2014/09/04

Ж.Нарантунгалаг: Би ялах тусам илүү даруухан болчихдог

ONE FC холбооны хагас хөнгөн жингийн шинэхэн аварга Ж.Нарантунгалагийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.




Дубай хотноо болсон холимог тулааны спортын "ONE FC"-гийн тэмцээний хөнгөн жинд тулалдсан манай тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аварга болсон билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 

- Таны оролцсон энэ удаагийн тэмцээн хэр нэр хүндтэй нь вэ?
- Холимог тулааны тэмцээн дэлхийн өнцөг булан бүрт болж байдаг. Миний дэлхийн аварга хүртсэн энэ тэмцээн бол "ONE FC" буюу тулааны спортуудын маш олон холбооны зохион байгуулдаг тэмцээнүүдээс нэр хүндээрээ эхний гуравт бичигддэг тэмцээн. Тулалдаж буй тамирчид нь хүртэл чансаагаараа тэргүүлдэг тамирчид байдаг. 

- Бусад тэмцээнээс юугаараа ялгаатай юм бэ?
- Дүрмийн хувьд хамгийн зэрлэг нь. Чансаагаараа нэгд бичигддэг "UFC"-гийн тулаанд газар унасан бол өшиглөж болохгүй, тохойлдож болохгүй зэрэг олон хориглосон дүрэм байна. Харин "ONE FC"-гийн дүрэм барилдана, өчнө, бооно, унасан тохиолдолд өшиглөхийг хүртэл зөвшөөрдөг. 

- Бараг дүрэмгүй гэсэн үг үү?
- Мэдээж хөндлөнгөөс харахад тэгж харагдах боловч ганц хоёр зүйлийг хориглодог. Нүд рүү гараа хийж болохгүй, завждахгүй, эмзэг эрхтэн рүү довтлохгүй, нурууны нугас дагаад мөн довтлохгүй байхыг дүрэмд заасан байна.

- Та энэ удаа Японы тамирчинтай тулалдаж аварга боллоо. Өрсөлдөгчтэйгөө өмнө нь ринг дээр тулалдаж байсан уу?
- Үгүй ээ. Тэмцээнд орохынхоо өмнө сайн судалсан. Багштайгаа хамт, шавь нартайгаа хамт суугаад бяцхан хурал хийгээд яаж тогловол би ялалтыг авах боломж байна гэж ярилцдаг. Өрсөлдөгчийнхөө тулааны бичлэгүүдийг үзнэ. 

- Японы тулаанчтай ямар тактик баримталж тулалдав?
- Хамгаалалтаа голлоод тоглох нь зөв гэж бодсон. Өрсөлдөгчийн хувьд баруун гарын цохилт маш сайтай тамирчин байсан. Өмнөх хоёр дэлхийн аваргыг тоглолтын үе дуусаагүй байхад л баруун гарынхаа цохилтоор цэвэр буулгаж авсан байсан. Мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг болохоор цуцсан үед нь барилдах аргаар хэзээ ч дийлэхгүй гэсэн үг. Би сүүлийн тулаануудад нэг их барилдаж тоглоогүй болохоор намайг босоо байдлаас тулаандаа сайн гэж ойлгосон юм шиг байна лээ. Тиймээс аль болох олон өөр цохилт хийж өрсөлдөгчдөө өөрийнхөө арга барилыг мэдэгдэхгүй тулалдаж ялалтыг гартаа авсан даа.

Хүндлэл

- Рингэнд ялалт байгуулах мөчид ямар мэдрэмж төрөв?
- Би ялах тусам дотогшоо баярлаж илүү даруухан болчихдог. Нэг тийм тайван мэдрэмж төрдөг. 

