2014/04/01

Шуурхай мэдээ! Мэнни Пакиао ММА-д орж тулалдах болло!

Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын нэг хэмээн тооцогддог, Филиппин улсын 35 настай тамирчин Мэнни Пакиао холимог тулааны спортод хөл тавьж байгаа тухай BoxingScene сайт мэдээллээ. Пакиао гурван жилийн өмнөөс ММА тэмцээнүүдийг шимтэн үздэг болсон, харин жилийн өмнөөс бэлтгэлдээ партерийн барилдаан, тохойлдох, өвдөглөх, өшиглөх зэрэг ММА элементүүдийг бага багаар оруулах болсон байна. Тэрээр холимог тулаанд хүч сорих хүсэл сонирхлоо өдийг хүртэл нууцалж, энэ тухай зөвхөн дасгалжуулагч Фрэдди Роучдаа хэлж байжээ. Гэвч сүүлийн үед ММА дасгал сургуулилалт хийх болсныг нь анзаарч харсан клубийнхэн тамирчид гар утсаараа сэмхэн зургийг нь дарж олны хүртээл болгосноор энэ нууц задарлаа.

Мэнни Пакиао үсэрч өвдөглөх дасгал хийж байгаа нь

BoxinScene.com-ын сурвалжлагч энэ талаар Фрэдди Роучаас тодруулахад, "Мэнни Пакиао 4 дүгээр сарын 12-нд Тимоти Брэдлитэй уулзаж даага нэхнэ. Хэрвээ түүнийг ялбал шууд Флойд Мэйведертэй тулаан зохион байгуулах хэлэлцээрийг эхлүүлнэ. Хэлэлцээр амжилтгүй болбол Пакиаог энэ онд багтааж ММА тэмцээнд оруулна. Пакиао өөрийгөө хэн болохыг хэдийнээ харуулсан тамирчин, дараагийн тулаандаа тэр Мэйведертэй л уулзахгүй юм бол түүнд мэргэжлийн боксод өөр хэнийг ч болов ялж, өөр юу ч болов нотлох шаардлага үлдсэнгүй. Холимог тулаанд орж өрсөлдөх тухай одоо ярих нь жаахан эрт байгаа ч гэлээ бидэнд хэд хэдэн ММА холбооноос санал ирүүлээд байгааг дуулгачихъя. Бид тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар судалж байгаад хамгийн ашигтай, зөв гэсэн хувилбарыг сонгох болно" гэж хэлжээ.

Мэргэжлийн боксын өндөр зэрэглэлийн тамирчдаас IBF холбооны гурван өөр жингийн аварга асан Жеймс Тони, мөн WBA, WBC холбоодын хагас дунд жингийн аварга асан Рикардо Майорга нар холимог тулаад орж хүчээ сорьсон ч амжилт олж чадаагүй билээ. Боксоос холимог тулааны спорт руу орж байлдан дагуулалт хийхээр оролдогсдын цуваа Пакмэнээр үргэлжлэх бололтой. Өнөө цагийн хамгийн шилдэг тамирчдын нэг Мэнни Пакиао ямар ч шийдвэр гаргасан бай, түүнд спортын замнал нь амжилт ололтоор дүүрэн байхыг хүсэн ерөөе!


P.S. Мөн Таны амьдрал ч гэсэн амжилт ололтоор дүүрэн байх болтугай! Инээдмийн баярын мэнд хүргэе! 

1 comment:

  1. Holimog tulaand orwol barildaanl hetuudeh bhda nugu tulaldaj bga tamirchd pacquiao Submissionoorl buulgaj awhiig orldon biz jindee zohiltsood bol hetsuuhen shude Pacquiao toi bol

    ReplyDelete