Өнгөрөгч UFC 144 тэмцээний гол тулаанд таван үеийн турш эн тэнцүү тулалдсаны эцэст Бен Хэндерсонд хөнгөн жингийн цолоо алдсан Фрэнки Эдгард, UFC холбооны тэргүүн Дана Уайт хөнгөн жингээс (70 кг) бууж хагас хөнгөн (66кг) жинд өрсөлдөхийг санал болгоход, экс аварга маань үүнийг нь хүлээж авахгүй, харин Хэндерсонгоос даруй даага нэхэх хүсэлтэй буйгаа MMAFighting.com сайтад өгсөн ярилцлагадаа хэллээ.
"Даага нэхэх хэд хэдэн шалтгаан байна. UFC-д олон сайн тамирчин бий л дээ, гэхдээ би бол даруй даага нэхэх эрхтэй гэж бодож байна. Эдийн засгийн хувьд надад UFC-ийнхэн их хөрөнгө зарсан. Би хөнгөн жингийн бүсийг хоёр жил эзэмшлээ. Тийм учраас надад ч, UFC-д ч энэ тулаан ашигтай юм. Тиймээс энэ тулааныг зохион байгуулъя л даа. ... Би 70 кг-ын жиндээ үлдэнэ ээ. Би энэ ангилалдаа байж, алдсан бүсээ эргүүлж авмаар байна. ... Миний хүсч байгаа зүйл бол даага нэхэх л тулаан. Ингэх нь зөв гэж бодож байна. Бений тухай юм уу, цол горилох эрх бүхий залуусын тухайд муу юм яримааргүй байна, гэхдээ л би өөрийгөө даага нэхэх эрхийг авах гавъяатай хүн гэж бодож байна."
Дашрамд дуулгахад, Фрэнки Эдгар нь хөнгөн жиндээ хамгийн жижиг биетэй тамирчин бөгөөд тэмцээнд бэлтгэхдээ бараг жин хасдаггүй юм. Дана Уайт түүнийг аль эртнээс доод жингийн ангилалд оруулж, хагас хөнгөн жингийн хаан Бразилийн тамирчин Хосе Алдотой тулалдуулах бодолтой байгаа юм.

No comments:
Post a Comment