- Тулааны тамирчдыг харж байхад ялалт байгуулчхаад хашхичиж, цээжээ дэлдэж их л сүржин харагддаг ш дээ?
- Тариан түрүү өндөр ургах тусам бөхийдөг гэсэн үг байдаг. Энэ үгийн цаадах философийг би амьдралдаа их баримталж явдаг хүн. Тулааны спортоор хичээллээд мөн чанарыг нь ойлгосон хүмүүс хэзээ ч тийм бардам зан гаргадаггүй. Харин ч улам л даруухан, намба суудаг гэх үү дээ. Тэгээд ч би тэмцээнд ялчхаад Эх орныхоо нэрийг гаргалаа гээд цээжээ дэлдээд байдаггүй. Би сонирхолдоо хөтлөгдөж л тэр торон дотор тулалдахаар орж байгаа шүү дээ. Хэн ч намайг Эх орныхоо нэрийг гаргаад ир гэж хүчлээгүй. Миний үзүүлсэн амжилт, аз жаргал надад л наалдана. Би тэнд аварга боллоо гээд энд монголчуудын нэгнийх нь ч амьдралд наалдахгүй шүү дээ. Нэг бодлын амиа хичээсэн юм шиг санагдах боловч үнэндээ би өөрийнхөө дуртай ажлыг л хийгээд явж байгаа юм. Харин намайг ялалт байгуулахад үзэгчид "Хөөе, монгол оо" гээд баяр хүргэхэд би омогшдог. Ринг дээр гарахад Жадамба гээд эцгийн маань нэрийг дуудахад баярладаг. Эх орон, эцгийнхээ ачийг бага ч гэсэн дуурьсгаж баярлуулж, ийм сайхан нутаг усанд төрснөөрөө бахархдаг. Тэрнээс биш би Монголынхоо нэрийг гаргачихлаа гээд таахалзах дургүй. Бас ялалт болгоныхоо дараа заавал гурван удаа уухай дууддаг.   

- Яагаад?
- Би тулааныг эр зоригийн илэрхийлэл, бэлгэ тэмдэг гэж боддог. Тиймээс л энэ спортод дурлаж хичээллэсэн. Манай өвөг дээдэс, тэр мундаг дайчин баатрууд тулалдаж л Эх орноо бий болгосон агуу хүмүүс. Энэ утгаараа монгол эр хүн болгон одоо ч агуу хэвээрээ байгаа гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг хэрэг л дээ. Ингэж бодож ялалт бүртээ заавал гурван удаа уухайлдаг. 

Уухай! Уухай! Уухай!

- Сая тулааны үед нүдээ гэмтээчихсэн юм уу? Оёо тавьсан харагдаж байна?
- Зүүн нүдний дээд зовхи задарчхаад хэдэн оёо тавиулсан. Өрсөлдөгчөө маш сайн судалсан учраас бэртэл гайгүй байлаа. Өнгөрсөн жил би Малайзад болсон тулааны үеэр хөлөө хугалсан. Харин нэг жилийн дараа сайхан эдгээд сая амжилт гаргалаа. Ер нь бэртэх гэмтэх энүүхэнд л дээ. 

- Ер нь тулааны үед амь насаа ч алдаж магадгүй учраас тулааны үеэр сэтгэлзүйн хувьд хүнд байдаг байх даа?
- Тэгэлгүй яах вэ. Бусад спортынхон "Ялагдчихвал яана аа" гэж өөрийнхөө болон улсынхаа нэр хүндийг бодож өрсөлддөг. Харин бид ялагдах, ямар цохилт ирж амиа алдах бол гэсэн давхар айдастай байдаг. Гэхдээ тэр айдсын ард гарна гэдэг бидний хувьд хамгийн том кайф. Тулааны үед ямар ч явдал тохиолдож болно шүү дээ. Ер нь анх тулааны талбарт гарахын өмнө "Амиа алдахыг үгүйсгэхгүй, зөвшөөрч байна" гэсэн утгатай гарын үсэг зурдаг байсан бол сүүлийн үед тулаанд амиа алдсан тохиолдолд миний өв хөрөнгийг бараг тийм хүнд өвлүүлнэ, эсвэл гээд маш олон сонголттой гэрээнд гарын үсэг зурдаг болсон байна шүү дээ (инээв). 

