Холимог тулааны Оросын хамгийн том компани болох M-1 Global-ын захирал бөгөөд Фёдор Емельяненкогийн менежер Вадим Финкельштейн М-1 гэдэг брэндийнхээ нэрийг ММА-1 болгож өөрчилжээ. Тэрээр чухам ямар учраас ингэх болсон шалтгааныг холбооныхоо албан ёсны mixfight.ru сайтаар дамжуулж дараах хариултыг өгчээ.
— Сайн байна уу, Вадим? 3-р сарын 16-нд болсон хэвлэлийн бага хурал дээр ММА-1 гэдэг шинэ брэнд бий болсон тухай зарлагдсан. Энэ тухай тайлбарлахгүй юу, яагаад ийм шийдвэр гаргах болов оо?
— Ингэж нэрээ өөрчлөх нь маш том ач холбогдолтой. Манай спорт улам бүр тархан дэлгэрч байгаа энэ үед бид спортынхоо нэрний хувьд дэлхий нийтээр нэг мөр ойлголттой болох шаардлага гарч ирээд байна. Бразил, Хятад, Америк, Европ гээд газар сайгүй ММА буюу Mixed Martial Arts (холимог тулааны урлаг) гэж юу болохыг сайн мэддэг болж. М-1 нь Mixfight-1 гэсний товчлол юм. Гэтэл холимог тулааны урлагийг манайхаас өөр нэг ч улсад миксфайт гэдэггүй. Тиймээс бид илүү зөв нэр томъёог ашиглахаар ингэж шийдсэн юм.
— Нэрэнд байгаа нэгийн тоо юуг илэрхийлдэг юм?
— "ММА" гэдэг нэр томъёог бид брэндээ болгож ашиглах боломжгүй юм л даа. Учир нь ММА гэдэг нь манай энэ спортын дэлхий нийтээр хэрэглэдэг нэр нь юм. Харин ММА-1 гэвэл бид брэнд буюу худалдааны тэмдэгт болгож бүртгүүлээд эзэмших боломжтой болох юм. Ер нь "ММА" гэдэг нэр томъёонд янз бүрийн үсэг нэмж залгаад, олон байгууллага брэндээ болгож ашигладаг л даа. Бид ч гэсэн брэндээ тодорхойлж тунхаглах хэрэгтэй байна. Манайх бол Орос улсад холимог тулааныг хөгжүүлж эхэлсэн анхны байгууллагуудын нэг, тиймээс нэгийн тоог сонгож авсан юм.
— Нэр өөрчлөгдсөнөөр байгууллагын стратеги, бодлого, үзэл баримтлал болон бэлгэдэл зэрэгт өөрчлөлт орох уу?
— Багийн бүрэлдэхүүн хэвээрээ байна, хуучин хэвээрээ л холимог тулааныг хөгжүүлж, дэлгэрүүлэх чиглэлд ажиллана. Гэхдээ зарим нэг зүйлийг өөрчлөхийг үгүйсгэхгүй. Бид энэ чиглэлд эхний алхмаа хийж нэрээ өөрчиллөө шүү дээ. Манай спортыг сонирхогчдын дунд буруу ташаа ойлголт үгүй болоосой гэж бид хүсдэг. ММА-ыг өнөөдөр янз бүрээр хэлдэг: миксфайт, панкратион, фрифайт, дүрэмгүй зодоон гээд л... Эдгээр нэршил цөм буруу юм. Бид ойрын хугацаанд холимог тулааны урлагийг спортын төрөл болгож бүртгүүлэхээр ажиллаж байна.

No comments:
Post a Comment