K-1 World MAX тэмцээний хошой аварга Тайланд улсын кик болон тай боксын домогт тамирчин Буакав Пор. Прамук албан ёсоор зодог тайлсан тухай BloodyElbow.com мэдээллээ.
Буакав нь Пор. Прамук клубынхаа нэрээр овоглож тэмцээнд оролцдог байсан бөгөөд клуб нь Буакавыг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур тэмцээнд оруулж, тулаанаас олох орлогын ихэнх хувийг авдаг байжээ. Энэ зөрчилдөөнөөс болж Буакав клубаа өнгөрөгч 3-р сард орхиж, Буакав Банчамек гэдэг өөрийнхөө жинхэнэ нэрээр тэмцээнд оролцох болжээ. Гэвч Пор. Прамук клубын удирдлага орлогынх нь эх үүсвэр болсон шилдэг тамирчнаа алдсантай эвлэрэхийг үл хүсч, шүүхэд зарга үүсгэжээ. Хуучин клубтайгаа цаашид заргалдахаас халширсан Буакав зодог тайлахаар шийдсэн байна.
Буакав Банчамек нь Тайландын зүүн хойд хэсэгт орших төрөлх Сурин хотод тай боксын карьераа 8 настайдаа эхэлж, мэргэжлийн тай, кикбоксын дүрмээр нийт 236 удаа тулалдаж, 203 ялж (51-ийг нь нокаутаар), 21 ялагдаж, 12 тэнцсэн хувийн амжилттайгаар 30 насандаа ийнхүү их спортыг орхилоо.
No comments:
Post a Comment