2011/12/31

Брок Леснар зодог тайллаа

Өнөөдөр болж өнгөрсөн UFC 141 тэмцээний гол тулаанд, Алистар Оверимын гараас ялагдал хүлээсэн UFC холбооны хүнд жингийн аварга асан Америк улсын 35 настай тамирчин Брок Леснар зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.


"Алистар Оверимын өмнө малгайгаа тайлан мэхийе. Түүнчлэн миний бүх бэлтгэл хангагчид, миний эхнэр болон бүх гэр бүлийнхнийхээ өмнө малгайгаа тайлан ёслоё. Би сүүлийн хоёр жил өвчнөөсөө болж үнэхээр их шаналлаа. Энэ үдэш та бүхэн намайг найман өнцөгтөд тулалдахыг сүүлчийн удаа үзсэн гэдгийг албан ёсоор зарлаж байна.

Та бүхэнд бүгдэд нь талархлаа илэрхийлье. Ах дүү Фертита, Дана Уайт нарт баярлалаа. Брок Леснар албан ёсоор зодог тайлж байна. Би эхнэр, хүүхдүүдэдээ амласан юм... хэрэв өнөөдөр ялбал аваргын цол горилох эрх авах байсан, тэгээд тэр тулаан маань сүүлийнх байх болно гэж. Би аваргын цолны төлөө тулалдах эрх олж авсангүй, тиймээс үүгээр өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа. Алистар аа, сайхан байлаа."

Брок Леснар UFC-ийн хүнд жингийн аваргын бүсээ Фрэнк Мир, Шейн Карвин нарыг ялж хоёронтоо хамгаалаад, 2010.10.23-нд Кейн Веласкест ялагдан алдсан юм. 2009 оны 11-р сард илэрсэн бүдүүн гэдэсний шархлаа үүсгэдэг дивертикулит гэдэг өвчин нь түүнийг өнөөдрийн тэмцээнийг хүртэл жил гаруй хугацаанд тулаанаас ангид байхад хүргэсэн нь формоо алдахад нөлөөлсөн нь лавтай. Тэрээр ММА дүрмээр 8 тулалдаж, 5 ялж, 3 ялагдсан үзүүлэлттэй ийнхүү холимог тулааны спортыг орхилоо.

No comments:

Post a Comment