- Тэгэхээр Таны ярьсан дүрэм нь хүртэл зэрлэг тал руугаа давамгайлж байна гэсэн үг үү?
- Тулаан л бол тулаан байх ёстой. Гэтэл хэт дүрэм хөөгөөд байхаар тамирчид нь хүртэл сүүлийн үед бааштай болчихсон. Тулалдахгүй, жаахан хүчтэй цохиод л газар гараараа тулчхаад өшиглөж болдоггүй. Өшиглөхөөр унасан байхад нь хөл эрүүнээс дээш гарлаа гээд тулаанаас хасах гээд байдаг. Тулаанчид хүртэл ийм нялцгар болчихвол үзэгчдэд ч тэр юу нь сонин байх вэ дээ. Эрчүүд эр хүн шиг л ринг дээр сайхан тулалдах хэрэгтэй. 

- Тулааны тамирчид зарим нь бүр зодоондоо улайраад дээр дурдсан шиг нүд хатгах, завждах үзэгдэл бол бас их биз? Та ч гэсэн тулаандаа улайраад өрсөлдөгчөө уначхаад байхад дайрах тохиолдол гардаг уу?
- Маш их. Шинэ залуу тамирчдын хувьд ихэнхдээ сэтгэл хөдлөлөө барихад хэцүү. Үнэхээр рингэнд гарахад сэтгэл хөөрөхгүй байхын ч аргагүй. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал гээд. Гэхдээ сэтгэлзүйн бэлтгэл, сэтгэл хөдлөлөө барих бясалгал хийж өөрийгөө хянаад сурчихсан хүн бол нэг их хөөрцөглөөд байдаггүй. Тулаандаа төвлөрч, алхам бүрээ хянаж чаддаг. 2012 онд Хонконгт "Legend FC"-гийн бүсийг эзэмшиж байхдаа бүсээ хамгаалах тулааныг Солонгосын "Korean Bulldozer" хочтой тамирчинтай хийсэн юм. Тэгсэн над руу дайрч миний боолтод орчхоод цэвэр ялагдах гээд ирэнгүүтээ гараараа нүд рүү хатгаад, нөгөө гараараа завждаад болдоггүй. Тухайн үед шүүгч харсан болохоор тулааныг зогсоож байсан. Дараа нь тэр тулаанчийн ярилцлагыг телевизээр үзэж байсан чинь цэвэр ялагдах гээд байсан болохоор хориотой мэх хийгээд тэмцээнээс шууд хасагдсан нь дээр гэж бодсон гээд ярьж байсан. Тэр өөрөө ер нь их авир муутай тамирчин санагдсан. Ер нь тулааны урлаг хүндэтгэлээр эхэлж, хүндэтгэлээр дуусах ёстой. Үндэсний бөхөд зодолдлоо, жудаггүй гэж үзэгчид шүүмжилдэг шүү дээ. Яг үүнтэй адил тулалдаж байж учиргүй улайраад байвал тэмцээн ч нэр хүндээ алдана шүү дээ. Тиймээс тулаанчид нэг нэгийгээ их хүндэтгэдэг. Бид чинь ер нь энгийн үедээ ч хэн нэгэнтэй аль болох гар зөрүүлэхгүй, хэл амнаас хол байхыг хичээдэг болчихдог. 

Ж.Нарантунгалаг Солонгос Бульдозерыг буулган авч байгаа нь

- Таныг дэлхийн тулааны спортод "Чингисийн цавчилт" гэж хочилдог юм билээ. Энэ ямар цохилт вэ?
- Би холимог тулааны спортоор хичээллэхээсээ өмнө каратэ, жудогоор барилдаж байсан. 1990 онд Отгонбаяр гээд багшаар акробат заалгаж байсан юм. Акробатын ургшаа сэлэлтийг жудогийн уналттай холиод, хайчилсан хөлөө хайчилж солбиод уналттай өшиглөж болох юм байна гэж бодоод бэлдсэн. Хайчилж өрсөлдөгчийнхөө толгой руу өсгийгөөрөө өшиглөдөг юм л даа. Тэгээд кикбоксын нэг төрлийн тэмцээнд 2004 онд тоглоод тэр өшиглөлтийг хийгээд ялж байсан. Японд болсон тэмцээн л дээ. Тэгээд япончууд энэ ямар өшиглөлт вэ гэхэд нь л Асашёрюү аварга омогшоод "Чингисийн цавчилт" гээд хэлчихсэн юм билээ.

