Мэргэжлийн боксын WBA холбооны 1-р дунд (69,8 кг), WBC холбооны хагас дунд (66,6 кг) жингийн дэлхийн аварга Америк улсын 35 настай тамирчин Флойд Мэйведер ESPN сэтгүүлээс шалгаруулдаг "Best Fighter ESPY Award" буюу "Оны шилдэг тулааны тамирчин" шагналын эзэн болжээ. Энэ шагналыг 2007 оноос гардуулж эхэлсэн бөгөөд Флойд Мэйведер (2007, 2008, 2010, 2012), Мэнни Пакиао (2009 и 2011) хоёроос өөр тамирчин хүртэж байгаагүй ажээ. Энэ жил тус номинацид холимог тулааны тамирчдаас UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силва, хагас хүнд жингийн аварга Жон Жонс нарын нэрийг дэвшүүлсэн байжээ.
Дашрамд дурьдахад, Флойд Мэйведер өдгөө хуучин найз бүсгүйнхээ эрх чөлөөнд халдсан хэрэгт шийтгүүлсэн 90 хоногийн баривчлах ялаа эдэлж байгаа тул шагнал гардуулах ёслолд биеэр оролцож чадаагүй байна. Мэйведер 5-р сард Мигел Коттог шүүгчдийн шийдвэрээр буулган авснаар жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын жагсаалтыг тэргүүлэх болсон бол Филиппиний тамирчин Пакиао 6-р сард Америкийн залуу боксчин Тимоти Брэдлид шүүгчдийн шийдвэрээр ялагдсанаар, энэ жагсаалтын 2-рт эрэмбэлэгдэх болсон юм.
No comments:
Post a Comment