Алистар Оверим Сүйтгэгч хэмээх рингний нэрээ Супермэн болгож өөрчлөх гэж байгаа бололтой.
Strikeforce, DREAM (холимог тулаан) холбоодын аварга, K-1 (кикбокс) холбооны аварга буюу тулааны уг хоёр төрөлд нэгэн зэрэг аварга болж чадсан анхны бөгөөд цорын ганц тамирчин тэрээр, өөрийн энэхүү арвин цол хэргэмийн жагсаалтдаа дахин нэг сэтэр нэмэх бодолтой байгаа бөгөөд тэр нь мэргэжлийн боксын хүнд жингийн аваргын цол ажээ.
Нидерланд улсын 31 настай тамирчин маань саяхан WBC холбооны хүнд жингийн аварга Виталий Кличког халз тулаанд дуудаж, шинэ талбарт хүчээ сорихыг хүсчээ.
Виталийн дүү Владимир Кличко нь WBA холбооны супер хүнд, IBF, WBO, IBO холбоодын хүнд жингийн аварга юм.
Алистар Оверим боксын спортод өөрийгөө сорих бодлынхоо тухайд:
"Strikeforce-ын гран при тэмцээний дараа би UFC юм уу, боксд орох байх. Би үнэхээр Виталий Кличкотой нударга зөрүүлэх тухайд бодож байгаа. Ийм алхам надад хувь хүний хувьд маань яг таарна гэж бодож байна. Би үргэлж өөртөө шинэ сорил шалгуур эрэлхийлж байдаг. Би К-1 холбооны аварга болж өмнө нь хэн ч чадаагүй тэр зүйлийг хийснээс хойш ийм бодол толгойнд орж ирэх болсон. Боксд орж тэндхийн овгорыг нь зодно гэдэг юутай сайхан байх бол оо. Зохих дасгалжуулагч, бэлтгэл хангагч гэхчлэн бэлтгэлээ сайтар хангахад шаардлагатай бүх нөхцөл нь байвал би боксын рингэнд олон хүний ясыг хугалж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэж өөртөө итгэлтэй нь аргагүй ярьжээ.
mmamania.com сайтаас ишлэл авав.

No comments:
Post a Comment