"Чингисийн цавчилт"

- Аав тань бас бокс сонирхдог хүн байсан гэсэн?
- Миний эцэг Жадамбаа залуудаа бокс их сонирхдог хүн байсан. Дархандаа "Солгой" Жааяа гэж хочтой байсан гэсэн. Намайг зургаадуугаар ангид байхад өөд болсон. Ээж болохоор Булган аймгийн Бугат сумын уугуул. Аав, ээж хоёр Эрдэнэтийг үүсгэн байгуулахад л анх танилцсан гэсэн. Аав маань байсан бол одоо жинхэнэ миний фанат байхгүй юу (санаа алдав). 

- Одоо Та хүүхдээ өөрийнхөө зам мөрөөр яваасай гэж бэлдэж байна уу?
- Үгүй ээ. Манай эхнэрийг Сэржав гэдэг. Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү том нь 14 настай. Хэзээ ч тулааны спортын тамирчин болгохгүй гэж бодож байгаа.

- Яагаад тэр вэ, эцэг болгон л хүүгээ өөрийгөө дуурайгаасай гэж битүүхэн хүсдэг юм шиг санагддаг. 
- Эрүүл чийрэг биетэй болох талаас нь бол хичээллүүлнэ. Тариан түрүү өндөр ургах тусам бөхийдөг гэдэг үгийг зүрх сэтгэлд нь ойлгуулах болно. Тэгж байж миний хүү бусдыг хүндэлдэг, хүлээцтэй, зөөлөн сэтгэлтэй хүн болно шүү дээ. Тэрнээс тамирчин болгохгүй гэж бодож байна. Хүнд замыг туулна шүү дээ. Гэхдээ би тамирчин болгоно гэвэл болчих юм биш шүү дээ. Манай Арай Жүничи багш хэлдэг. Хүсэл л байвал зорьсон зүйлдээ амжилт гаргаж чадна гэж. Хүсэл байвал тэр хүүхэд уйгагүй, тэвчээртэй, хүлээцтэй бэлтгэл сургуулилалт тасралтгүй хийж байж амжилт гаргана. Тэрнээс ганц авьяас байгаад болчихдог юм биш. Би шавь нартаа ч гэсэн энэ үгийг захидаг. 

Р.Отгонтулга, Ж.Нарантунгалаг, Арай Жүничи, Д.Батгэрэл

- Таны хувьд энэ олон тулаанаас хамгийн үнэ цэнэтэй тулаан гэвэл?
- Би хамгийн анх 1993 онд житкундо гэдэг ойрын зайн халз тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Тэгээд 1994 оноос кёкушинкай каратэгаар хичээллэдэг болсон. Кукушинкай каратэгийн улсын гурван удаагийн аварга болж байлаа. 2000 онд Азийн аваргад оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэр тулаанд ороход миний баруун хөлийн шилбэ гэмтэлтэй байсан. Тэгсэн эхний тоглолтод хавиргаа хугалуулаад, дараа нь нөгөө хавиргаа хугалуулчихсан. Гэсэн ч тулаанаа үргэлжлүүлж алтын төлөө тулалдахад бараг амьсгаа авахад ч хүнд болсон байсан. Ингээд ялагдаж мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ тулаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч гардаггүй, хамгийн үнэтэй тулаан гэж боддог. 

- Таны багш япон хүн гэсэн байх аа?
- Тийм ээ. "Жайка"-гийн шугамаар 1996 оноос хойш Монголд амьдарч байгаа Арай Жүничи гээд хүн бий. Багшдаа 2007 онд шавиар орсон. Манай багш өмнө нь холимог тулааны тамирчин байсан юм билээ. Багш маань миний өрсөлдөгч бүрийг маш сайн судалдаг. Тэгсний үндсэн дээр бэлтгэлийг маань базаадаг. Багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.


Эх сурвалж: Өдрийн сонин (2014.09.03-ны лхагва гаргийн дугаар).

1 comment:

  1. Нарантунгалагдаа эрүүл энх сайн сайхныг хүсье. Монголын маань бахархал болсон тулаанч даа. Сэтгэлзүй маш сайтай тулаанч гэж боддог доо

    ReplyDelete