дүрэмгүй шахуу болдог байснаас, холимог тулааныг хүмүүс "цуст тулаан", "мал нядалгаа" гэх зэргээр хэлж, зэрлэг балдмад утгагүй зодоон хэмээн шүүмжлэх болов. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй: тэмцээн зохион байгуулагчид тамирчдын аюулгүй байдлыг дээшлүүлэх, шинэ үзэгчдийг татах зорилгоор тэмцээний дүрэмдээ хориглох, хязгаарлах олон нэмэлт өөрчлөлт оруулах болов. Ингсэний ачаар орчин үеийн холимог тулааны урлаг нь хамгийн хурдацтай хөгжиж буй спортын нэг болоод байна.


No comments:
Post a Comment