- Кейн Таныг гайхшруулж чадав уу?
- Үгүй. Кейн намайг их өшиглөж, унагаах гэж оролдох байх гэж бодож байсан болохоор бэлэн байсан. Би түүнийг цочоож, боксын техникээ ашиглахын тулд аль болох зай барихыг хичээсэн, Бурхны ивээлээр бүх юм сайхан боллоо.
- Тулааны өмнө өвдөг Тань зовиурласан уу (Цыган тулааны өмнөхөн бэлтгэлийн үеэр тойгоо гэмтээсэн юм. Орчуулагчийн тодр.)?
- Яг одоо өвдөж байгаа шигээ 10-аад хоног өвдсөн, гэхдээ зүгээр ээ, даваад л гарлаа.
- Үзэгчид Таныг тааламжгүй хүлээж авсан, тэр үед ямаршуу байв аа?
- Үнэндээ, би тэднийг тоогоочгүй. Миний нэрийг дуудаж, намайг дэмжиж байсан тэр хүмүүс л сонсогдож байсан.
- UFC-ийн хүнд жингийн шинэ аварга байх ямархуу юм бэ, Та хуваалцаач...
- Үгээр илэрхийлэхийн аргагүй. Би үнэхээр жаргалтай байна. Ёстой ер бусын мэдрэмж... Нэг бодлын тайвшрал ч юм шиг, нөгөөтэйгүүр хөөрөөд ч байгаа юм шиг байна. Бурхны ачаар намайг гайхалтай хүмүүс түшиж явдаг, өнөөдөр бидэнд байгаа бүхнийг бид хөдөлмөрөөрөө олж авсан, бид бүгд: би, миний гэр бүл болоод намайг дэмжсэн бүх бразилчууд.
- Тулааныг Globo TV-ээр хүртэл цацсан гэж бодохлоор ямар байна? (Бразилд төвтэй дэлхийн 4 дэх том телесүлжээ. Орчуулагчийн тодр.)
- Галвао Буэно гуай миний нэрийг дуудаж байгаа нь нүдэнд харагдаж байна шүү. Шууд нэвтрүүлгээр Бразилийн анхны нокаут үзүүлсэн юм байна ш дээ (инээв). Энэ бүхэн сайхан байсан гэж бодож байна. Манай спорт хөгжлийн шинэ шатанд гараад байгаа энэ үед би түүний нэг хэсэг нь болоод явж байгаадаа туйлын их баяртай байна.
- Та ааль жилийн өмнө цол горилох байсан, гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн Танд зөвхөн сайнаар л эргэлээ. Та The Ultimate Fighter шоунд баг дасгалжуулсан, Бразилийн хамгийн том телевизээр шууд гарлаа, тавхан жилийн өмнөөөс л тулалдаж эхлээд, одоо гэхэд энэ том бүсний эзэн нь болчихсон байдаг. Та диваажинд очсон юм шиг сайхан байгаа байх...
- Намайг Бурхан Тэнгэр ивээсэн, нээрээ шүү, Бурхан, бас Гэгээн Мариа намайг ивээсэн. Мариа Дарь-Эх тэнд миний дэргэд байж намайг хамгаалсан, Бурхан Тэнгэр гайхамшигтай юм. Сүүлийн энэ тулааны өмнө, би тэнд гарч очоод яах бол оо гэж дотроо нэлээд түгшсэн, Бурхны ивээлээр бүх юм сайхан болж өнгөрлөө, үнэхээр гайхалтай. Би Кейнийг онож цохиход, түүнийг унаж байхыг нь харсан, тэгээд байна аа, түүнийг ядах юмгүй гүйцээсэн. Дэвжээний шүүгч тулааныг зогсоох хүртэл надад тэрхүү хурц мэдрэмж мэдрэгдсээр байсан юм.
- Ирэх 1-р сард UFC дахин Бразилд зохиогдох гэж байгаа, Та түүнд оролцох уу?
- Үгүй л болоюв уу, гэвч би чин сэтгэлээсээ Бразилд тулалдмаар байна. Дана (Уайт)-гийн хэлснээр, Бразилд UFC-ийн олон тэмцээн зохиогдох юм. Тийм болохоор, аваргын цолоо хамгаалах эхний тулааныг Бразилдаа хиймээр байна.
- Цол горилогчоор (Алистар) Оверим, (Брок) Леснар хоёрын ялсан нь тодорно. Одоо ярихад эрт байна л даа, гэхдээ Та энэ тулааны тухайд юу гэх вэ?
- Яг одоо бол үүний тухай бодох сэхээ ч алга. Тулааныг нь очиж үзнэ, гэхдээ хэн нь миний дараагийн өрсөлдөгч болох нь огт хамаагүй. Би хэзээ ч өрсөлдөгчөө сонгож байгаагүй, одоо ч тэгэхгүй. Хэн ч бай, хүрээд ирэг!
- Өвдөгний энэ гэмтлийг эдгээхэд хагалгаанд орох шаардлагатай юу? Яах бол?
- Харж л байя. Эмчид үзүүлж байж л шийднэ. Тулааны өмнө, өвдөг маань өвдөж зовиурлах вий гэж тун ч их айж билээ, гэвч тэгээгүй.
- Лиото (Мачида) аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаа, Бразилийн дөрөв дэх бүсний төлөө...
- Тийм ш дээ, Лиото, наад бүсээ наашаа Бразилд аваад ир!
Жүниор дос Сантос - Кейн Веласкез UFC on FOX 2011.11.12
No comments:
Post a Comment